Талийгаач Чамин-Эрдэнийн эх Гэрэлхүү: Яг жинхэнэ алуурчин 4 эрэгтэй, 2 эмэгтэй байгаа. Удахгүй баримттайгаар нийтэд зарлана…

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрээс амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтээр түүнийг өндрөөс унаж амиа алдсан, гадны нөлөө байхгүй гэх мэдээллийг олон нийтэд өгсөн.

Харин энэхүү дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн хохирогчийн ар гэрийнхэн хувийн мөрдлөг явуулж 3 хавтас дүүрэн нотлох баримт цуглуулснаа ээлж дараатайгаар олон нийтэд цацаад буй.

Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү тус хэргийг захиалгат аллага хэмээн зарлаад байна. Тус хэрэгт 4 эрэгтэй 2 эмэгтэй шууд холбоотой хэмээн тэрээр мэдэгдсэн бөгөөд бусад хамсаатнуудыг бүгдийг нь хил гаргасан, тун удахгүй үүнийг баримттайгаар нийтэд зарлахаа мэдэгдлээ. Энэ тухай тэрээр “Аллагад оролцсон бүх хүн БНСУ-д байгаа. Би алуурчдыг заавал олж дүүгийнхээ нэр хүндийг сэргээнэ.

Бүхэл бүтэн найман жил өөрийнхөө чадлаар явсан хүүхэд бусдын гарт зэрлэгээр амиа алдлаа. Яагаад нас барсан хүн амаа эцсээ хүртэл ангайж үхдэг талаар Швейцар эмчээс асуутал чанга орилоход нь дуугүй болгох гээд аманд нь юм чихээд, нугасыг нь тасалсан учраас гэж хэлсэн. Аллага 09.30-аас эхэлсэн.

Талийгаачийг гэрээс нь авч гараад өөр газар тамлаж алсан. Эхлээд хөлийг нь хугалсан. Би үүнийг батална. Надад баримт нь байна. Талийгаачийн аравдугаар сарын 21-24-ний гар утасны дуудлагыг олсон байхад л хэрэг илэрнэ. Гэрчүүдийн мэдүүлэг надад он, сар, өдөртэйгөө байгаа.

Хамсаатангуудыг Солонгос явуулсан байсан. Мөн гэрчүүдийг өөр улс орон руу явуулсан. Яг жинхэнэ алуурчин 4 эрэгтэй, 2 эмэгтэй байгаа. Удахгүй баримттайгаар нийтэд зарлана. Миний хувьд үнэнийг дэлгэхээс айхгүй. Намайг заналхийлсэн мессежүүдийг хамгийн сүүлд дэлгэнэ” хэмээжээ.

Тэрээр талийгаачийн өмсөж явсан хувцсыг Францын шүүх шинжилгээний байгууллагад өгч шинжлүүлэх тухайгаа мөн дурдсан бөгөөд энэ хэргийг олон улсын хэмжээнд гарган ирж олон улсын өмгөөлөгчидтэй хамтран ажиллаж тус хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдүүлэхээ илэрхийлжээ.

Эх сурвалж: FactNews.mn

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!