Оюутан байхдаа яагаад ганц бие байх хэрэгтэй вэ?

Оюутан нас бол хүн бүрийн хувьд хэзээ ч мартагдашгүй, дурсамж дүүрэн, гайхалтай мөч байдаг билээ. Түүнээс гадна асар их хариуцлагатай он жилүүд байх бөгөөд энэ үед залуус маань хичээлдээ шамдаж, ирээдүйн ажил, амьдралдаа анхаарал тавих хэрэгтэй байдаг нь нууц биш юм.

Магадгүй хайр сэтгэлийн асуудал дээр оюутан байхдаа яарч шийдвэр гаргахаас илүүтэйгээр өөрийгөө хөгжүүлэхдээ ач холбогдол өгөх нь зарим тохиолдолд зөв сонголт болдог байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, оюутан байх үедээ ганц бие байхын дауу талуудыг мэдэж авцгаая.

1. Эрх чөлөөг мэдрэх

Залуу, эрч хүчтэй байгаа дээрээ эрх чөлөөг бүрэн утгаар нь мэдэрч, амьдрал гэдэг адал явдлаар дүүрэн хөлгүй цэнхэр далайгаар аялаж яагаад болохгүй гэж? Тэгээд ч та яг одоо аяллаа эхлүүлэх хамгийн тохиромжтой цаг үе дээрээ ирээд байна. Энэ хорвоо ертөнц дээр юу хийх гэж, хэн болох гэж ирсэн гэдгийг тань танд цаг хугацаа мэдрүүлж өгөх болно. Тиймээс уудам ертөнцийн сонин хачинтай танилцаж, өөрийнхөө ертөнцийг өөрчил.

2. Сэтгэл зүрх шархлахгүй

Ганц бие байснаар хэн нэгэнд итгэл алдрах, гомдох зэргээс болж сэтгэл санаа тавгүйтэх, тэр ч бүү хэл сэтгэл зүрхээ шархлуулах ямар ч асуудал гарахгүй гээд боддоо? Бүтэлгүй дурлал хүнд нэг талаасаа шинэ боломжийг олгодог бол нөгөө талаасаа сэтгэлийн шархыг өгдөг нь нууц биш юм. Нэгэн үе хэнээс ч илүү хайрлаж, бүхнээ зориулж байсан түүнийг мартах мэдээж амар биш бөгөөд сэтгэлийн шархаа аниулах гэж багагүй хугацааг шаналж, зовж өнгөрөөх нь амьдралын бичигдээгүй хууль гэлтэй.

3. Өөртөө анхаарах

Ямар хувцас өмсөх, юу хэрэглэх, яаж амьдрах, юунд ач холбогдол өгөх гэх мэтийн асуудлуудад зөвхөн өөрөө бие дааж, шийдвэр гаргах бөгөөд хэн нэгэнд таалагдаж, сэтгэлд нь нийцэх гэж өөрийнхөө болохыг хүсэхгүй байгаа хүн болж хувирах ямар ч шаардлагагүй юм. Мэдлэг боловсрол, авъяас чадвараа нээж, эд хөгжүүлэх насан дээрээ байгаа учраас өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хөгжүүлээрэй.

4. Чөлөөт цагаараа дуртай зүйлээ хийх

Хэн нэгэнтэй үерхэж байгаа үед чөлөөт цаг зав гарах нь юу л бол. Сургууль болон гэрийн хооронд явж, хичээлээ хийсээр чөлөөт цаг гарвал хайртай хүнтэйгээ уулзаж таардаг. Ийм амьдралын хэв маягтай байх нь өөрийгөө хөгжүүлэх, өөртөө цаг гаргах боломжийг үгүй хийдэг байна. Харин ганц бие байхад энэ төрлийн асуудал гарахгүй бөгөөд төдий чинээ өөртөө цаг зав гаргаж, хааяа ч болов дуртай зүйлээ хүссэнээрээ хийх боломжтой.

