Эрэгтэй хүүхдээ хүмүүжүүлэхдээ эцэг эхчүүд ямар алдаа гаргадаг вэ?

Эрэгтэй хүүхдийн тархины хөгжил нь эмэгтэй хүүхдийг бодоход илүү хожуу хөгждөг байна. Та анзаарч байсан бол, бага ангид байхад охидууд ихэвчлэн онц сурч, аливааг түргэн ойлгодог байсан шүү дээ. Энэ нь тэдний баруун тархины хөгжилтэй холбоотой бөгөөд бид та бүхэндээ алдартай тархи, мэдрэлийн эмчийн зөвлөсөн хэрэгтэй мэдээллийг хүргэж байна!

1. Эрэгтэй хүүхдэд хичээл заахад яагаад хэцүү байдаг вэ?

Тархи, мэдрэлээр дагнасан алдарт судлаач, эмч Аллан Шоре (Allan Shore) өөрийн ажилласан судалгааны дүнг эцэг эхчүүдэд хуваалцжээ. Тэрээр: “эрэгтэй хүүхдийн баруун тархи нь эмэгтэй хүүхдийнхээс илүү удаан хөгждөг” болохыг онцлон дурджээ. Тиймээс ч өсөж яваа эрэгтэй хүүхдүүд охидыг бодоход ааш багатай, орчиндоо дасах чадвар харьцангуй бага байдаг аж.

Мөн ямарваа стресс, дарамтыг даван туулах чадвар бага бөгөөд, хэт их сэтгэлийн дарамтанд орвол сэтгэцийн эмгэг, аутизмын синдромоор өвчлөх нь элбэг байна. Тиймээс ч эрэгтэй хүүхдэд ээжийн нөмөр нөөлөг, түшин тулгуур маш хэрэгтэй байдаг. Хэцүү үед нь хамт байж, шаардлагатай үед чиглүүлж өгснөөр ирээдүйд амжилтанд хүрч, биеэ даах нь нэмэгддэг. Ялангуяа эрэгтэй хүүхдийг 1 нас хүртэл нь харж халамжлан, илүү их хайраар тордох хэрэгтэй.

2. “Аллан Шоре”-ийн эрэгтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд өгсөн зөвлөгөө

Хүүхэд төрсний дараа ээж хүү хоёрыг битгий тусад нь байлга! Дөнгөж төрсөн хүүхдийн орчин өөрчлөгдсөнөөр гэнэтийн стресс, хямралд орж, түүнийгээ уйлж илэрхийлдэг. Энэ үед хүүхдийн кортисол дааврын хэмжээ ихэсдэг бөгөөд ялангуяа хөвгүүдэд илүү нөлөөлдөг. Хөвгүүдийн кортисол дааврын хэмжээ ихсэх нь хүүхдийн тархины хөгжил, эрүүл мэндэд сөрөг үр нөлөөг авчирж болно. Иймд хүүхэд эх дээрээ байснаар илүү тайван байж, тус дааврын ялгаралт буурдаг байна.

Хүүхдийг нэг нас хүртэл нь илүү их цагийг хамт өнгөрүүл! Эрэгтэй хүүхдийг нэг нас хүртэл тархины үйл ажиллагаа нь эрчимтэй хөгждөг. Энэ үед хүүхдийг их уйлуулах, стресстүүлэх нь том болоод ой тогтоолт, оюуны хөгжил муутай болоход нөлөөлдөг.

Хүүхдэдээ боловсрол олгохдоо битгий хатуу ханд! Дээр дурдсанаар хүүхдийг нэг нас хүртэл нь аль болох өөрийнх нь зөнгөөр байлгах хэрэгтэй. Энэ үед хэт их хориглож, дарамт шахалт үзүүлснээр хүүхэд өөрийгөө илэрхийлэх тал дээр асуудалтай болж, сэтгэцэд нөлөөлдөг. Уйлахыг нь хориглосны хэрэггүй бөгөөд ганцааранг нь битгий үлдээгээрэй. Энэ үед хүүхэд маш их айдаг байна. Тэднийг үргэлж үнсэж, тэврэн хайрлах хэрэгтэй.

Мөн хүүхдийн эргэн тойронд хортой бодис байгаа эсэхийг хар! Тоглож байгаа тоглоомны шингэн, эргэн тойронд байгаа бодис гэх мэт… Ялангуяа “фенол” хэмээх бодис нь хөвгүүдийн тархины үйл ажиллагааг сааруулдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!