Тариа, суулгацыг хэрэглэсний дараа жирэмслэх явц удаашрах талтай байдаг. Анхаараарай охид бүсгүйчүүдээ!

Жирэмсний хяналтанд эрт орохын давуу талуудын талаар эмэгтэйчүүдийн их эмч Б.Дөлгөөнхэрлэнтэй ярилцлаа.

-Жирэмсэн эхчүүд маань эмчийн хяналтанд эрт орсноор ямар үр ашигтай байдаг талаар ярилцлагаа эхэлье.

-Эмэгтэйчүүд жирэмсэн болсон бол хяналтандаа эхний гурван сардаа багтаж орвол үр дүн сайтай. Жирэмсний тээлт ч маш сайн явагддаг. Яагаад гэвэл ураг болон жирэмсэн эхэд гарах хүндрэлээс 80-90 хувь урьдчилан сэргийлдэг хамгийн чухал нөлөөтэй юм. Мөн цаг тухайд авах ёстой амин дэмүүд болон шинжилгээ, үзлэгүүдийг бүрэн дүүрэн авснаар эмэгтэйчүүд маань эрүүл саруул төрж амаржина шүү дээ.

-Тэгвэл хяналтандаа хожуу орох, эсвэл бүр хяналтанд орохгүй байх нь эсрэгээрээ бүр муу байх нь ээ?

-Тэгэлгүй яахав. Ядаж л тухайн ургийн өсөлт, хөгжилт хоцорсон байж болзошгүй, урагт ямар нэгэн эмгэг, гажиг үүсэн байж болно шүү дээ. Ийм байхад нь мэдээгүй явсаар хяналтандаа хожуу орчихвол тэр хүндрэлүүдээс сэргийлж чадахгүй. Улмаар ургийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлчихвэл тухайн эхэд ямар хүндрэлүүд гарах вэ гэдэг маш том асуудал.

Нэгдүгээрт, ургийн хөгжлийн гажигтай хүүхэд төрүүлснээр эдийн засгаараа маш их хохиролд орно.

Хоёрдугаарт, тухайн хүүхэд аюултай гажиг хөгжилтэй төрчихвөл амь насаа ч алдаж болно.

Гуравдугаарт, жирэмсэн эх маань өөрийнхөө ч амийг алдаж болзошгүй. Тиймээс хөл хүнд эхчүүд хяналтандаа эрт орж, хяналтын хугацаандаа эмчийн зөвлөгөөг дагаж чадвал өөрөө ч эрүүл саруул байж, хүүхэд нь ч эрүүл саруул төрнө. Ялангуяа, эмэгтэйчүүд маань жирэмслэхээсээ өмнө биеэ эрүүлжүүлчихээд хүүхэд тээвэл эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг зарчим жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэсэн үг.

-Яг энэ сэдвээр асуумаар байна. Эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө биеэ эрүүлжүүлэх нь бараг л боломжгүй зүйл гэж ярих нь элбэг байдаг. Өөрийгөө эмчлэхгүй явсаар байгаад жирэмсэлчихдэг шүү дээ?

-Ер нь эмэгтэйчүүд жирэмслэхээсээ өмнө өөрийгөө эрүүлжүүлээгүй байхдаа гэр бүл төлөвлөлтийг зохицуулж чадаагүйгээсээ болоод жирэмсэн болчихдог. Гэлээ ч хяналтандаа эрт орчихвол ямар ч хүндрэлгүйгээр төрөх бүрэн боломжтой.

Жишээ нь, манай эмэгтэйчүүдийн дунд үтрээний үрэвсэл маш их байна. Ийм үрэвсэлтэй, түүнийгээ эмчлүүлээгүй эх жирэмснийхээ 8 сартайд хяналтанд орлоо гэж бодъё. Ургийг нь ЭХО-д харахад ургийн ус нь бохир ногоон өнгөтэй болох, хөвдөстэй болсон байх нь элбэг.

