Буйлны үрэвслээ тоохгүй явсаар сүүлдээ бүх шүд маань суларч унаад, хар залуугаараа хиймэл шүд зүүхээс өөр аргагүй болсон. Харин та над шиг болохгүйн тулд…
Насанд хүрсэн хүн бүрт хэзээ нэгэн цагт буйл хөндүүрлэн мэдрэг болж үрэвсэх асуудалтай тулгарч байсан туршлага бий гэдэгт эргэлзэхгүй байна. Шүд угаахад буйлнаас цус гарч, шүд угаах, шүдний завсар цэвэрлэх, хоол идэх үед ч тэр хэсэгтээ хөндүүрлэн эмзэг болж байсан байж болох юм. Энэ бол буйлны үрэвсэлт өвчин юм.
Буйлны үрэвсэл нь шүдэн дээр хуримтлагдсан өнгөр ба нянгийн гаралтай биохальсны хорт бүтээгдэхүүнүүдээс шалтгаалан үүсдэг үрэвсэлт өвчин юм. Биеийн бусад эрхтэн тогтолцооны үрэвсэлүүдээс ялгаатай нь үрэвслийн шинж тэмдэг төдийлөн хүчтэй тод илрэхгүй тул буйлны үрэвсэлийг дийлэнх хүмүүс үл тоомсорлосноор илүү хүнд үе шатанд орсон хойно нь эмнэлэгт хандах нь элбэг. Буйлны үрэвсэл бол эмчлэгддэг өвчин.
Харин үүнийг цаг тухайд нь эмчлэлгүй үл тоомсорлох юм бол илүү ноцтой үр дагаварт хүргэх дараагийн үе шат буюу шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин болон хүндэрдэг. Иймд буйлны үрэвсэлийг цаг тухайд нь таслан зогсоож, эмчлэх шаардлагатай.
Буйлны үрэвсэлийн үед дараах шинж тэмдэгүүд илэрнэ.
- Шүд, буйлаа угаах үед бага зэрэг цус гарах
- Буйлны хэсэгт сойз хүргэж угаах үед болон шүдээ чигчилэхэд хөндүүрлэж цус гарах
- Шүлсээ сороод хаяхад цустай байх
- Буйл хавагнаж үрэвсэх
- Буйлны өнгө улаан, ягаан туяатай байх
- Амнаас эвгүй үнэр гарах
Буйлны үрэвсэл үүсэхээс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?
Шүдээ тогтмол цаг хугацаанд байнга цэвэрлэх
Цэвэрлэлгүй орхисон шүд нь өнгөр үүсэх, хуримтлагдах гол шалтгаан болно. Өнгөр нь аажимдаа хатууран буйлны гүн хэсэгт шүдний чулуу болон хувирсанаар буйланд сөрөг нөлөө учруулж эхлэнэ. Амны эрүүл ахуйг сахилгүй, шүдний чулууг авалгүй энэ чигт нь орхивол тэр хэсэгт буйлны үрэвсэлт өвчин үүсэх бөгөөд үрэвсэлийн улмаас амны хөндийд ил шархлаа үүсэж нян бактери хүний биед нэтрэх үүд хаалга болж өгнө. Үүний улмаас амны хөндийн хөнөөлт нян бактериуд цусны урсгалд нэвтрэн амны хөндийгөөс бусад эрхтэн тогтолцооруу дамжин халдварлах боломж нээгдэнэ.
Ийм нөхцөл байдлын таслан зогсоох, үүсгэхгүй байх нь маш хялбархан. Өдөрт шүдээ хоёр удаа угаах, шүд хоорондын завсараа ердөө ганцхан удаа цэвэрлэхэд л хангалттай. Хэрэв боломжтой бол хоол идэх болгоныхоо дараа шүдээ угаадаг байх нь бүр илүү тустай.
Хангалттай тэжээлэг хоол хүнс хэрэглэх
Буйлны үрэвсэлийн гол шалтгаан бол нян бактери бөгөөд түүний ялгаруулж буй хорт бүтээгдэхүүнүүд юм. Хэрэв та витамин ба тэжээлэг найрлагаар баялаг хоол хүнс хэрэглэж байгаа бол энэ нь таны биеийг нянгийн довтлогооноос хамгаалах хамгаалалт үүсгэхэд туслана. Болж өгвөл хоол хүнсэндээ хүсний ногоо, жимс ихээр хэрэглэж давс чихрийн агууламж өндөр боловсруулсан хоол хүнснээс зайлсхийх нь зөв.
Мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ нэн чухал
Хэрэв та өөртөө буйлны үрэвсэл үүссэн байна гэж сэжиглэж байгаа бол тулгуур эдийн өвчлөлийн чиглэлээр мэргэшсэн шүдний эмчид хандах нь зүйтэй. Мэргэжлийн эмч таны шүдийг шаардлагатай түвшинд хүртэл цэвэрлэж өгч, буйлны үрэвсэлээс сэргийлэх болон үрэвсэлийг таслан зогсоох баталгаатай эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх болно. Мөн 6 сар тутам шүдний эмнэлэг орж шалгуулж байгаарай.
Шүдээ зөв угааж цэвэрлэх
Шүдээ угаахаасаа өмнө шүд хоорондын завсараа зориулалтын утсаар цэвэрлэх нь зөв. Энэ нь шүд хоорондын завсарт тээглэсэн хоол хүнсний үлдэгдлийг цэвэрлэхэд туслана. Үүний дараа шүдний гадаргуунуудыг шүдний оо ашиглан сойзоор угааж цэвэрлэнэ. Шүд хоорондын завсараа утсаар цэвэрлэхдээ нэг завсарыг олон удаа давтан цэвэрлэхээс зайлсхийх хэрэгтэй бөгөөд ийнхүү олон удаа ухаж төнхөх нь хоол хүсний үлдэгдэл болон нян бактерийг буйлны гүнлүү чигжих шалтгаан болж болзошгүй.