Охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж байгаа ”Top Line” хамтлагийн залуус нууцаа дэлгэлээ

Нэгэн үед залуусын сэтгэл зүрхийг булиглуулж, дурлал хайрынх нь гэрч болж байсан “Зүүдний дагина” дууг сэргээн дуулж олноос чамгүй өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол ӨМӨЗО-ны “Top Line” хамтлаг.

Тэд саяхан өөрсдийн анхны бие даасан уран бүтээлээ үзэгчдэд толилуулж Монголын хөгжмийн ертөнцөд удаан салхилаагүй шинэ салхийг мэдрүүлж чадсан. Үүний дараагаар хамтлагийн залуус олны анхаарлыг ихээр татах болж дараагийн уран бүтээлийг нь сонсохыг хүсэгчдийн тоог ихээр нэмэгдүүлсэн.

Хамтлаг 2017 оны 12-р сард Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр Монголын Шилийн аймгаас гаралтай залуус тус хамтлагийг бүрдүүлдэг байна. Хамтлагийн ахлагчийг Хөхбилүү гэдэг. Тэрээр хамгийн анх Монголд 2015 онд ирж нэг жил гаруйн хугацаанд Мөнгөнсүх багшийнхаа удирдлага дор дуулах урлагт суралцаад буцсан байжээ. Үүний дараагаар Мөнгөнсүх ӨМӨЗО-д очиж залууст хичээл заан хамтлаг бүрдүүлсэн бөгөөд энэ цагаас эхлэн “Top Line” хамтлагаар овоглогдох болсон байна.

Хамтлагийн гишүүн Наранцогтыг тус хамтлагийн хамгийн сайхан инээмсэглэдэг залуугаар тодруулжээ. Монголд ирэхийг тэсэн ядан хүлээж байсан Наранцогт вагоноос буумагцаа хаа сайгүй Монгол хүн байгааг хараад ихэд баярласан гэнэ лээ. Бүгдтэй нь очоод гар барихыг хүссэнээ нуугаагүй тэрээр 1994 онд мэндэлсэн байна.

Хамтлагийн гишүүн Сүрлэг хамгийн стиллэг залуугаар тодорсон байна. Түүнд Монгол үндэсний хоолнууд хамгийн ихээр таалагджээ. Хаана ч орсон амттай басхүү мах ихтэй хоол зооглох боломжтой хэмээсэн тэрээр 1996 онд Шилийн гол аймагт мэндэлжээ.

Харин хамтлагийн хамгийн царайлаг бөгөөд нуруулаг залуугаар Бөхөөг нэрлэжээ. Тэрээр хамтлагийнхаа хамгийн залуу гишүүн. Мөн хамгийн сайн бүжигчин нь. 1997 онд Шилийн гол аймагт мэндэлсэн тэрээр мөн л хаашаа ч харсан Монголчууд байдагт хамгийн ихээр баярлаж байсан аж.

Хамтлагийн залуусыг Ар Монголд уран бүтээл туурвихыг багш, продюсер Мөнгөнсүх нь анх санал болгож байжээ. Сурагчиддаа үргэлжид Монгол дуу сонсгон дуулах урлагийн хичээл заадаг байсан нь залуусыг мөн энэ зүг татагдахад ихээхэн нөлөө үзүүлсэн байна.

Цаашдаа Монголын топ хамтлагуудын тоонд багтах хүсэл эрмэлзэлтэй яваа залуус ойрын 2 жилийн дотор цомог гаргахаар төлөвлөжээ. Харин таван жилийн дараа гэхэд топ хамтлагуудын тоонд багтах хүсэлтэй байгаа залуусын их аянд өндөр амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!