Таны ханиад эдгэхгүй удаж, дахиад л ханиад хүрээд байна уу? Ханиадыг дарах хамгийн сайн эм бол…

Цаг агаар хүйтрэхийн хэрээр зурагтаар сурталчлах ханиад томууны эсрэг эмийн тоо тамтаггүй болжээ. Сироп, таблеткан, хүлхдэг гээд л… Тэдгээр сурталчилгааны доод хэсэгт жижигхээн бичгээр “Хэрэглэхийн өмнө эмийн заавартай танилцана уу” гэсэн бичиг гарна.

Тэгээд л үзэгч түмэн маань дэлгүүрээс талх авахтай л адилаар ханиадны тэдгээр сүлжээний эмийг эмийн сангуудаас авах шиг болно доо. Тэгэхээр өвөл болохоор ханиад томууны эмийн бизнес ид цэцэглэдэг гэж ойлгож болох юм. Өөрөөр хэлбэл, энэ нь эмчийн зааваргүйгээр хэрэглэх эмийн замбараагүй хэрэглээг дугтраад өгч байна гэхэд ч буруутахааргүй болж.

Гэтэл эм гэдэг химийн бодис гэдгийг бид хамгийн түрүүнд бодох ёстой. Эмийн тунг тааруулбал эмчилгээ болдог бол тун нь ихэдвэл хор, харшил, хэчнээн харамсаад барахааргүй үр нөлөөг бий болгож мэдэх юм. Тиймээс эмийг хэрэглэхийн өмнө заавал эмчийн заавраар, үгүй ядахдаа л түргэн тусламжаас лавлах, эрүүл мэндийн лавлах руу утас цохиход гарнаас гар уначихгүй шүү дээ.

Ялангуяа, хүйтрэхээр хотод агаарын бохирдол улам нэмэгдэж, ханиад томуу нь эдгэрсэн хүүхдүүд дахиад л ханиад хүрэх, эдгэхгүй удах зэрэг зовиур их. Ингээд л дахиад л эмний хэрэглээгээр “бөмбөгдүүлнэ” дээ. Утаа тортог, машины угаарт хоолойгоо хорсгож, уушгиа өдөр бүр хордуулж байгаа учраас нийслэлчүүдийн хувьд өвлийн улиралд ханиаднаас сална гэдэг бүтэшгүй үлгэр.

Нялх, нярай гэлтгүй, хүүхэд хөгшид ч ялгалгүй тэдэнд хамгийн сайн эмчилгээ уг нь цэвэр агаар. Уушгийг цэвэр агаар өөрөө “угаадаг” гэдгийг эмч нар ч хэлдэг. Цэвэр агаарт амьдарсан хүүхэд өвдөх нь бага, өвдсөн ч хамаагүй хөнгөн, хурдан эдгэдэг аж. Тийм болохоор эрүүл мэндээ бодож долоо хоногтоо ядаж ганц удаа ч болов агаар салхитай газар гэр бүлээрээ амарч, тухлах нь эрүүл мэнддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү. Цэвэр агаар бол ямар ч эмтэй харьцуулшгүй үр дүнтэй эмчилгээ юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!