Би хүүхдээ дэлгүүрээс элдэв хачин юм авч идэх вий гээд өөрөө өдөр бүр үүнийг хийж өгч явуулдаг. Та ч бас сонирхоод үзээрэй!

Манай ээжүүд хүүхдэдээ аль болох гэрийн хоол өгч, эрүүл хооллохыг хичээдэг л биз дээ. Гэтэл хүүхэд тань сургууль дээрээ өлсөж, гуанз эсвэл дэлгүүрээс төрөл бүрийн хэрэггүй зүйлс худалдан авч идээд байвал хэцүү санагдах нь гарцаагүй.

Тэгвэл та өөрийн гараар хялбархан нэг төрлийн бургер бэлтгэж, хүүхдэдээ өгч явуулаарай. Энэ нь тун ч амттай тул таны хүүхдэд таалагдах нь гарцаагүй. Заавал хүүхэд гэлтгүй нөхөртөө бас цайны цагаар идэхэд зориулж савлаад өгөөрэй.

Орц:

Зуурмагт:

  • Бүлээн ус – 1 стакан
  • Бүлээн сүү – 1 стакан
  • Гурил – 5 аяга
  • Өндөгний цагаан – 1 ширхэг
  • Хөөлгөгч – 1 уут
  • Элсэн чихэр – 1 цайны халбага
  • Давс – 1 цайны халбага

Чимэглэлд:

  • Бяслаг
  • Улаан лооль
  • Гахайн утсан мах

Хийх арга:

Гурилны зуурмагт орох бүх орцоо хольж, зуурмагаа бэлтгэнэ. Зуурсан гурилаа таглаж, дулаан газар 30 минут амраагаарай. Ингээд амарсан гурилаа жижиг жижиг хэсэгт хуваах бөгөөд гартаа багахан ургамлын тос түрхэж, тасалсан гурилаа гараараа багахан дарж сунгана.

Ингээд сунгасан гурилаа голоор нь нэг нугалаад, ахиж тослоод баруунаас зүүн дахин нугална. Бүх гурилаа энэ маягаар бэлтгээрэй. Таны тасалж авсан гурил хуушуурны гурилны хэмжээтэй адил байх ёстойг анхаар.

Бэлтгэсэн гурилнуудаа шарах шүүгээний тавцан дээр өрж, дээгүүр нь өндөгний шараар бүрнэ. Үүнийгээ 180 хэмд 15-20 минут жигнээрэй.

Одоо харин улаан лоолио нимгэн нимгэн хэрчиж, гахайн утсан махаа ч мөн өргөн нимгэн хэрчиж бэлтгэнэ. Ингээд бэлэн болсон талхаа гаргаж, завсруудаар нь бяслаг, улаан лооль болон гахайн утсан махаа хийхэд хангалттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!