Нөхөртөө цорын ганц эмэгтэй нь гэдгээ ингэж мэдрүүлээрэй!

Би хоёр хүүхэдтэй эх хүн. Төрснөөс хойш бие маань өөрчлөгдсөнийг өдөр ирэх бүр мэдрэх боллоо. Найтаахад шээс дусагнах, үтрээ цаанаа л нэг сул болчихсон юм шиг. Нөхөртэйгөө анх танилцаж байсан үеийнх шигээ байж чадахгүй байгаагаа мэдрэх тоолонд ил дол ярьж болдоггүй энэ асуудал гэр бүлийн минь амьдралд нөлөөлөх юм биш биз гэж битүүхэндээ түгших юм.

Учир нь харамсалтай гэмээр дурсамж надад бий. Хамгийн сайн найз минь хэдэн жилийн өмнө уйлж хайлан араас нь гүйсэн эртэй гэрлэж хөөрхөн үртэй болсон ч нэг л мэдэхэд тэд салчихсан. Асуудал нь зөвхөн тогоо шанага, мөнгөний гачаалаас өөр учиртай байсан юм билээ. Төрснөөсөө хойш найз минь ор хөнжлийн ажилдаа тийм ч дуртай биш болсон гэдэг. Нөхрөө өмнөх шигээ мэдрэхээ больчихсон, бас нөхөр нь ч сэтгэл хангалуун бус болчихож.

Мэдээж, бүх эрчүүд түүн шиг төрж амаржсан эхнэрээ элдвээр өөнтөглөж, өөр болчихож гэж гомдоллодоггүй байх. Магадгүй дотроо дуугүйхэн бодол хөвөрдөж, нууцханаар өмнөх шигээ галзуу шөнүүдийг мөрөөддөг ч юм билүү. Эрчүүдийн тархинд чухам юу байгааг онцолж мэдэхгүй учраас л бүсгүйчүүд бид тэдний хувьд бүх эмэгтэйчүүдийг орлох ёстой гэж нэгний хэлснийг дахин дахин санах боллоо.

Эмэгтэйчүүд бид гоо сайханд орох дуртай хэр нь хамгийн нандин газрынхаа гоо сайханд анхаарч чадаж байна уу. Ярианы сэдвээс гадуур орхигдоод байдаг энэ зүйл үнэн хэрэгтээ гэр бүлийн амьдралын хамгийн чухал хэсэг биш гэж үү.

Эмэгтэй хүн нандин газрынхаа гоо сайхнаар нөхрөө байлдан дагуулъя гэвэл кегелийн дасгал хийж байх ёстой гэж хаанаас ч билээ уншиж байсан санагдана. Даанч ихэнх эмэгтэйчүүд энэ дасгалыг хэрхэн хийхээ мэддэггүй, хийсэн ч буруу хийвэл үр дүнгүй аж. Эмэгтэй хүний нууцлаг гоо сайхны хамгийн чухал туслагч нь уг нь энэ дасгалаас өөр шидэт эмчилгээ байхгүй гэдгийг эмч нар ч хэлдэг юм билээ.

14 хоногийн турш би тасралтгүй энэ дасгалыг хийсэн. Гэртээ хүүхдээ хараад үлддэг болохоор зав ч их. Эхний хоёр долоо хоногийн дараанаас илт өөрчлөлт мэдрэгдэж эхэлсэн.

Кегелийн дасгал гэж юу вэ?

Кегелийн дасгал нь үтрээний булчинг чангалах үүрэгтэй. Тиймээс энэ дасгалын талаар судлахаасаа өмнө бүгдээрээ өөрсдийн үтрээний булчингийн талаар мэдэх хэрэгтэй байгаа биз? Энэ булчин нь угтаа шээсний гаралтыг зохицуулж, аарцагны эрхтнүүдийг байранд нь барих зориулалттай юм. Энэ дасгалыг анх 1900-аад оны дундуур Арнольд Кегел нэртэй эмч эмэгтэйчүүдийн шээс задгайрах өвчнийг эмчлэх зорилгоор боловсруулжээ.

Гэтэл юу болсон гэж санана? Цуврал үзлэгийн үеэр эмчлүүлж байсан эмэгтэйчүүд энэ дасгал өөрсдөд нь маш гайхалтай “харш нөлөө”-г үзүүлж байгаа тухай эмчид хэлж гэнэ. “Бидний үтрээ сексийн үеэр илүү мэдрэмтгий болсон”. Цааш лавшруулан судлаад үзтэл кегелийн дасгал нь дур тавих үед оролцдог “pubococcygeal (PC)” булчинг ч бас ажиллуулдаг нь тогтоогджээ. Өөрөөр хэлвэл биднийг тэнгэр дээгүүр дүүлэн нисэх хооронд үтрээний булчингаас гадна энэ булчин агших үйлдэл үзүүлдэг аж.

Кегелийн дасгал хийснээр сунасан үтрээ чангарах уу?