Тухайн эмэгтэйн үтрээний үрэвсэл өгсөх замаар явсаар ургийн өсөж торних орчинд нь халдвар дамжуулж, халдварлагдсан ус нь бохир ногоон өнгөтэй, хөвдөстэй болчихдог. Хэвлийдээ хүүхэд амьгүй болох, бүтэлттэй төрөх зэрэг нь халдварын голомтыг өөртөө тээж явснаас үүдэлтэй.

Тиймээс халдварын голомтыг жирэмсэн болохоосоо өмнө эмчилж чадаагүй бол жирэмсэн болсон л бол хяналтандаа эрт орвол тээж буй хүүхдээ халдвараас бүрэн хамгаалах боломжтой. Ялангуяа, одоо жирэмсэн эхчүүд маань эмчийн зөвлөснөөр фолийн хүчил, төмрийн бэлдмэлээ яг таг уух ёстой. Жирэмсэн эмэгтэйн дархлаа сулардаг. Дархлаа суларчихсан байхад нь нэмэлт тэжээлээ авахгүй байвал ургийн өсөлт, хөгжилтөнд нөлөөлж, өсөлт нь хоцорч болзошгүй.

-Таны ажигласнаар жирэмсэн эхчүүдийн дунд ямар хүндрэл, өвчин, эмгэг зонхилон тохиолдож байна вэ?

-Хараад байхад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дөнгөж 20 хувь нь л эрүүл байж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь бас л эргэлзээтэй байна. Үлдсэн 80 хувьд нь үтрээний нянгийн гаралтай үрэвсэл их байна. Эдгээрийн дотор бүр өвөрмөц үүсгэгчээр үүсгэгдсэн бэлгийн замын халдварт өвчтэй хүмүүс маш их байна.

Бэлгийн замын халдварт өвчнөөс гадна тэр дундаа тэмбүү өвчин бол маш их илэрч байгаа. Тэмбуу өвчнөө эмчлэхгүй жирэмсний хяналтанд хожуу ороод, хяналтандаа оров уу, үгүй юу төрчихвөл төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрнө шүү дээ. Энэ асуудалд эмч хүнийхээ хувьд маш их эмзэглэж байна.

Тэгэхээр эмэгтэйчүүд маань гэр бүл төлөвлөлтөө зохицуулаад, ядаж улиралдаа ганц удаа мазокийн шинжилгээ өгөөд эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх ёстой. Тэр боломж нь олддоггүй юм гэхэд хагас жилд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид хандаж байгаарай гэж захимаар байна.

“Ингэж байгаад л зүгээр болчихдог юм” гэж ихэнх эмэгтэйчүүд үрэвсэл, өвчнөө оношлуулахгүйгээр аясаар нь яваад байдаг. Үгүй шүү, тэгдэггүй. Харин ч дараа гарах хүндрэлүүдээ л улам нэмээд яваагаа ухаарч, ойлгоосой.

-Зарим жирэмсэн эхчүүд хяналтанд хэрхэн орохоо мэддэггүй байх нь олонтаа. Наад зах нь хөдөөнөөс хотод суралцаж, амьдрах явцдаа хүүхэд олчихдог. Гэтэл харьяалалгүй гээд хяналтандаа орохгүй явах, учраа олохгүй цаг алдах гээд олон бэрхшээл байдаг шүү дээ?

-Жирэмсэн эмэгтэйчүүд ямар ч газарт, хаана ч харьяалагдаж байлаа гээд тухайн газартаа хяналтанд Эрүүл мэндийн сайдын 39 тоот тушаалын дагуу орох эрхтэй. Энэ тушаалыг мэдэхгүй, жирэмснээ нууж явсаар байгаад хяналтанд хожуу орох хүндрэл гарч ирдэг.

Жирэмсэн эмэгтэйг хаягийн шилжүүлгээ хийлгэсэн эсэхээс үл шалтгаалан тухайн оршин сууж буй хорооны өрхийн эмнэлэг нь хяналтанд авах ёстой. Магадгүй эмнэлгээс “Манай харьяанд оршин суудаг ч гэсэн паспортоороо өөр газарт харьяалагддаг юм байна.

