Дутуу нойртой явснаар бидэнд тохиолддог санаад оромгүй 15 зүйл

Насанд хүрсэн хүн хоногт 7-9 цаг унтах ёстой. Гэвч бид үстэй толгойноосоо их ажилтайгаасаа болоод нойр гэгчийг умартаж орхих нь бий. Нойрсох үед хүний тархи өдрийнхөө чухал мэдээллүүдийг хадгалж, зүрх судасны үйл ажиллагаа тогтворждог ба дотоод эрхтнүүд нян бактер мэтийн гадны хортой биетүүдийг устгаж, хамгаалалт үүсгэдэг. Харин шөнөжин нойроо хугаслан видео тоглоом тоглож, эсвэл ажил хичээлээ давтан, шалгалтандаа бэлдэж байгаа хүмүүсийн биед ямар өөрчлөлт гардаг юм бол? Та энэхүү хэрэгтэй мэдээллийг уншаад магадгүй дахин нойроо хугаслахаа болих биз ээ.

1. Хэт их сэтгэл хөдлөлд автах

Та ямар ч шалтгаангүй бухимдаж, уурлаж байсан уу? Тэгвэл энэ нь нойр багадсанаас болсон байж магадгүй. Учир нь нойр нь тархины сэтгэл хөдлөл удирддаг хэсэгтэй шууд холбоотой байдаг аж. Тархины амигдал гэсэн хэсэг хүний айдас болон уур бухимдлыг удирддаг ба хангалттай нойр авч чадаагүй үед амигдал тархины бүрхүүлтэй холбоо тасарч, хүний сэтгэл санаа хяналтаас гарч орхидог гэнэ.

2. Удаашрах

Нойр хомсдол хүнийг удаашруулдаг ажээ. Бүр видео тоглоом тоглож байхад хүртэл мэдэгдэнэ. Хамгийн аюултай нь ядарсан үедээ жолоо барих нь согтуугаар жолооны ард суухтай ижил гэж судлаачид үздэг ба та дутуу нойртой яваа бол машин барих, элдэв хүнд техникийн ажил хийх хэрэггүй юм.

3. Үр тогтоох чадвар муудах

Эрчүүд минь хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болно гэж боддог бол нойроо сайн авч байгаарай. 2013 онд Данийн эрдэмтийн хийсэн судалгаагаар хоногт 8 цаг унтдаг эрчүүдийн үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн үр тогтоох чадвар нойрны хомсдолтой эрчүүдийнхээс даруй 29%-иар илүү байсан байна.

4. Бэлгийн дур хүсэлгүй болох

2011 онд 7 хоногийн турш 5 цаг унтсан эрчүүдэд судалгаа хийж үзсэн байна. Тэдний анхаарал төвлөрөх чадвар огцом буурч, эрч хүчгүй болсны дээр секс хийх сонирхолгүй болсон байжээ. Гэхдээ дан ганц ядарснаас болж ийм дүнд хүрсэн гэж болохгүй. Нойргүйдэл тестостерон тэргүүтэй бэлгийн даавруудыг 10-15%-иар бууруулж орхидог тул эрчүүдийн бэлгийн дур хүсэл огцом буурдаг аж.

5. Сарын тэмдэг тасалдах

Сарын тэмдэг идэвхижүүлдэг дааврууд болон мелатоны түвшин нойртой хамааралтай байдаг. Хангалттай унтахгүй юм уу, өөр өөр цагт унтаж, хэмнэл алдагдах үед эмэгтэй хүний бие махбодийн цагийн хэмжүүр алдагдаж орхидгоос мелатонын түвшин болон дааварт нөлөөлж, сарын тэмдэг хугацаанаасаа зөрдөг гэнэ.

6. Ой тогтоолт муудах

Хүний нойр багасахад тархины тогтоох болон суралцахад нөлөөлдөг хэсэг мэдрэлийн эсүүдтэй холбоо тасарч хүн мартамхай болдог аж. Тиймээс л багш нар шалгалтынхаа өмнө сайн унтаж амрах хэрэгтэй гэж хэлцгээдэг бөгөөд хүн унтахын өмнө уншсан зүйлээ сайн тогтоодгийг бүгд мэдэх биз ээ.

7. Дотоод эрхтэн өвчлөх

Хүн өвдсөн үедээ унтахыг л хүсдэг. Энэ нь ч учиртай. Хүний дотоод эрхтний тогтолцоо унтаж байх үед өвчинтэй тэмцэлддэг аж. Нойргүйдэх үед биед аюул учирсныг бусад эсүүдэд дамжуулагч молекулууд хорогддогоос гадна биеийн эсэргүүцэх чадварт нөлөөтэй эсүүд цөөрч орхидог байна. Тиймээс та нойр дутуу яваад байвал өвчин тусах аюултай ба шалгалтын үеэр оюутан сурагчдын өвддөг нь ийм учиртай ажээ.

