Гэмтэлтэй үсийг гэрийн нөхцөлд арчлах шалгарсан аргууд

Үс сайхан бол зүс сайхан гэдэг шүү дээ. Тиймдээ ч хүн бүхэн намирсан, эрүүл гэзэгтэй байхыг хүсдэг. Гэвч зарим бүсгүйчүүд өдөр тутмын буруу арчилгаанаас болж үсээ гэмтээх нь бий. Нэгэнт гэмтсэн үсээ эрүүлжүүлэх гэсээр хамаг цаг зав, мөнгөө үрж орхидог нь нууц биш. Иймд та бүхэндээ гэмтэлтэй үсийг арчлах шалгарсан аргуудыг дуулгая. Эдгээр аргууд нь танд хэрэг болох нь гарцаагүй юм.

1. Үсээ анзаар

Та үсээ ямагт сайтар анзаарч, шинжиж байх хэрэгтэй. Үс гэдэг тун ч эмзэгхэн тул байнга анхаарал халамж шаарддаг юм. Хэсэгхэн хугацаанд үсээ арчлахгүй орхих төдийд л гэмтэж, үзүүр хэсгээсээ шарладаг эхлэдэг. Энэ нь даамжирсаар халцралтын суурийг тавьдаг байна. Иймд ямагт үсээ анзаарч, асуудлыг бага дээр нь шийдвэрлэвэл зохилтой.

2. Угаах давтамж

Үсээ угаах давтамж нь мөн л таны үсний онцлогоос хамаарна. Хэрэв таны үс тослог бол 1-2 хоногт нэг удаа угаах ёстой. Харин хуурай бол 2-3 хоногт нэг удаа угааж хэвшээрэй. Энэ нь таны үсний тослогийг тэнцвэржүүлж, хуйханд тэжээл өгөхөд тусална. Хэрэв та үсээ хэт их угааж байвал үс тань хуурайшиж, улмаар салаалахад хүрдэг. Тиймээс үснийхээ төрөлхийн тослогийг хуйхандаа шингээж, үснийхээ үзүүр лүү тарааж өгөөрэй.

3. Үсний сэнс

Үсээ угаасныхаа дараа сэнсээр үсээ хатаахаас аль болох татгалзаж байгаарай. Үсний сэнснээс ялгарах халуун уур нь үсний чийгшлийг үгүй хийж, хуурайшуулж орхидогоос гадна үсний бат бөх чанарыг алдагдуулж байдаг юм. Иймд та болж өгвөл алчууранд үсээ боож хатааж байвал үсний тань эрүүл төрх хадгалагдан үлдэх аж.

4. Самнах

Хурц ширүүн үзүүртэй самаар үсээ хүчтэй самнах нь өндөр эрсдлийг дагуулж байдаг. Үсийг тань гэмтээж, өнгө алдуулах сөрөг талтай. Мөн үсээ угаасны дараа шууд самнах, боох хэрэггүй бөгөөд хатааж, гараараа салгаарай. Үүнээс гадна аль болох том шүдтэй самыг сонговол зүйтэй.

5. Аюултай бүтээгдэхүүн хэрэглэх

Химийн орц найрлага ихтэй аюултай үс арчилгааны бүтээгдэхүүнээс зайлсхийх хэрэгтэй. Ингэхдээ та үсэндээ зориулан авч байгаа бүтээгдэхүүнээ сайтар судалж, орц найрлагыгг унших ёстой төдийгүй худалдагчаас тусламж хүсч болно шүү дээ. Тус төрлийн аюултай бүтээгдэхүүн хэрэглэх нь үсийг тань эмчлэх бус харин ч эвдэж, сүйтгэж орхидог юм.

6. Үсэндээ хими хийлгэх

Үсээ шулуун, буржгар болгох гэж хими хийлгэх нь үсийг асар ихээр гэмтээж орхидог. Магадгүй хими хийлгэснээр үс тань хэсэгтээ сайхан харагдаж болох ч удалгүй салаалж, гэмтэж эхэлдэг билээ. Энэ нь та ердөө хэсэгхэн зуурын гоо сайхны төлөө үсээ золионд гаргасан гэсэн үг билээ. Иймд үсэндээ илүү дутуу зүйл хүргэлгүй хайрлаж хамгаалж явах нь хэзээд зөв зүйтэй алхам байх болно.

7. Ангжируулагч хэрэглэ

Та үсээ шампуниар угаасан бол заавал ангижруулагч хэрэглэж заншаарай. Учир нь шампунь үсэнд байгаа бохирдлыг арилгахын хажуугаар хуйх болон үсийг тэжээлгүй болгож орхидог юм. Иймд та ангижруулагчийг ашиглан, үсэндээ тэжээл өгч, чийгшүүлэх хэрэгтэй. Энэ нь үсийг чийгшүүлэхээс гадна гялалзсан гоёмсог болгодог бөгөөд хугаралтаас сэргийлдэг байна. Шампунь нь хуйханд , харин ангижруулагч нь үсэнд зориулагдсан байдаг бөгөөд та үүнийг үснийхээ үзүүр хэсгээс эхлэн дээш түрхэж, хуйхандаа хүргэхгүй байх тал дээр анхаараарай.