Тэр газартаа хяналтанд ор” гэж буцаадаг тохиолдол гарч болно. Тэгвэл Эрүүл мэндийн сайдын 39 тоот тушаалын дагуу жирэмсэн эх хаана амьдарч байна, тэр газарт нь хяналтанд авах ёстойг сануулаад хяналтандаа эрт орж байгаарай гэж эхчүүддээ захья.

-Ер нь жирэмсэн эхчүүд маань таны зөвлөсөн зөвлөгөө, эмчилгээг хэр дагаж байна. Өөрөөр хэлбэл, биедээ хэр сайн анхаарал тавьж, үр хүүхдээ эрүүл сайхан өсгөхөд чармайж байна вэ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Олон жил эмэгтэйчүүдийн эмчээр ажиллаж байхдаа анзаарч байхад зарим жирэмсэн эх өөртөө болон хүүхэддээ үнэхээр сайн анхаарал хандуулж байна. Амралтаа аваад, ажил үүргээ зохицуулаад, өөрийгөө эрүүлжүүлээд, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө гэдэг зарчмыг гүн ухаараад, архаг халдвараас гүн эмчлэгдээд төрж байгаа эхчүүд зөндөө байна.

Гэтэл амьдрах нөхцөл, идэж байгаа хоол хүнс, эдийн засгийн байдлаасаа хамаарсан, эмзэг бүлгийн, боломжгүй жирэмсэн эхчүүд бас олон байдаг. Наад зах нь хүүхэд нь гэдсэндээ архаг бүтэлт буюу эхэсийн дутмагшилтай байхад нь зөвлөгөө, эмчилгээ өгөөд явуулдаг ч дараагийн үзлэгт яг л хэвээрээ орж ирдэг.

Эмч нар тухайн эх, хүүхдийг эрүүл төрүүлчих юм сан гэсэн сэтгэлээр л аль хямд, аль оновчтой юмыг л хэрэглүүлэхийг зөвлөдөг. Гэтэл ингэж зөвлөөд байхад сайндаа л нийт эмэгтэйчүүдийн 40 хувь нь мөрөөрөө яваад л төрж байна. 60 хувь нь ямар ч гэсэн өөртөө их, бага хэмжээгээр анхаарч байгаад амаржиж байна.

-Улсаас жирэмсэн эхчүүдэд олгодог тэтгэмж, олговор зарим эхчүүдэд хангалттай дэмжлэг болж чадахгүй байх шиг. Эмч хүнийхээ хувьд таны бодол ямар байна.

-Ажиглаад байхад ядруу, боломжгүй амьдралтай жирэмсэн эхчүүдэд очих халамжийг арай илүү хэмжээтэй болговол тухайн эхийн авах эм тариа, амин дэм, эрүүл эхээс эрүүл хүүхэд төрөх боломж нэмэгдэх юм болов уу гэж эмч хүнийхээ хувьд боддог юм.

Эхчүүдийн зарим нь “Эмч ээ, хүүхдэд өөр ямар амин дэм сайн бэ, тэрийг нь та зөвлөөд өгөөч” гэж байхад зарим нь зөвлөөд зөвлөөд тэрийг нь авч хэрэглэж чадахгүй байна шүү дээ. Ажилгүй жирэмсэн эхчүүд олон байна.

Тэр эхчүүд чинь улсаас өгч байгаа 40 мянган төгрөгөөр идэж уухаа зохицуулах уу, эсвэл хэвлий дэх ургаа л бодоод явах уу. Тэр хүн ганц хүүхэд гаргаагүй, ардаа өөр олон ам тэжээдэг ч байж болно шүү дээ.

-Эхчүүдэд хэрэгтэй, үнэтэй зөвлөгөө өгч байгаа танд баярлалаа. Бас нэг асуулт байна. Ураг гэдсэндээ бүтэлттэй болох нь ихэссэн юм шиг санагддаг. Ийм болоход юу нөлөөлөөд байна вэ?