8. Хоолны дуршил ихдэх

Хүн шөнийн цагаар сэрүүн байхдаа маш ихээр өлсдөгийг та анзаарсан л биз дээ? Учир нь шөнө унтаагүй байхад хоол нэхдэг даавар буюу грелин ихээр ялгарч, харин хоол идсэний дараа цадсан гэсэн дохио илгээдэг лептин гэгч даавар идэвхигүй болж орхидог ажээ. Шөнө идсэн хоол ердийн үеийнхээс 1000 калори илүү байдгаар зогсохгүй шөнө идэх зуршил тун амархан тогтдог гэж судалгаагаар тогтоосон байдаг гэнэ.

9. Мэдрэхүй өөрлөгдөх

Шөнөжин нойргүй хичээл давтчихаад шалгалтнаасаа гарч ирэхэд нар маш хурц байгаа мэт санагдаж, нүд гялбах тохиолдол элбэг байдаг. Энэ нь нойргүйдэл хүний 5 мэдрэхүйн хүлээх авах чадварыг будлиантуулж орхидгоос болдог ажээ.

10. Царай зүс алдах

Нойр дутуу хоносны маргааш хүний нүд улайж, бүлцийж, нүдийг нь тойрон хөхөлбий туяа татахаас гадна цонхийж, зарим тохиолдолд бүр батгатай болчихсон байдаг. Учир нь нойргүйдлийн үед арьсны гадаргуутай ойрхон байдаг хялгасан судаснуудын цусны эргэлт муудчихдаг аж. Мөн арьсны чийгшлийн түвшин багасаж, арьс хуурайшиж, өнгөө алддаг байна.

11. Хошигнол ойлгохоо болих

Хошигнол ойлгоход үнэндээ хэлний мэдлэг, ой тогтоолт, анхаарал, түргэн сэтгэхүй гээд л маш олон зүйл шаардагддаг ажээ. Харин нойрны хомсдол хүний тархин дахь хэл яриа, хошин шогийн мэдрэхүйг удирддаг хэсэг болон анхаарал, дурсамжийн хэсгүүдэд муугаар нөлөөлдөг учраас хүн хошигнол ойлгохоо больдог гэнэ.

12. Дуу хоолой өөрчлөгдөх

Хүн ядарсан үедээ сэтгэл хөдлөлөө илэрхийлэхээс төвөгшөөн робот аятай нэг өнгөөр ярьдаг ба эргэн тойрных нь хүмүүс энэхүү “ядарсан хоолойг” сонсоод шуудхан саад болж болохгүйгээ ойлгодог болохыг та анзаарсан биз ээ. Учир нь хэл, амтай холбоотой ярих механизм болон хоолойны булчингууд таныг хангалттай амарч чадаагүйгээс болоод мөн л сульдаж орхидог ажээ.

13. Гуниглах

Ядруу харагдаж байна гэж сонсохоос дор зүйл бол яасан гунигтай байх юм бэ? гэх үгс юм. Учир нь нойргүйдсэнээс таны нүд, ам хавийн арьс унжчихдаг ба энэ нь таны нүүрнийхээ булчингуудыг удирдах чадваргүй болсныг илтгэж байгаа аж.

14. Хий юм харах

Хий юм харах зөвхөн сэтгэцийн өвчтэй хүмүүст бус нойр дутуу яваа хүмүүст ч мөн тохиолддог ажээ. Нойргүйдэх өвчний үед хий юм харах нь бүр ихэсдэг ба нойр хомсодсон хүмүүсийн 2%-д нь шизофрен өвчний шинж тэмдэг илэрч байжээ. Гэхдээ сайн мэдээ гэвэл буцаад нойрондоо сайжрахаар хий үзэгдлүүд алга болдог гэнэ.

15. Тархи гэмтэх

Нойр багадсанаар эрч хүч бий болгодог локус сорелюс нэртэй мэдрэлийн эс аажмаар үхэждэг. Үүгээр ч зогсохгүй тархи хатингаршиж эхэлдэг ба нойргүйдэл нь Алцхаймерийн өвчинтэй шууд холбоотой байдаг бөгөөд нойргүйдэл нь тус аймшигт өвчнийг үүсгэдэг гэсэн нотолгоо олон байдаг ажээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!