Гадаадад амьдардаг Монголчууд болон явахыг хүсч байгаа хүн бүр үүнийг уншаарай!

Гадаад хэргийн яам болон Консулын газраас энэ оны нэгдүгээр сарын байдлаар гадаад улс оронд ажиллаж, амьдарч, суралцаж байгаа, улмаар ял эдэлсэн, нас барсан, саатуулагдсан монгол иргэдийн тоог шинэчлэн гаргажээ.

Тодруулбал, Консулын газрын статистик тоон баримтад энэ оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсын 144.483 иргэн гадаадын улс орнуудад амьдарч буй тоон мэдээ гарсан аж. Үүнээс албан ёсны хөдөлмөрлөх визтэй нь 26693, суралцах визтэй нь 26214, ял эдэлж буй 169, саатуулагдсан 294, нас барсан 59 иргэн байна гэсэн тоон мэдээ гарсан аж.

75 улсад оршин сууж буй иргэдийн хувьд хамгийн их нь буюу 26 хувь нь БНСУ-д ажиллаж, амьдарч суралцаж байгаа бол 21 хувь нь АНУ, долоон хувь нь БНХАУ, 10 хувь нь Австралид тус тус оршин суудаг бол Швед, Австри, Бельги, Их Британи улсад оршин суудаг монголчууд 1-5 хувийг эзэлж байгаа юм.

Консулын газрын зүгээс гаргасан энэхүү тоон мэдээ нь гадаад улс орнуудад ажиллаж байгаа Элчин сайд, Консулын газраас авсан тоо бөгөөд Гадаадын иргэн харьяатын газар зэрэгт энэ мэдээ заримдаа зөрөх тохиолдол байдаг аж. Тиймээс энэ төрлийн тоон мэдээгээ нэгтгэж, нэгдсэн мэдээллийн сан бий болгохоор ажиллаж байгааг Консулын газрын холбогдох албан тушаалтан онцоллоо.

Мөн иргэд фэйсбүүк хуудсаар явж буй визгүй амьдрах эрхтэй улс орнууд гэсэн гоё гоё эвлүүлэгт автаж, улмаар тус улс руу зорчиж хил дээр нь баривчлагдсан тохиолдол ч ганц нэг гарч байжээ. Тиймээс тус газрын зүгээс иргэддээ нэгдсэн мэдээлэл өгөх зорилгоор “consul.mn” вэб сайтыг эрхэлж эхэлсэн аж.

Иргэд эндээс бичиг баримт, гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн мэдээлэл, цаашлаад ямар улс руу визгүй, визтэй зорчиж болох вэ гэх мэт бүх төрлийн мэдээ мэдээллийг авах боломжтой юм байна. Дэлхийн өнцөг булан бүрээс холбогдох боломжтой аж.

“Танд гадаадад ажиллаж, амьдрах боломж гарвал явах уу?” гэсэн асуултыг 21 – 48 насны 100 хүнээс асуусан байна. Тэдний 79 нь “ТИЙМ” буюу гадагшаа явна гэсэн хариулт өгчээ.

Асуулгад 46 эрэгтэй, 54 эмэгтэй хүн оролцсоноос дээд боловсролтой 37, бүрэн дунд 51, тусгай дунд боловсролтой 12 иргэн байжээ. Харин “ТИЙМ” гэсэн хариулт өгсөн хүмүүс “Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу” гэсэн шалтгаан хэлсэн байна. Мөн “Боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны гажуудал, бухимдал төрүүлдэг” гэж хариулсан байна. Түүнээс гадна “Хүрээлэн буй орчны бохирдол”, ” Амьдрал одоогийн байгаагаас илүү сайжирна гэдэгт итгэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн байгаа юм. Үнэхээр маргах аргагүй шалтгаанууд. Ийм асуудал манайд бий учраас залуус эх орноосоо дайжиж байна.

Хэрэв та гадаадад ажиллаж, сурч, амьдардаг бол эдгээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ? Коммент хэсэгт хуваалцаж гадны орныг зорихоор төлөвлөж байгаа олон мянган залууст дэм болоорой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!