Таны хүүхэд ийм зан гаргадаг бол цаг алдалгүй засаарай!

Хүүхдийг хүн болгож, зөв хүмүүжүүлнэ гэдэг эцэг эхээс асар их хичээл зүтгэл, ур ухаан шаарддаг. Тэд цаг тутамд хүүхэддээ анхаарал хандуулж, тэднийг хаашаа чиглэн явж байна, тэдэнд юу тохиолдож байгааг нь анхаарахгүй аваас хүүхэд буруу хүмүүжилтэй болж, төлөвших аюултай аж. Иймд нийт эцэг эхчүүд болон ирээдүйд ээж аав болох залуустаа зориулан тоолгүй өнгөрч болохгүй хүүхдүүдийн зан чанаруудыг танилцуулъя.

1. Аливааг нууцлах

Заримдаа хүүхдүүд бусдыг дээрэлхэн, дарамталж байгаа үйлдлийн гэрч болсон ч, үүнийгээ бусдад хэлэхээс татгалзаж, нууж явдаг. Учир нь хов зөөж, буруу үйлдэл хийсэн хүүхдүүдийг бусдад мэдэгдсэнээр өөрийг нь зовоож, зодож мэднэ хэмээн айдаг бөгөөд энэхүү бодлоосоо болж хэт хувиа хичээсэн зан чанартай болж мэдэх юм.

Шийдэл: Энэхүү байдлаас хүүхдийг гаргахын тулд аливаа зүйлсийг эцэг эхээсээ нууцалж болохгүй, энэ нь даамжирсаар том асуудалд хүргэж болно гэдгийг сайтар тайлбарлаж өгөөрэй. Мөн хүүхдийнхээ яриа бүрийг чих тавин сонсож, тулгарсан асуудлыг нь хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй аж.

2. Ах дүүсийн муудалцаан

Эцэг эхчүүд өөрсдөө ч мэдэлгүй хүүхдүүдээ ялгаварлаж хандсан байдаг. Хичээл, спортод сайн, ухаантай хүүхдээ илүү их хайрлаж, анхаарал хандуулах нь бий. Ингэснээр цаана нь үлдэж байгаа хүүхэд нь хайр халамжаар дутагдаж, хаягдсан мэдрэмж төрж, бяцхан зүрхэндээ гуниг гомдол тээдэг байна. Үүнээс гадна, ах дүүдээ дургүй болж, харилцаа нь муудаж эхлэх нь бий.

Шийдэл: Хүүхдүүдээ яг нэг баг шиг болгоорой. Үргэлж хамтад нь хооллож, хайрлаж, цагийг зугаатай өнгөрүүлээрэй. Мөн хүүхэд тус бүртэй ганцаарчлан цагийг өнгөрүүлж, сэтгэлийн угаас ярилцаж, түүнд хичнээн их хайртай болохоо ойлгуулж хэвших ёстой юм. Энэ нь гэр бүлийг халуун дулаан уур амьсгалтай болгох аж.

3. Хулгай хийх

Хүүхэд гэнэт маш зөрүүд болж, бүхнийг сүйтгэж, сахилгагүйтэж эхэлдэг. Харсан бүхнээ нурааж, юу ч хэлэхгүй атлаа уурлаж, хоолоо ч идэхгүй уйлах үе байдаг. Тэр бүү хэл, бусдын эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч, хулгай хийх нь ч бий. Харин энэ нь үнэндээ эцэг эхийнхээ анхаарлыг татаж, тэднээр халамжлуулах гэсэн нууцхан хүсэл юм.

Шийдэл: Эхлээд хүүхэддээ зөв, буруу зүйлсийг ойлгуулж, дахин хэзээ ч хүний эд зүйлсийг зөвшөөрөлгүй авч болохгүй гэдгийг эелдгээр тайлбарлаарай. Дараа нь хүүхэддээ цаг гаргаж, хамтдаа хөгжилдөх хэрэгтэй. Хэдий та ажилтай завгүй байлаа ч, амьдралын утга учир болсон бяцхан үрээ тоолгүй орхиж болохгүйг анхаараарай. Харин хүүхэд тань хичнээн хэлсэн ч үг сонсохгүй, бусдын эд зүйлсийг хэлэлгүй аваад байвал, сэтгэл зүйч дээр очиж, тусламж хүсээрэй. Эс бөгөөс хулгай хийх нь тэдний зуршил болж ч мэдэх аюултай юм.

