Юу ч болж байсан ээждээ хэзээ ч хэлж болохгүй үгс

Ээж ээ! Хэрэв та үгийг хэн нэгэн сайхан бүсгүйд хандаж хэлдэг бол хорвоогийн хамгийн азтай нэгэн юм. Таны төлөө өөрийгөө умартаж, бүхий л амьдралаа зориулсан сахиусан тэнгэр хажууд тань байгаад өдөр бүр талархаад ч барамгүй. Харин залуу насны ааг омог, би одоо биеэ даасан том эр болсон гэх өчүүхэн бодол зэргээс болж бид юугаар ч солимгүй эрхэм хүмүүсээ гомдоож, сэтгэлд нь сэв суулгаж байдаг нь харамсалтай. Ялангуяа арван сар хэвлийдээ тээн бүрэлдүүлж, алхаж хөлд орохоос тань авахуулаад амьдралын хатуу шуурганд бүдчин явахад ч хажууд тань тулж түшин, хамаг байдгаа барин гүйх ээждээ хэзээ ч хэлж боломгүй хүйтэн хөндий, хатуу үгс гэж байдаг. Та эдгээр үгсийг амнаас унагах нь бүү хэл, бодохоос ч цээрлэж, өдрөөс өдөрт таниас холдсоор байгаа ээжийгээ энэрч, хайрлаж яваарай.

Би завгүй ээ, таньтай уулзаж суух зав алга

Ээж тань хэчнээн завгүй байлаа ч, таныг хоосон хонуулж байсан удаатай юу? Хэчнээн ядарч байсан ч таны хувцсыг угааж, хайрлаж халамжладаггүй байсан гэж үү? Ээж тань шалтаг тоочиж, саналаас тань татгалзаж байсан удаатай юу? Тэгвэл танд ээжээсээ татгалзаж, түүнийг гомдоох эрх байхгүй. Тэр таныг санаад хүрээд ирээч гэсэн бол ямар ч ажилтай байсан зохицуул, ээждээ сүү бариад оч, үгүй ядахдаа очиж ганц үнсүүл! Энэ бол таны үүрэг юм шүү.

Би таныг үзэн ядаж байна

Өөрөөсөө илүүтэй хайрлаж, өсгөсний дараа энхрий хайртай үрээсээ үзэн ядаж байна гэх үгийг сонссон эхийн сэтгэл юу болж хувирах бол? юу бодогдох бол? Өнгөрсөн амьдрал нь ямар ч үнэ цэнэгүй, утга учиргүй санагдаж, өөрийгөө өрөвдөөд ч нэмэргүйг ойлгоно. Ээжийнхээ сэтгэлийг урж, шаналалд унагахгүйн тулд муу муухай үгсийг бүү хэл, харин ч хайрлаж, халамжаар үл дутаах хэрэгтэй.

Наад хоолыг чинь идэхгүй ээ!

Ажил хичээлээсээ тарж ирэхийг тань хүлээж, хоолоо хэдэн удаа халааж, хэдэн удаа аягалж суусан бол? Хэчнээн та хоол унд идчихсэн цатгалан байлаа ч, ээжийнхээ сэтгэлийг бодоод хийсэн хоолыг нь амсаж, хэсэгхэн зуур ч болов ярилцаж суух хэрэгтэй биш гэж үү?

Та л намайг ийм болгоо биз дээ!

Ямар эх хүн хүүхдээ буруу замаар яваасай гэж хүсэх билээ. Тэр чадах хэрээрээ таныг хүмүүжүүлж, анхаарал хандуулсан. Тийм болохоор танд түүнээс ял асуух эрх байхгүй. Өөрөө өөрийгөө удирдаж чадахгүй өнөөдөр ийм байдалтай байгаа бол ээжийгээ буруутгаж арчаагүй зан гаргах бус, өөрөөсөө алдааг хайгаарай.

Ийм болохоор чинь л аав таныг орхиж явсан

Ээждээ хэлж болох хамгийн муухай үг юм шүү. Ямар ч тохиолдолд, юу ч болж байсан ээждээ энэ дэндүү хатуу, зүрх зүсэм үгийг бүү хэлээрэй. Хос хоёр салж явахад олон шалтгаан байдаг. Тэр шалтгаан юу ч байлаа гэсэн та үүнд сохроор ээжийгээ буруутгаж, эцэст нь ийм хэрцгий үг хэлж огт болохгүй.

Та нээрээ ямар ч боловсрол, мэдлэг байхгүй юм аа!

Магадгүй тэр өөрөө сурч боловсрох боломжтой байсан ч, таныг бодоод, хүүгээ л өнгөтэй явуулъя гээд хэдэн цаасаа цааш нь хийж хадгалаад, эцэст нь таныг сургасан бол яах вэ? Миний боловсрол мэдлэг яах вэ, хүү минь л бусдын өмнө нүүр бардам, эрдэм ухаантай болж байвал бусад нь хамаагүй гэж сэтгэлээ тайтгаруулж суудаг эх хүн хэчнээн олон байдаг гээч…

Яах гэж намайг төрүүлсэн юм?

Энэ нь яг л яах гэж та амьдарсан юм гэдгээс өөрцгүй. Эх хүний амьдрал тэр чигтээ хүүхдийнхээ төлөө байдаг. Гэтэл хүүхэд нь өөрийнхөө амьдралыг голж, яах гэж төрүүлсэн юм гэж асуувал, ямар ч ээж хариулж чадалгүй гацаж, нулимсаа л урсгах болов уу. Хорвоо дээр хүн болж мэндэлнэ гэдэг ховорхон боломжийг атгаж төрсөн бол харамсаж, ээжээсээ буруу нэхэхийн оронд харин ч талархаж, өлмийд нь сөгдөх хэрэгтэй.

Таниас залхаж байна

Бага балчир наснаас тань эхэлж, хорвоо ертөнцтэй танилцуулж, бүхнийг шинээр эхнээс нь зааж өгсөн ээждээ талархахын оронд залхаж байна гэдэг арай л гомдмоор санагдахгүй гэж үү? Хүүхэд уйлна, уурлана, элдэв зүйлс нэхнэ, энд тэнд үймүүлнэ… энэ бүхэнд ээж тань хэчнээн удаа таниас залхаж, хаяж явах боломжтой байсныг тоолвол тэнгэрийн одноос ч илүү тоо гарах болов уу. Гэтэл ааш нь олдохгүй, сахилгагүй таныг аргадаж хайрласаар өнөөг хүрсэн байтал, одоо би том эр болсон гээд олиггүй зан гаргаж ээжийгээ гомдоох нь байж болох зүйл гэж үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!