Жирэмснээс хамгаалах эмийн талаар охид бүсгүйчүүдийн заавал мэдэх ёстой зүйлс

Манай охид бүсгүйчүүдэд жирэмснээс хамгаалах эм уухаас айх, цааргалах явдал их гардаг. Таргалдаг, үргүй болгодог гэх мэт ярианаас болоод имплант, тариа гэх мэт бусад аргуудыг илүүд үзэх болсон. Тэгвэл жирэмснээс хамгаалах эм харин ч зарим талаараа эмэгтэй хүний биенд ашигтай гэнэ.

Эм ууж байх үед жирэмсний тест үнэн гарах уу?

Жирэмснээс хамгаалах эм ууж байх үед ч тестээр шалгахад хариу нь үнэн гарна. Тест бол хүний цус, эсвэл шээсэн дэх жирэмсний гормон байгаа эсэхийг илрүүлдэг юм. Эмэнд агуулагдах идэвхтэй бодисууд нь тестний гормон шалгах “чадвар”-т нөлөөлөхгүй.

Жирэмсэн байх хугацаандаа эм уусан бол яах вэ?

Жирэмсэн гэдгээ мэдэлгүй эм ууж эхэлсэн бол тэгтлээ санаа зовох хэрэггүй. Цөөн тохиолдолд л урагт нөлөөлдөг. Харин тэр дороо шууд уухаа болих хэрэгтэй.

Хэрэв хүүхэдтэй болохыг хүсч эхэлвэл, эм уухаа болиод хир удсаны дараа жирэмслэх боломжтой вэ?

Жирэмснээс хамгаалах эм уухаа зогсоосноос хоёроос гурван долоо хоногийн дараа овуляц явагддаг. Өөрөөр хэлвэл боловсорч гүйцсэн өндгөн эс умайн хөндийд гарч ирэн үр тогтох боломжтой болдог. Гэхдээ оюуляц явагдана гэдэг нь шууд жирэмсэн болно гэсэн үг биш юм. Юуны түрүүнд хосын бие хоёул эрүүл байж гэмээнэ үр тогтоно.

Эмийг ууж эхэлснээс хойш хир удсаны дараа үйлчилж эхэлдэг вэ?

Энэ нь ямар төрлийн эм ууж буйгаас, мөн хэзээ эхэлснээс шалтгаална. Жирэмснээс хамгаалах эмийг ууж эхэлсэн ч дор хаяж долоо хоногийн турш бэлгэвч хэрэглэх хэрэгтэй юм. Түүнээс гадна антибиотик болон бусад эмнүүд жирэмснээс хамгаалах эмийн үйлчлэлийг бууруулдаг тохиолдол байдгийг анхаараарай.

Жирэмснээс хамгаалах эм яаж үйлчилдэг юм бэ?

Энгийнээр хэлэхэд, жирэмснээс хамгаалах эм нь чиний биед овуляц явагдахаас сэргийлэн гормоныг зохицуулдаг. Овуляц бол сар бүр өндгөн эс гадагшлах явц юм. Боловсорч гүйцсэн өндгөн эс гадагшлаагүй тохиолдолд жирэмсэн болох боломжгүй.

Жирэмснээс хамгаалах эм уухаар жин нэмдэг, бас үргүй болдог гэлцэх юм. Энэ үнэн үү?

Жирэмснээс хамгаалах эм ууснаас болж шууд жин нэмэхгүй. Харин зарим эмэнд эстрогений түвшин өндөр байдгаас болж хавагнах, хоолны дуршил нэмэгдэх тохиолдол байдаг. Гэхдээ орчин үеийн чанартай эмэнд эстрогений хэмжээ дээхнэ үеийнхээс багассан. Мөн үргүй болдог гэдэг худлаа. Харин ч зарим тохиолдолд үргүйдлийг эмчлэх, сарын тэмдгийг тогтворжуулах зэрэг жирэмснээс хамгаалахаас бусад зорилгоор ашиглаж байна. Хамгийн гол нь өөрт тохирсон эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Жирэмснээс хамгаалах эм батга арилгадаг гэж үнэн үү?

Жирэмснээс хамгаалах эм нь тослогжилтыг бууруулдаг учраас батга гарахаас сэргийлэх ач тус бий. Мөн нүүр болон арьсны илүүдэл үсний ургалтыг багасгаж, үс амархан тослогтохыг болиулдаг.

Жирэмснээс хамгаалах эм хэрэглэсний дараа дотор муухайрч, бөөлжис цутгаж, толгой өвдөж байвал яах вэ?

Бидний бие махбодь эмэндээ дасан зохицтол бага зэрэг хугацаа шаардагддаг. Унтахаасаа нэгээс хоёр цагийн өмнө уувал энэ шинж тэмдгийг мэдрэлгүй өнгөрч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!