5. Хичээлдээ шамдах

Оюутан байх хугацаандаа хүн бүрийн өмнөө тавьсан байх ёстой зорилго бол хичээл, номондоо шамдан суралцаж, сургууль соёлоо амжилттай төгсөх явдал юм. Өөрийн сонгосон мэргэжлийнхээ эзэн нь байж, ирээдүйд ажил төрөлтэй болж, сайхан амьдрах уу эсвэл ажилгүйчүүдийн эгнээнд элсэх үү гэдэг сонголтыг оюутан залуус маань хийх үе гардаг. Харин уг сонголтонд их, дээд сургуульд сурч байхдаа хичээл, номондоо хэр ач холбогдол өгс байсан нь чухал нөлөө үзүүлдэг байна. Тиймээс хэрэгтэй, хэрэггүй зүйлд цаг заваа зарцуулалгүй хичээлээ сайн хийж, өндөр голчтой төгсөх нь чухал юм.

6. Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэх

Ирээдүйд ямар ажил төрөл эрхэлж, хаана, яаж амьдрах гэх мэт чухал шийдвэрүүдийг оюутан байхдаа эртнээс төлөвлөж, сайтар бодолхийлэх хэрэгтэй юм. Харин тэрхүү төлөвлөгөөг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмж, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй ажээ.

7. Мөнгө хуримтлуулах

Мөнгөн хуримтлал үүсгэх нь ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэж ойлгож болох бөгөөд энэ нь амьдралд тохиолдох гэнэтийн болон төлөвлөж байгаа олон зүйлд хэрэг болдог байна. Хэн нэгэнтэй үерхэж байгаа бол кино үзэх, хоолонд орох, үдэшлэгт явах гэх мэтээр хий дэмий зүйлд олон удаа мөнгөө үрэх шаардлага гардаг. Энэ нь санхүүгийн эрх чөлөөг боогдуулахаас гадна хэрэгтэй зүйлдээ хожим шаардлагатай мөнгийг зарцуулах боломжгүй болгодог юмсанж.

8. Найз нөхөдтэйгөө уулзах

Оюутан байх хугацаанд найзууд тань хамгийн дотны хүмүүс байх бөгөөд тэдэнтэй цагийг зугаатай өнгөрүүлж, амьдралын сайхныг мэдэрч болох юм. Харин хосуудын тухайд энэ тал дээр бага зэрэг асуудалтай байдаг бөгөөд тэд амьдралд нь өөр хүн байхгүй мэтээр зөвхөн хоёр биенээ харж амьдардаг тул олон нийтээс тусгаарлагдах хандлагатай байдаг байна.

9. Гэр бүлдээ цаг зав гаргах

Гэр бүлийнхэн бол энэ хорвоо дээрх хамгийн эрхэм нандин хүмүүс байдаг билээ. Тэдэндээ цаг зав гаргаж, халамж анхаарал тавих хэрэгтэй бөгөөд ганц бие байснаар хичээлийнхээ бусад цагаар гэрийнхэнтэйгээ өдрийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой юм.

10. Аялах

Бусдаас хамааралгүй эрх чөлөөтэй учраас хүссэн үедээ мөрөөдөж байсан газруудаараа дураараа аялж, зугаалах боломжтой юм. Хэн ч таныг залхааж, байн байн залгаж төвөг удахгүй бөгөөд хамгийн гол нь залуу, ганц бие байгаа дээрээ үзэж, харах ёстой бүхнийгээ үзчихвэл сүүлд нь бага харамсдаг байна. Түүнээс гадна үзэж харсан бүхэн тань оюутан насыг чинь чимэх нь гарцаагүй биз ээ.

11. Тав тухыг мэдрэх

Хүн ганцаараа байх үедээ л өөрийгөө илүү таньж, юу хүсэж байгаа, юу хийх хэрэгтэй гэдгээ эргэцүүлдэг. Зарим үед бүхнийг бодож тунгаах, хааяа хөнгөхөн гуниглах ч сайхан шүү дээ. Тиймээс ганц бие байгаа үед өөрөөсөө өөр зүйлд санаа зовохгүй сэтгэл амар амьдрах бүрэн боломжтой.

12. Сайн гэгч нь амарч авах

Сургуулиа амжилттай төгсөхийн тулд уйгагүй хөдөлмөрлөх нь гарцаагүй бөгөөд энэ үед тав тухтай, сайн гэгч нь унтаж, амрах хэрэгтэй юм. Сайн унтаж амарч авснаар эрч хүчээ нөхөж авахаас гадна цовоо сэргэлэн байх үндэс болдог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!