4. Бусдыг үл хүндэтгэх

Зарим хүүхэд 2 нас хүрмэгцээ бусдыг үл хүндэтгэж, муухай аашилж эхэлдэг. Том болох тусмаа бүдүүлэг авирлаж, энэ хэвээр зан чанар нь хэвшил болж, тогтох нь бий. Ялангуяа зурагт үзэж, бусдын муухай авирыг харж дуурайх нь маш том сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Харин тухайн үед эцэг эхийн анхаарал, хандлага чухал байдаг аж.

Шийдэл: Хүүхэдтэйгээ эелдгээр харилцаж, бусдыг хүндэтгэх тухай ярилцаарай. Мөн өөрөө түрүүлж ам нээхээс илүүтэй бусдыг сонсох хичнээн чухал зан чанар болохыг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдийг муухай аашиллаа гээд өөдөөс нь загнаж, аашлах нь эсрэгээрээ сөрөг үр дүнд хүргэхийг анхаараарай.

5. Худал хэлэх

Хүүхдүүд 7 нас хүрсэн цагаас эхэлж төсөөлөн бодох чадвар нь сайжирдаг байна. Тиймдээ ч ээж аавдаа загнуулахаас эмээж, хүссэн зүйлсээ авахын тулд худал хэлж эхэлдэг аж.

Шийдэл: Тайван байх хэрэгтэй. Гэр бүл, найз нөхдийн харилцаанд үнэнч шударга байх хичнээн чухал мөн чанар болохыг тайлбарлаж, хүүхэдтэйгээ ярилцаарай. Загнаж, шийтгэхээс илүүтэй зөөлнөөр ярилцаж, яагаад худал хэлсэн болохыг нь лавлаж, ахин ингэж болохгүйг сануулах нь зүйтэй. Харин энэхүү нөхцөл байдал маш олон удаа давтагдаж, хүүхэд тань хичнээн хэлээд ч үг авахгүй байвал, мэргэжлийн сэтгэл зүйчдээс тусламж аваарай.

6. Гонгинох

Үргэлж ямар нэгэн зүйл нэхэж, уйлж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй үе гэж хүүхдүүдэд байдаг. Энэ нь тэдний хувьд ямар нэгэн зүйл болохгүй байгаа, сэтгэл нь тавгүй, нэг зүйл дутагдаад байгаагийн илрэл аж.

Шийдэл: Энэ үед эцэг эхчүүд аль болох тайван, уурлаж бухимдахгүй байх хэрэгтэй. Зөөлөн тайвнаар хүүхдээсээ юу хүсч байгааг нь асууж, гонгинолгүй зүгээр ярихыг сануулаарай. Тэднийг уйллаа гээд загнах нь асуудлыг хүндрүүлж, улам бүр зөрүүд болгох эрсдэлтэй юм.

7. Үлгэр дууриалал

Хүүхэд тань бусдыг хүндлэхгүй, бүдүүлэг аашилж, зовоогоод байвал асуудлыг өөрсдөөсөө хайгаад үзээрэй. Хүүхэд эцэг эхийнхээ толь гэдэг учир гэр бүлийн хандлагаас хамаарч, ааш зан нь хувирч өөрчлөгддөг байна.

Шийдэл: Эхлээд эцэг эх нь өөрсдөө хоорондоо маш хүндэтгэлтэй харилцаж, бие биенийгээ хайрын дээдээр хайрлаж байгаагаа харуулах хэрэгтэй. Хайранд умбаж, өссөн хүүхэд зөөлөн, дулаахан сэтгэлтэй болдог.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!