Хүүхэлдэйн кино үзэх нь хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг болохыг ээж та мэдэх үү?

Технологийн эрин үед амьдарч байгаа хүн гэлтгүй бага насны хүүхэд хүртэл өнөөдөр гар утас ашиглаж, өөрийн хүссэн хүүхэлдэйн кино, контентийг хүлээн авч үздэг болсон. Ихэнх аав ээжүүд хүүхдэдээ хүүхэлдэйн кино үзүүлэх дургүй байдаг.

Энэ нь хүүхдийг бодит амьдралаас тусгаарлаж, баригдмал, нэгэн хэвэнд цутгасан мэт болгоно гэх айдастай холбоотой байдаг болов уу. Тэгвэл одоо та бүхэндээ хүүхэлдэйн кино үзэх нь хүүхдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлдөг болохыг товчхон тайлбарлаж өгье.

Үнэндээ сэтгэл зүйч судлаач нар хүүхдэд хүүхэлдэйн кино үзүүлэх нь буруу биш, харин ч олон давуу талтай болохыг онцолж байгаа юм.

  • Хүүхдийн төсөөлөн бодох чадвар тэлнэ. Тэд хүүхэлдэй үзэж, оршин байдаггүй зүйлсийг байгаа мэтээр төсөөлж, өөрсдийн мөрөөдлийн ертөнцөд очих боломжийг үүсгэдэг. Энэ нь ирээдүйд тэднийг чөлөөтэй сэтгэдэг, бүтээлч нэгэн болоход туслах аж.
  • Олон төрлийн мэдээлэлтэй болно. Ихэнх хүүхэлдэйн кино нь урлагаар дамжуулж хүүхдийг сургаж байдаг. Тэд хүүхдүүдэд энэ болохгүй, харин энэ болно гэхчлэн тайлбарлаж, амьдралд байдаг гэгээлэг, сайхан бүхнийг болоод алдаж болзошгүй нөхцөл байдлуудыг тайлбарлан гаргадаг нь талархууштай.
  • Зарим эцэг эхчүүд хүүхэлдэйн киног зүгээр л нэг дуу хуур болсон, инээдтэй зүйл гэж боддог боловч, энэ нь цаагуураа хүүхдийг сургаж байдаг аж.
  • Зан байдлыг төлөвшүүлнэ. Мэдээж зарим нэг болохгүй хүүхэлдэйн кинонууд байдаг. Тэд хүүхдүүдэд буруу үлгэрлэл үзүүлэх нь бий. Гэхдээ сайн нь муугаасаа олон гэдгийг санаарай. Хүүхдийг зөв чигт чиглүүлж, зан байдлыг нь төлөвшүүлэх олон хүүхэлдэйн кино байдаг.
  • Хэрэв та боломжтой бол хүүхэдтэйгээ хамт сууж, хүүхэлдэйн кино үзэж, хоорондоо ярилцаарай. Энэ нь та хүүхдэдээ өөрийн бодол хийгээд, сургаалийг хүүхэлдэйтэй уялдуулан айлдах хамгийн тохиромжтой арга юм шүү.
  • Мартагдашгүй дурсамжийг бий болгоно. Би хүүхэд байхдаа тийм хүүхэлдэй үздэг байсан, намайг хүүхэд байхад тийм хүүхэлдэй од болж байсан гээд л та ч бас ярьдаг л биз дээ. Тиймээс хүүхдэдээ ч бас тэгж ярих боломжийг гаргаж өгөн, хүүхэлдэйн кино үзэхийг нь хэт хориглох хэрэггүй.

Хүүхдэдээ ямар хүүхэлдэйн кино үзүүлэх нь зөв бэ?

Эцэг эх бүр л хүүхдэдээ зөв төлөвшил олгох хүүхэлдэйг үзүүлэх юмсан гэж боддог. Та ч бас тэдний нэг бол хэт их зүйл бодож, судалгаа хийх шаардлагагүй. Зүгээр л хөнгөн яриатай, хөгжилтэй болоод богино хэмжээний хүүхэлдэйг үзүүлээрэй. Хэрэв тэр хүүхэлдэй ч бас таны хүүхдэд таалагдаж байвал, сонголт тань зөв байсныг илэрхийлэх юм.

Хэрвээ та зөв хүүхэлдэйн киног хүүхдэдээ сонгож өгсөн бол энэ таны хүүхдийнхээ хөгжилд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт юм шүү. Сүүлийн үед өнгө, үсэг тоо, ан амьтан, эх дэлхийн тухай мэдээллийг хөгжилтэй хөнгөн байдлаар хүүхдүүдэд хүргэдэг хүүхэлдэйн кинонууд маш олон болсон. Та тэндээс сонголтоо хийхэд л хангалттай. Мөн англи хэл дээрх хүүхэлдэй үзүүлж, дуу сонсгох нь тэдний үгийн сан болоод сонсголыг бага наснаас нь сайжруулж, суурь болж өгдөг билээ.

Хамгийн гол нь та утас, компьютероо хүүхдэд асааж өгөөд, тоолгүй орхиж болохгүй. Тэнд төрөл бүрийн хачин жигтэй бичлэгүүд дүүрэн байх тул зөвхөн хүүхдэдээ хэрэгтэй гэснийг түүж үзүүлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!