-Дэлхий дахинд ургийн бүтэлт чухам юунаас болж үүсээд байгааг хараахан олж тогтоогоогүй байна. Ургийг тэжээж байгаа эхэсийг эх маань хэдий чинээ амин дэм, хүчилтөрөгчөөр баяжуулна, төдий чинээ урагт сайн нөлөөтэй.

Гэхдээ бүтэлт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс маш олон байна. Ялангуяа, бэлгийн замын халдварт өвчин, тэмбүү ихэссэнээр тэмбүүтэй жирэмсэн эхийн хүүхэд олон жил ажиглаж байхад эхэсийн дутмагшилд орчихсон, гэдсэн дотроо бүтээд амьгүй болох зэрэг эмгэнэлтэй тохиолдол их байна.

Үүнээс гадна цитомегало вирус буюу бэлгийн цэврүү маш муу нөлөөтэй. Бид аман дээр хомхой гарчихлаа, үүнийг халуун төмрөөр түлчихэд гайгүй болчихдог юм гээд л явдаг. Гэтэл тэгдэггүй.

Тэр өвчний вирусын халдвар урагт муугаар нөлөөлж, дутуу төрөх, зулбах, ургийг гэдсэнд нь бүтээхэд нөлөөлдөг. Дээр хэлсэнчлэн архаг халдварын голомтоо л сайн эмчлээд жирэмслэх, эсвэл эрт хяналтанд ороод халдвараа эрт эмчилчихвэл ийм байдалд өртөх хувь хамаагүй багасч, бүр өртөхгүй.

-Жаахан байхад зөндөө л хомхой долоочихлоо гээд л бид тоодоггүй өнгөрдөг шүү дээ. Гэтэл ийм хор хөнөөлтэй байдаг юм уу. Эмэгтэйчүүд тэгвэл юунд анхаарах хэрэгтэй юм бол?

-Тэр хомхойгоор илэрч гарсан вирусын халдвар нь нүүрний хэсэг газарт гараад эдгэсэн ч мэдрэлийн зангилаан дээр очоод 15-20 жил суучихдаг. Жирэмсэн болоход эмэгтэйн дархлаа их, бага хэмжээгээр сулардаг. Гэтэл дархлаа сулрахад мэдрэлийн зангилаан дээр байрлаж байсан вирусын голомт нь сэргэдэг.

Тэгээд халдвар нь бүх биед тархдаг. Тэрнээс болоод зүв зүгээр анхан төрөгч өсөлтгүй боллоо гээд ороод ирж байна. Гэхдээ одоог хүртэл ураг хэвлийдээ амьгүй болоод байгаагийн цаад шалтгааныг тогтоогоогүй байгаа.

Гэлээ гээд дээр дурдсан цитомегало вирус, тэмбүү, архаг халдварууд урагт нөлөөлөх өндөр магадлалтай гэдгийг сануулмаар байна. Хүмүүс шүд хорхойтчихлоо гэж ярьдаг. Өвдөхгүй л бол зүгээр гэж ихэнх нь боддог.

Гэтэл цаагуураа өөрөө өөртөө архаг халдвар тээж байдаг гэсэн үг. Ийм болохоор эмэгтэйчүүд маань жирэмсэн боллоо гэхэд ядаж хамгийн түрүүнд шүдээ мэргэжлийн эмчид үзүүлчихдэг байгаасай. Ингэж чадвал өсөлтгүй жирэмслэлт ч болохгүй, жирэмсэн болсон ч айхтар хүндрэлүүдийг бага ч гэсэн урьдчилан сэргийлнэ.

-Ярианы эхэнд таны дурдсан гэр бүл төлөвлөлтийн талаар асуумаар байна. Жирэмсэн эх маань төрснийхөө дараа дараагийн хүүхдээ хэдэн жилийн дараанаас төлөвлөвөл бие махбодид нь хамгийн зохимжтой байдаг юм бол?