Ямар ч булчинг дасгал хөдөлгөөний аргаар чангалж, хүчтэй хэвээр нь хадгалах боломжтой байдаг. Хэрэв дасгал хийхгүй бол тухайн хэсгийн булчин суларч, өсөлт хөгжил нь зогсдог. Тиймээс сексийн үеэр үтрээний мэдрэмтгий байдал алдагдах нь ихэвчлэн хэлбэр нь алдагдаж суларсан үтрээний булчингаас үүдэлтэй байдаг. Азаар, кегелийн дасгалыг өдөр бүр тогтмол хийвэл энэ асуудал арилж, бэлгийн харьцаанд орсон анхны хэдэн жилийнх шигээ мэдрэмжийг үргэлж авах боломжтой. Хэдийгээр кегел нь шууд үтрээний хэмжээг жижигсгэж, нарийсгахгүй боловч бүсэлхийнээс доогуурх хэсэгт очих цусан хангамжийг сайжруулж, булчинг нь чангалснаар үтрээ чинь илүү бариу болсон мэт мэдрэмж төрүүлж, сэрлийг улам хүчтэй хөдөлгөдөг.

Ер нь үтрээний булчин яагаад сулардаг юм?

Том эрхтэнтэй эртэй бэлгийн харьцаанд ороход сулардаг гэсэн буруу ойлголт бидэнд байдаг. Гэхдээ үтрээ нь агшиж сунахдаа хангалттай чадварлаг эрхтэн юм. Харин хүүхэд төрүүлэх, хэт их жин нэмэх, хөгшрөлт зэргээс үүдэн булчин сулрах явдал тохиолддог.

Кегелийн дасгалыг яаж хийх вэ?

Биеийн хөгжлийн бусад дасгал шиг ямар нэг багаж, төхөөрөмж ашигладаггүй учраас үүнийг хийхэд маш амархан. Эхлээд үтрээний булчингаа олж тогтоох хэрэгтэй. Үүний тулд хөнгөнөөр бие засч байхдаа шээсээ дундуур нь 2-3 таслах туршилт хийгээрэй. Яг тэгэх үед агшиж мэдрэгддэг булчин бол үтрээнийх юм. Дараа нь хэвтэж байхдаа эсвэл сууж байхдаа өнөөх булчингаа чангалах гэж оролдоод үз. Хэрвээ чиний хэвлийний, өгзөгний аль нэг булчин чангарч байвал буруу хийж байна аа гэсэн үг. Болохгүй бол нэг хуруугаа ашиглаад үзээрэй.

Үтрээний булчингаа агшаах 3 төрлийн техник байдаг

1. Чангалж суллах

Булчингаа чангалж 3 секунд бариад, 3 секунд амраа. Энэ дасгалыг нэг дор 10-15 удаа, өдөрт наад зах нь 3 удаа тогтмол хийнэ. 3 секунд тийм ч хэцүү санагдахаа болих үед тодорхой үечлэлийн дагуу, аажмаар хугацааг нь уртасгаж 10 секунд болтол нь барина.

2. Чичирхийлэх

Үтрээгээ аль болох хурдан чангалж суллах үйлдлийг 10 удаа хийнэ. Дараа нь бага зэрэг амраагаад ахин 10-аар 2 удаа хийнэ. Үүнийг хийхдээ хурдан хэмнэлтэй хөгжим сонсоорой.

3. “Мэргэжлийн түвшний” кегел

Хэрвээ дээрх хоёр дасгалыг сайн хийгээд сурчихсан бол одоо үтрээнийхээ булчинг тэр чигт нь агшааж, ханыг нь хооронд нь шүргэлцүүлэн хумих гэж хичээгээрэй. Яг л үтрээндээ хэсэг газрын усыг бүхэлд нь сорж авахаар оролдож байгаа юм шиг. Дараа нь өнөөх усаа тэр чигт нь гаргаж байна гэж төсөөлөөд булчингаа хүчтэй сулла.

Дээрх гурван дасгалыг гурвууланг нь өдөрт 10-аас дээш удаа хийж байж үр дүн нь мэдэгдэнэ. Кегелийн тухай яримагц нүдээ эргэлдүүлж “Нөлөөлдөггүй л юм билээ ш дээ” гэж хэлдэг бүсгүйчүүд ихэвчлэн тууштай, тогтмол хийж үзэлгүй 1-2 долоо хоног л туршиж үзээд хаясан байдаг. Энэ дасгалыг удаан хийх тусам л үр дүнгээ сайн өгч, нэг хурууг ч чанга “атгаж” чадах хүчирхэг, бариу үтрээтэй болно. Тиймээс кегелийн дасгалыг амьдралынхаа хэв маягийн нэг хэсэг болгохоор хичээгээрэй. Өглөө сэрээд, орой унтахынхаа өмнө, утсаар ярьж байхдаа, хурал дээр сууж байхдаа, шүдээ угааж байхдаа гэх мэт хийдэг тогтмол хуваарьтай болго. Хамгийн гол нь “юу ч болоогүй юм шиг” инээмсэглэхээ мартав аа. Анзаарга сайтай хүмүүс чиний юу хийгээд байгааг гадарлачихаж магадгүй.

Энэ чинь зөвхөн секс хийхэд л хэрэгтэй дасгал хэрэг үү?

Зөвхөн сексийн зорилгоор биш, шээс задгайрах, дусагнах өвчнийг анагаахад ч бас энэ дасгал хэрэгтэй. Мөн стрессийг бууруулах, шээс хоорондын зайг холдуулах зорилгоор ч хийж болно. Эрэгтэйчүүд хүртэл кегелийн дасгал хийх хэрэгтэй гээч?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!