АНУ-д цагаачилсан Монголчууд ингэж амьдарч байна

Өнгөрсөн сард Дональд Трампын засаг захиргаа АНУ-ын цагаачлалын бодлогыг шинэчлэх санал гаргаад байгаа.

Шинэ бодлого нь сугалаагаар авдаг “Ногоон карт”-ны визийг зогсоож, нарийн мэргэжлийн цагаачдыг түлхүү авах зарчим дээр тулгуурлаж байна. Өөрөөр хэлбэл гадаад орнуудаас авдаг цагаачдаа чанаржуулах бодлого барьж байгаа юм.

Тэгвэл Японы Никкэй сонин энэхүү шинэ бодлого Азийн орны цагаачдад хэрхэн нөлөөлөхийг судалжээ. Тэдний судалгаанд өгүүлснээр Азийн улс орнуудаас ногоон картаар, гэр бүлээ дагаж, дүрвэгчийн статустай ирсэн иргэд шинэ бодлогод хамгийн их нэрвэгдэхээр байгааг өгүүлсэн байна.

Ийм замаар АНУ-д цагаачлан амьдарч байгаа улс орнуудын иргэдийг харьцуулахад Бутан, Мьянмар, Монгол, Малайз, Бангладешийн иргэд ядууралд хамгийн олноор өртсөн байгаа нь харагджээ. Эдгээр орнуудын иргэдийн хамгийн багадаа дөрөвний нэг нь Америкийн стандартаар ядуурлын түвшинд амьдарч байгаа гэнэ.

Мөн эдгээр орнуудын цагаачид бусад улс орнуудын бүлэгтэй харьцуулбал дундаж насаар залуу, боловсролын түвшин муу, тухайлбал англи хэлний мэдлэг тааруу байгаа нь ядууралд өртөх гол шалтгаан болж байна гэж дүгнэжээ.

Хамгийн өндөр ядуурлын хувьтай байгаа Мьянмарын цагаачид гэхэд 2007 оноос хойш АНУ-ын хүлээж авсан 700,000 цагаачийн 23 хувийг эзэлж байгаа буюу харьцангуй залуу бүлэгт тооцогдож байна. Гэвч тэдний 35 хувь нь ядуу амьдарч байгаа ажээ.

Монголчуудын хувьд энэ хэмжээ 26 орчим хувьтай байна.

Трампын шинэ бодлого эдгээр чанар муутай цагаачдын тоог эрс багасгах юм.

Нөгөө талаас уг бодлогод хамгийн бага нэрвэгдэх, бүр үр шимийг нь илүү хүртэх цагаачдад Энэтхэг, Хятадын иргэд багтаж байна.

Нарийн мэргэжлийн хүмүүсийг гадаад орнуудаас авдаг H-1B визний бараг 75 хувийг энэ хоёр орны цагаачид авсан гэсэн 2016 оны тоо бий. Энэтхэг, Хятадын цагаачид нийлээд бусад Азийн үндэстнүүдийн бүлгээс 17 хувь бага ажилгүйдэлтэй, 15 хувь илүү орон байр өмчилсөн, өрхийн дундаж орлогоор 38 хувь илүү байгаа ажээ.

Шинэ бодлогын дагуу H-1B визээр АНУ-д ирэгсдийг нэмэгдүүлэх юм.

Эх сурвалж: Nikkei

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!