-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд эхний хүүхдээ гаргаснаас хойш 2.5-3.5 жилийн дараа дараагийн хүүхдээ төлөвлөж жирэмсэн болоход болно. Дээрх хугацаанд төрсөн эмэгтэй маань хүүхэд тээхэд эрүүл мэндийн хувьд хэвийн болдог.

Жил дараалан төрсөн эхчүүд байдаг. Гэвч тухайн хүүхэд нь цус багадалттай, иод дутагдлын эмгэгтэй, өсөлт хөгжлийн хоцрогдолттой төрөх нь элбэг. Тэгэхээр тухайн эх маань төрснийхөө дараа хүүхдээ ой хүртэл нь эмнэлгээр явах ажилтай болно л гэсэн үг шүү дээ.

Гэтэл эмэгтэйчүүд үүнийг ойлгохгүй, эсвэл жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэж мэдэхгүй, мэдлээ ч үнэ төлбөртэй гэж бодоод яваад байдаг. Энэ аргуудыг сонгож хэрэглэхэд үнэ төлбөргүй. Тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн нэгдэл, өрхийн эмнэлэгтээ хандах хэрэгтэй.

Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр нь бөглөгдсөн, тухайн эх төрөх үедээ хүндрэлтэй төрсөн, кесар хагалгаагаар төрсөн, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн, бусад эрхтэн тогтолцооны өвчний хүнд хэлбэртэй жирэмслэлтийн хугацаанд тээж байсан хүмүүст үнэ төлбөргүйгээр жирэмслэлтээс хамгаалах аргыг хэрэглэдэг.

Эдгээрээс бусад хүмүүс бол төлбөртэйгөөр жирэмслэлтээс хамгаалах аргад хамрагдана. Суулгац, ерөндөг, эм, тариа, бэлгэвч гээд хамгаалах хэрэгслүүд нь бүгдээрээ тухайн нарийн мэргэжлийн эмчдээ байж л байдаг юм шүү.

Ялангуяа, дээр дурдсан кесар хагалгаагаар төрсөн, эрхтэн тогтолцооны хүнд өвчтэй, дөрвөөс дээш хүүхэд төрүүлсэн, амьдрал нь нэн ядуу эмэгтэйчүүд төрөөд ердөө л хоёр сарын дараагаас өрхийн эмнэлэгтээ хандаж ямар ч үнэ төлбөргүйгээр арга хэрэгслийг ашиглаж болно.

-Жирэмслэлтээс хамгаалах аргуудаас эмэгтэй хүн өөрөө мэдэж сонгоод эмчид хандаж болох уу. Эсвэл заавал нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө хэрэгтэй юу?

-Мэдээж, тухайн эмэгтэй эхлээд саналаа хэлнэ. Эм уухаар ходоод нь өвддөг, ерөндөг тавиулмаар байна, эсвэл ерөндөг тавиулахаар уначихаад байдаг. Тэгэхээр суулгац тавиулмаар байна зэргээр саналаа хэлсний дараа тухайн нарийн мэргэжлийн эмч эмэгтэйн нас, төрсөн нөхцөл байдлыг нь харгалзан тохирох аргыг сонгож өгнө.

Зохицуулалтгүйгээр үйлчилдэг хэрэгслүүд гэвэл ерөндөг, эм, тариа. Харин суулгац бол дааврын гаралтай учраас нас, архаг хууч өвчтэй эсэхийг харгалзан тавигддаг. Тухайлбал, элэгний циррозтой хүнд жирэмслэлтээс сэргийлэх тариа тарих хориотой.

-Ерөндгийг эмэгтэйчүүд тавиулах нь ихэссэн байна. Эрүүл мэндийн талаасаа ч тэр хамгийн найдвартай арга гэгдэх юм?

-Ерөндгийг үтрээний үрэвсэлтэй, умайн хүзүүний улайлттай, шархлаатай хүнд тавьж болохгүй. Үтрээ гэдэг маань умайн наад талд байдаг эрхтэн. Үтрээ үрэвсэлтэй үед тухайн эмч ерөндөг тавиад өгчихвөл үрэвслийг хамаад ариун байгаа умайн хөндий рүү хийчихнэ гэсэн үг.

