Гадаад хэлний ямар ч шинэ үгийг хэзээ ч мартахгүйгээр цээжлэх 3 минутын арга

Оросын алдартай хэл судлаач, гадаад хэлний багш Антон Брежестовский гэдэг хүн энэхүү аргыг нээжээ. Түүний хэлснээр 90 секундийн хугацаанд ямар ч гадаад хэлний өгүүлбэрийг ой тоондоо ортол, хэзээ ч мартахгүйгээр цээжлэх боломжтой бөгөөд тэрбээр өөрөө энэ аргаа ашиглан арван гадаад хэлийг сурсан байна.

Хүмүүсийн хэл сурахдаа гаргадаг хамгийн том алдаа

Ихэнх хүмүүс сургуульд байхаасаа л шинэ үг тааралдангуут дэвтэр дээрээ орчуулгатай нь бичиж авдаг зуршилтай болчихсон байдаг. Гэхдээ ховорхон тохиолдолд л дараа нь тэр дэвтрээ сөхөж хараад, тэмдэглэж авсан шинэ үгээ суугаад цээжилдэг нь үнэн шүү дээ.

Дэвтрээ сөхөж хараад, бичсэн шинэ үгээ хорь, гучин удаа уншвал тогтоож магадгүй ч хэсэг хугацаа өнгөрсний дараа марчихсан байх болно. Жишээ нь, тасалгааны цэцэг рүү тал аяга ус хийхэд түүнийг хөрс нь шингээж аваад, шим тэжээл болгон ашиглах болно. Харин цэцэг рүүгээ бүтэн хувин ус хийчихвэл илүү гарсан ус нь дорхноо л савныхаа дээгүүр, доогуур халиад асгарчихна. Өөрөөр хэлбэл их хийхдээ бус зөв хэмжээгээр хийхдээ л байгаа юм.

Шинэ үг цээжлэх 90 секундын арга

Шинэ үгийг цээжлэхийн тулд юуны өмнө дэвтэр дээрээ буулгах нь зөв ч дангаар нь биш, өгүүлбэрт оруулан бичих хэрэгтэй. Учир нь дан ганц үг цээжиллээ гээд хаана, хэрхэн хэрэглэхийг нь мэдэхгүй бол ямар ч нэмэргүй шүү дээ. Харин өгүүлбэр доторх цээжилж байгаа шинэ үгээ тодруулагчаар ялган тэмдэглээрэй.

Долоо хоногийн турш энэ өгүүлбэрээ өдөрт нэгээс хоёр удаа унш. Тэгэхдээ энэ үгийг заавал цээжлэх ёстой хэмээн өөрийгөө хүчлэх биш, харин ямар утгатай зүйлийг цээжлээд байна вэ? гэдэгтээ л анхаарлаа төвлөрүүл. Өгүүлбэрийг хоёр удаа давтан хэлэхэд өдөрт ихдээ 10 секунд л орно.

Долоо хоног ингэж давтсаны дараа долоо хоног завсарлаж, үүний дараа өгүүлбэрээ 10 секундэд гурван удаа анхаарлаа сайтар төвлөрүүлж, тод, чангаар унш.

Үүнээс яг долоо хоногийн дараа дахиад энэ өгүүлбэрээ 10 секундэд гурван удаа чангаар унш.

70 + 10 + 10 = 90 Секунд

Энэ аргыг олон хүн туршиж, амжилттай хэрэгжүүлж байсан бөгөөд хүний тархины онцлогийг маш сайн тусгасан, нарийн арга гэдгээрээ онцлогтой юм.

Энэ арга яагаад үр дүнтэй вэ?

Хүний ой санамж маш сонирхолтой зарчмаар ажилладаг. Хүн ямар нэг зүйлийг 7-9 удаа өөр өөр нөхцөл байдалд харах үед хэзээ ч мартахгүйгээр цээжилдэг. Энэ бол тархины мэдрэлийн эсүүд хоорондын хүчтэй холбоог үүсгэх тохиромжтой хугацаа юм. Өөрөөр хэлбэл, хүн ямар нэг зүйлийг мартсан бол түүнтэй холбоотой мэдрэлийн эсүүдийн холбоо сул байсантай холбоотой аж.

Мэдээж гурван долоо хоногт ганцхан өгүүлбэр цээжлэх нь утгагүй тул нэг дор хэд хэдэн өгүүлбэрийг энэхүү ерэн секундийн аргаар цээжилж байгаарай. Үүний тулд өөртөө зориулан хүснэгт хийж болох юм.

Тухайн өгүүлбэрээ давтсаныхаа дараа хүснэгтэн дээрээ зураг дээрх шиг тэмдэглэгээ хийгээрэй.

Энэхүү аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд өгүүлбэрийг уншиж байгаа арван секундийн хугацаандаа анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэхийн сацуу сэтгэл хөдлөл ихтэй байх хэрэгтэй юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!