Ухаалаг эмэгтэйчүүдийн хайртай залуудаа хэлдэггүй 7 зүйл

Эмэгтэй хүн хатан ухаанаараа эр хүнийг залж чиглүүлэн, гэр бүлээ аз жаргалтай, амар тайван байлгадаг хэмээн хэлэлцдэг. Харин сүүлийн үед охид бүсгүйчүүд маань ухаанаа гайхуулж, эрчүүдийн аргыг олох бус уурлаж бухимдахыг тэргүүнд тавих болсон нь харамсалтай. Иймд нийт бүсгүйчүүддээ зориулж ухаалаг бүсгүйн амраг хайртаасаа хэзээ ч шаардахгүй зүйлсийг дуулгаж, үүнээс үлгэр жишээ авахыг зөвлөе.

1. Чи намайг хайрлахгүй, халамжлахгүй байна

Эмэгтэй хүнийг эмзэг, мэдрэмтгий хэмээдэг. Магадгүй тэд энэ үгэнд хэт их итгэж орхидгоос ч тэр юм уу, эрчүүдийг үргэлж өөрийг нь халамжилж, хайрлаж байгаасай гэж хүсдэг юм. Гэвч зарим тохиолдолд хайртай залуу нь түүнээс илүүтэй өөр зүйлд анхаарлаа хандуулах, бага зэрэг сатаарах мөч гардаг бөгөөд бүсгүйчүүд үүнийг даван гарч чадалгүй бухимдсаны улмаас хосуудын дунд хэрүүл маргаан бий болдог ажээ. Ухаалаг бүсгүйчүүд үүнийг маш сайн мэддэг тул тэвчээр зааж, түүнийгээ хайрладаг төдийгүй хайрла гэж уурлаж суухын оронд өөрийг нь хайрлахаас өөр аргагүй байдалд оруулж чаддаг гэнэ шүү.

2. Хайртай л юм бол…

Зарим бүсгүйчүүд эрэгтэй хүнийг яг л бирд эсвэл алтан загас шиг ойлгож хэрэв надад хайртай л юм бол тэрийг тэг, энийг ингэ гэж эрхлэн тушаадаг. Магадгүй эл үйлдэл нь эхэндээ зарим эрчүүдэд өхөөрдөм хөөрхөн санагдаж болох хэдий ч удаан үргэлжилвэл залхаж, бухимдаж эхэлдэг юм.

Харин мэдрэмжтэй, төгс бүсгүйчүүд хэзээ ч тус үгийг ашигладаггүй төдийгүй юу хэлэх, яаж хандахаа тун ч сайн мэднэ. Тэд өөрсдийн ухаанаар хайртыгаа залж, амжилт бүтээл, аз жаргалтай гэр бүлийг цогцлоох гол түлхүүр нь болж өгдөг аж.

3. Найзуудтайгаа битгий уулз

Хүн бүрийн хувьд гэр бүл болон найз нөхөд нь хамгийн үнэ цэнэтэй чухал хүмүүс байдаг. Харин тэднээсээ хөндийр, хагацаж сал гэж хэлэх нь дэндүү утгагүй хэрэг билээ. Үүнийг маш сайн мэддэг ухаалаг бүсгүйчүүд эл үгийг өөрсдийн үгийн сангаас авч хаясан байдгаар зогсохгүй, бүр эсрэгээрээ гэр бүлийнхэн болон найз нөхөдтэй нь дотносож, халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг юм. Ийм гайхалтай бүсгүйг хэн алдахыг хүсэх вэ дээ?

4. Хайртыгаа бусдад муулдаггүй

Хосууд муудалцсаны дараа бүсгүйчүүд амраг хайртыгаа найз нөхөд болон гэрийнхэндээ муулж, элдвээр харааж, хамаг булхайг нь дэлгэдэг. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд бүсгүй та бүгдийг мартаж, эргээд л түүнтэйгээ эвлэрдэг бол найзууд, гэр бүлийнхэн тань хэзээ ч мартдаггүй тул нөхөр, найз залууг тань үргэлж муу муухайгаар бодож байдаг юм. Харин алсын бодолтой бүсгүйчүүд йм зүйл болох вий хэмээн сэргийлж, амраг хайртаа муулалгүй, бухимдаж байсан ч дотроо хадгалаад өнгөрдөг аж.

5. Ижил сонирхолтой бол

Мэдээж хүний сонирхол гэдэг хүслээр болно гэж үгүй. Хүн бүрийн хүсэл сонирхол өөр хоорондоо харилцан адилгүй байх тул үүнийг хүчээр өөрчилж, өөрчлөхийг шаардана гэдэг хамгийн тэнэг үйлдэл байж мэднэ. Ухаалаг бүсгүйчүүдийн тухайд хайртай хүнээ өөрчлөх гэж оролдоггүй бөгөөд байгаагаар нь хүлээн зөвшөөрч, өөрсдийн мэдрэмж, хайраа хуваалцдаг билээ. Нэгэнт бүхнээ мэдэлцэж, нэг нэгнээ бүрэн хүлээн зөвшөөрсөн хосуудад ямар саад учирна гэж? Ийм хосуудын харилцаа цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр хүчирхэгжин, хайр сэтгэл нь нэмэгдэж байдаг.

6. Өөр бүсгүй рүү битгий хар

Хайртай хүнээ бусдад алдчих вий хэмээн эмээдэггүй хүн гэж үгүй. Гэхдээ үүнийгээ хэтрүүлж, хардалт болгон хувиргавал хосуудын харилцаа тэр дороо үгүй болж орхидог. Харсан хүүхэн бүртэйгээ хардаж, утгагүй хэрүүл хийх нь эрчүүдийн бухимдлыг төрүүлж эхэлдэг тул хий хоосон хардалтаас зайлсхийдэг уужуу тайван, ухаалаг бүсгүйчүүд ийм зүйлтэй хэзээ ч тулгардаггүй ажээ.

7. Би чамд итгэхгүй байна

Хайр гэдэг итгэлцэл дээр тогтдог. Нэгэндээ итгэж, хайрлаж хүндэлснээр тэдний хайр улам бүр батжиж, хэзээ ч хагарч, ан цав гарахгүй болдог юм. Харин хайртдаа дэндүү их итгэдэг ухаалаг нинжин бүсгүйн итгэлийг алдсан тохиолдолд буцааж олж авна гэдэг бүтэшгүй зүйл бөгөөд ийм явдал тэдний сэтгэлд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээж, зүрхийг нь шархлуулж орхидог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!