Хамар битүүрээд унтаж ч чадахгүй байхад энэ аргууд миний аминд орсон шүү. Та ч бас туршаад үзээрэй!

Зуны улиралд хөдөө гадааг зорин явахад харшил хөдөлж, хамар битүүрнэ гэдэг тун ч хэцүү асуудал байдаг билээ. Үүнээс болж таны сайхан амралт, эсрэгээрээ шаналал зовиур болж хувирдаг юм. Иймд та бүхэндээ харшил хөдлөсөн, ханиад хүрсэн нөхцөлд хамрын битүүг хэрхэн гаргах талаар зөвлөгөө, мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээлэлтэй танилцъя.

1. Хамраа цэвэрлэ

Хамгийн энгийн бөгөөд эхний арга бол хамраа цэвэрлэж, нусаа хийх явдал юм. Та хөдөө гадаа явж байгаа бол хуурай салфеткийг дотны нөхрөө болгож, хажуудаа байнга авч яваарай. Ингэхдээ хамрын нүхийг ээлжлэн дарж, нусаа сайтар нийгээд хамраа цэвэрлэдэг байна.

2. Халуун ногоотой хоол ид

Та халуун ногоотой хоолыг сонгож, идээд үзээрэй. Энэ нь хамрын хөндийг онгойлгож, цэвэр агаар авахад тус болох юм. Халуун чинжүү, цагаан гаа, сонгино, сармис зэргийг хоолондоо хийж хэрэглэх нь таны асуудлыг шийдвэрлэхэд тус хүргэнэ.

3. Гавар түрх

Хамрын тань битүү арилахгүй байх аваас хамрын нүхэндээ багахан хэмжээний гавар түрхээрэй. Ингэхэд хэдхэн минутын дараа хамар тань онгойж, амьсгал авахад асуудалгүй болох аж. Учир нь гавар нь тун хүчтэй үнэртэй тул хамрын үйл ажиллагааг идэвхжүүлдэг юм.

4. Дээш харж унт

Хамар тань битүүрсэн тохиолдолд та аль болох эгц дээш, дэрээ өндөрлөн унтаж байвал зохилтой. Тус байрлалыг хадгалж унтахад хамар тань онгойх бөгөөд хэрэв онгойхгүй тохиолдолд ядаж л энэ нь таныг тухтай унтахад туслах аж.

5. Массаж хий

Та хаана ч явж байлаа гэсэн энэхүү массажыг хамар, самсай хэсэгтээ хийж өгснөөр түргэн хугацаанд зовлонгоосоо ангижрах боломжтой юм. Гарынхаа хоёр хурууг нүдний ухархай хэсэгт байрлуулан, тойрог хэлбэрээр хацрын яс, хамрын самсай хүргэн иллэг хийнэ. Ингэхдээ 20-30 удаагийн давтамжтай хийх ёстой бөгөөд хамрын тань битүүрлийг хормын төдийд л арилгах шидтэй байна.

6. Бүлээн алчуураар нүүрээ арч

Халуун, бүлээн усанд алчуураа базан аваад унтахаасаа өмнө нүүрээ дарж арчаарай. Эсвэл нүүрэн дээрээ бүлээн алчуур тавин, хэдэн минут хэвтэж ч болох юм. Энэ нь таны хамрын хөндийг нээж өгөн, улмаар амьсгалахад таатай байдлыг бүрдүүлдэг.

7. Халуун шүршүүрт ор

Халуун уур нь таны амьсгалаар дамжин, уушигт хүрэн, цаашлаад хамрын хөндийг цэвэрлэж, битүүрлийг үлдэн хөөдөг юм. Хэрэв та шүршүүрт орох боломжгүй, хээр хөдөө яваа бол дээр дурдсан халуун бүлээн алчуураар нүүрээ арчаад үзээрэй.

8. Халуун ууранд утах

Энэ нь хамрын битүүг арилгах шалгарсан арга юм шүү. Ингэхдээ та бага зэрэг ус буцалгаж, үүндээ нүүрээ утах бөгөөд толгой дээгүүрээ даавуу, алчуур зэргээр бүтээж, уур гаргахгүйг зорих хэрэгтэй аж. Энэ нь хамрын тань битүүг түргэн хугацаанд арилгахаас гадна, амаа ангайж утах аваас сөөсөн хоолойг эмчилдэг төдийгүй арьсны нүх сүвийг нээж амьсгалуулж байдаг билээ. Гэхдээ халуун ууранд түлэгдэхээс болгоомжлоорой.