8. Үсээ эмчлэх

Хэрэв та үснийхээ гэмтлийг эмчилж, эрүүл намирсан, гялалзсан сайхан болгохыг хүсвэл долоо хоногт нэг удаа үсний тос, кокосын тос зэргийг түрхэж байгаарай. Үсэндээ жигд тосоо түрхэж, гадуур нь уут углах ёстой. Ингэснээр тос үсэнд сайтар шингэж, үр дүнгээ илүүтэй үзүүлнэ. Ойролцоогоор 40-60 минут үсээ тосолж суухад хангалттай.

9. Гэртээ хийж болох үсний маск

Та гэртээ байгаа бүтээгдэхүүнийг ашиглан үсэнд онцгой нөлөөтэй маск бэлтгэж болно. Маск бэлтгэх маш олон гайхалтай аргууд байдаг боловч танд өндөгний маскийг хэрхэн бэлтгэхийг танилцуулъя. Үүнийг бэлтгэхдээ, 1 ширхэг өндгөн дээр цайны халбага оливийн тос, цайны халбага цэвэр зөгийн балыг хийж, сайтар холиод үсэндээ түрхэж 30 мин байлгаад хүйтэн бүлээн усаар үсээ зайлах юм.

10. Ийлдэс буюу серум түрхэх

Үсний ийлдэс нь бүдүүн ширхэгтэй, хэвэнд сайн ордоггүй, замбараагүй үсийг зөөлрүүлж, намирсан харагдуулах үйлчилгээтэй. Хэтэрхий өтгөн үсийг “үгэнд ордог” болгодгоос гадна хэт хуурайшсан, гэмтсэн үсэнд хэрэглэвэл үр дүн нь хурдан харагдаж, эрүүл болгож эмчилдэг билээ. Та гадагш гарахаасаа өмнө хэдэн дуслыг гартаа дуусаан үсэндээ жигд түрхэн, базаж өгөөрэй.

11. Зөв сам сонго

Ихэнх самнууд үсэнд тус болохоос илүүтэй ус болж гэмтээж байдаг. Харин үсэн ширхэгтэй сам нь хамгийн аюул багатай төдийгүй үсийг гялалзсан, эрүүл болгож байдаг билээ. Та үсээ угаасны дараа том шүдтэй сам ашиглаж болох бөгөөд үүний дараа үсэн ширхэгтэй саманд тос түрхэж, 10 минут үсээ зөөлөн самнаарай. Мэдэгдэхүйц үр тань гарч, үсийг тань эмчлэх болно.

12. Дотроосоо эрүүлжих

Үсээ гаднаас нь байнга арчлах хэдий ч үр дүн муутай байвал идэж байгаа зүйлсээ ч мөн анхаараарай. Таны үсний гоо сайхан юу идэж ууж байгаагаас тань шууд хамаардаг. Үсэнд тодорхой хэмжээний уургийг тогтмол өгснөөр хурдан ургаж, өнгө төрхөө засаж, цаанаасаа гялалзаж эхэлдэг байна. Иймд та хүнсний ногоо, эрдэнэшиш, загас, далайн хүнс, мах зэрэг уургийн өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж заншаарай.

13. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх

Таны хэрэглэж байгаа үс арчилгааны бүтээгдэхүүний орц нь үсийг тань аврах уу? улам хүнд байдалд оруулах уу? гэдгийг шийдвэрлэж өгдөг юм. Мөн та болж өгвөл байгалийн гаралтай бүтээгдэхүүн сонговол зохилтой. Жишээлбэл сонгино, сармистай үс арчилгааны бүтээгдэхүүнүүд үр дүн сайтай байж, хуйхыг эрүүлжүүлдэг байна.

14. Хуйхандаа массаж хийх

Хуйхандаа массаж хийж амраах нь үсний ургалт, эрүүл байдалд онцгой нөлөө үзүүлдэг билээ. Иймд та тогтмол хуйхандаа массаж хийж, амрааж байгаарай.

15. Үсээ тайрах

Та заавал 2 сард дор хаяж нэг удаа үсэндээ хайч хүргэж, муудаж, салаалан, үхэжсэн хэсгээ авч хаяж байгаарай. Эс бөгөөс үс тань шинэлэг төрх, өнгөө алдаж, улам ихээр салаалан, ургах тусмаа бохир харагдах аюултай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!