Ингэхээр умайн хөндий үрэвсээд, умайн хөндийнөөсөө хоёр тийшээ гуурсан хоолойгоор дамжиж тэр гуурсан хоолойгоо үрэвсүүлээд, улмаар өндгөвчөө өвчлүүлэх халдварыг дамжуулдаг аюултай. Тиймээс юун түрүүнд үтрээний наалдцын шинжилгээ буюу мазок өгөөд, үтрээгээ эрүүлжүүлээд тухайн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байж ерөндгийг тавиулах хэрэгтэй. Үрэвсэлтэй үедээ хэзээ ч ерөндөг тавиулж болохгүй.

Манай эмэгтэйчүүд завгүй үедээ шинжилгээ, үзлэг хийлгэхээс залхуураад шууд ерөндгөө худалдаж аваад хувийн эмнэлэгт тавиулчихдаг. Гэхдээ үүгээрээ хувийн эмнэлгүүд ямар ч үзлэг шинжилгээгүй тавьж байна гэж хэлж байгаа юм биш. Гол нь эмэгтэйчүүд маань энэ талаар мэдлэгтэй байх хэрэгтэйг сануулж байгаа юм.

Доороос нь янз бүрийн өнгөтэй, үнэртэй юм гараад байхад эмэгтэйчүүдийн эмч нь ерөндөг тавиад өгчихөж байна уу, яаж байна гэдгийг тухайн эмэгтэй өөрөө мэдэж, ялгадаг байх хэрэгтэй.

Наад зах нь эмэгтэйчүүд улсын эмнэлэгт дугаар авахаасаа түвэгшээгээд хувийн эмнэлэгт суулгац тавиулчихсан гээд ороод ирдэг. Гэтэл суулгац тавих ямар ч боломжгүй байрлалд тавьчихсан байх нь ч бий.

-Суулгацыг буруу байрлуулснаар хүндрэл үүсэх, эсвэл үүргээ гүйцэтгэхгүй байх тал бий болов уу?

-Хүндрэл үүсэх нь ч юу юм, хамгаалахын хувьд хамгаална. Гэхдээ хөдөлгөөнд үрэгдээд байвал үйлчилгээ нь тодорхой хэмжээгээр суларч болно шүү дээ.

-Эм, тариа, суулгац нь дааврын нөлөөтэй арга юм байна. Энэ аргуудыг сонгоход юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Эм, тариа, суулгац нь энгийнээр тайлбарлавал эмэгтэйн бие дэх жирэмсэн болгох дааврыг дарангуйлаад, жирэмсэн болгодоггүй дааврыг нь өндөржүүлж хамгаалдаг. Тэгэхээр дааврын тэнцвэрт үйл ажиллагаа алдагддаг. Ерөндөг бол тухайн эмэгтэй үрэвслээ эмчлүүлээд тавиулбал умайн хөндийд эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж саатуулснаар жирэмслэлтээс хамгаалдаг бөгөөд ямар ч дааврын өөрчлөлтгүй арга юм.

-Суулгац, тариа, эм хэрэглэхээр таргалдаг гэх юм?

-Энэ бол тухайн эмэгтэйн биеийн онцлогтой холбоотойгоор дааврын өөрчлөлтийн улмаас таргалах, турах нөлөөтэй байдаг.

-Дээрх дааврын гурван аргыг хэрэглэхээ болилоо гэхэд дахиад хэр хурдан жирэмслэх бол. Энэ утгаараа эмэгтэйн биед ямар нэгэн сөрөг нөлөө бий болов уу?

-Тариа тариулах, суулгац тавиулаад авахуулсны дараа дахин жирэмслэх үйл ажиллагаа жаахан удаан байдаг. Өөрөөр хэлбэл, өндгөвчний үйл ажиллагааны сэргэлт удаан талдаа байдаг. Эм бол харьцангуй гайгүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!