9. Ус сайн уу

Хамар битүүрэх нь ихэвчлэн харшлаас үүдэн судас тэлснээс болдог юм. Харин та энэ тохиолдолд их хэмжээний ус ууснаар, судас агшин, хэвийн байдалдаа орж улмаар битүүрэлт арилдаг. Ус их уух тусмаа үр дүн нь хурдан илэрдэг шүү…

10. Агаар чийгшүүлэгч ашигла

Энэ нь агаарыг чийгшүүлж, хамрын хөндийг цэвэрлэж, амьсгалахад хялбар болгодог аж. Ялангуяа үүнийг унтаж амрахдаа асаах аваас таныг тун ч тав тухтай амраахаас гадна хамрын тань битүүг арилгаж, хамгийн таатай нөхцлийг бүрдүүлдэг юм.

11. Хамрын дусаагуур гэртээ хийх

Нэг аяга усанд нэг халбага давс хийж, уустал нь сайтар хутгаарай. Дараа нь үүнийг нүдний дусаагуур ашиглан, хамартаа хийж өгөх юм. Ингэхдээ толгойгоо хойш болгож, шингэн хамарт тань орох хүртэл байрлалаа хадгалах ёстой байна. Энэ нь хэдхэн минутын дотор хамрыг тань онгойлгох болно.

12. Хамраа угаах

Хамар угаах уусмалаа бэлтгэхдээ бүлээн буцалсан усан дээр йодгүй давс эсвэл хүнсний сод бага зэрэг хийнэ. Уусмалаа зүүгүй шприц эсвэл өөр тохирох саванд хийн, тонгойж байгаад уусмалаа шахах аж. Үүнийгээ хамартаа гүнзгий татаж оруулан хэсэг байлгаж байгаад нийж гаргах бөгөөд хэд хэдэн удаа ингэж татаж угаах юм шүү. Харин эргүүлэн нийхдээ нэг талын хамрын нүхийг бөглөж байгаад нөгөө талаа нийж гаргаад хоёр талыг ийнхүү ээлжлэн нийж цэвэрлэх ёстой. Мөн хамар угаах үед ярих, залгих хөдөлгөөн хийж болохгүй гэдгийг анхаараарай.

13. Дасгал хий

Та биеээ сэргээж, эрч хүч авах үүднээс дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй аж. Хамгийн үр дүнтэй дасгал бол суниах бөгөөд та 20 удаа суниах төдийд л хамар тань онгойх байна. Суниахдаа хамраар амьсгаа авахыг оролдох ёстой гэдгийг санавал зохилтой.

14. Тостой ванн

Халуун, бүлээн усыг ванндаа дүүргээд үүндээ 10 дусал розмарин эсвэл цайны модны тос хийгээрэй. Бэлтгэсэн усандаа тайван хэвтэж, амарснаар аяндаа хамрын тань битүү арилах учиртай.

15. Сайтар унтаж амар

Сайн унтаж амарснаар таны ханиад, томуу болон харшил намдаж, цаашлаад хамрын битүү ч алга болдог. Ингэхдээ та хамраар амьсгалах боломжгүй бол амаа ашиглаж, аль болох тайван амрахыг хичээгээрэй.

16. Тайван байх

Стресс, бухимдал зэрэг нь энэ бүхнийг улам дордуулж орхидог юм. Тиймээс та аль болох тайван байж, биеэ барих хэрэгтэй байна шүү.

17. Хамрын дусаагуур ашигла

Хэрэв та дээрх аргуудыг хэрэглээд бүтэлгүйтвэл эргэлзэх зүйлгүй эмчээс тусламж хүсэн, хамрын дусаагуур аваарай. Энэ нь таныг хорлонт хамрын битүүрлээс хормын төдийд ангижруулах болно.

18. Антигистамин

Мөн та антигистамин гэх эмийг хэрэглэх боломжтой аж. Энэ нь харшлыг намдааж, хамрыг онгойлгох тустай юм. Үүнээс гадна маш олон төрлийн эм байдаг бөгөөд хамгийн гол нь та эмчийн зөвлөгөө, зааврын дагуу эдгээрийг хэрэглэх ёстой байна шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!