Өөрийгөө цоо шинэ хүн болгож чадсан миний 17 өдрийн туршлага

Энэ бол миний 17 өдөр хийсэн ажлын жагсаалт. Өдөртөө зөвхөн тухайн зүйлээ л бодож өөртөө хоногшуулахын тулд хичээсэн. Харин дараа нь үр дүн нь танд үгээр хэлэхийн аргагүй үр дүнг бий болгодог юм шүү.

Хэдхэн өдрийн өмнө та намайг харсан бол аймхай, бусдад “Үгүй” гэж хэлж чаддаггүй, санасан бодсоноо илэрхийлэх тал дээр маруухан нэгэн байх байсаан. Надад өөртөө зориулах цаг хугацаа байгаагүй учраас өдөр бүр бусдын төлөө амьдарч, өөрийнхөө хийх дуртай зүйлсийг ч мартаж орхисон байв. Надад ердөө л өглөөнөөс орой хүртэл ажлаа хийгээд буцаж гэртээ ирээд хоол ундаа хийх, нөхөр хүүхдүүдийнхээ хиртэй хувцсыг угаах, маргаашийнх нь хувцсыг бэлдэх, унтахын өмнө маргаашийн ажлууд жин тан эсэхийг нягтлах гээд барагдашгүй их ажил байсан. Хүний урманд өөртөө зориулж ганц зайрмаг ч авч идэж чаддаггүй байсан би өнгөрсөн 17 өдрийн дотор хэрхэн өөрчлөгдсөнөө тантай хуваалцмаар байна. Би өдөр өдрөөр энэ бүхнийг судалж, өдөр тутамдаа хэрэгжүүлсэн юм. Үр дүн нь намайг аз жаргалаар шагнасан юм.

1. Юу хүсч байгаагаа өөрөөсөө асуух

Маш энгийн санагдаж болох юм л даа. Гэхдээ би хэзээ ч өмнө нь энэ тухай бодож байгаагүй юм байна лээ. Өдөр бүр л хийсэн ажлынхаа өмнө хариуцлагатай байх, хүүхдүүдийнхээ өмнө хариуцлагатай байх гээд л бөөн бөөн хариуцлага нуруун дээрээ үүрээд явахаас биш би өөрөө юу хүсч байна гэдэг асуулт сураггүй алга болсон байжээ.

2. Таны хүсч буй зүйл бүтнэ гэдэгт итгэ

Бид мөрөөдлөө биелүүлсэн хүмүүсийг хараад тэдэнд заримдаа цагаахнаар атаархдаг. Тэднийг яаж ийм амжилтанд хүрснийг харахаад заримдаа тэдэнд хүчтэй ар тал, дэмждэг том хүн байна даа гэж боддог биз дээ. Тэгвэл судлаад байхад амжилтанд хүрсэн ихэнх хүмүүс өөрийнхөө хүсэл тэмүүлэл, итгэл, өөртөө итгэх итгэл, урам зоригоороо, бор зүрхээрээ тэр оргилд хүрсэн байдаг юм билээ. Тэд өөрсдийнхөө оргилд хүрч чадсан юм чинь та ч бас чадна гэсэн үг.

3. Зорилготой амьдар

Эхлээд юу хүсч байгаагаа мэдэж чадвал түүнийхээ төлөө бид шийдвэртэйгээр, зорилготойгоор амьдарч чадна. Үйл хөдлөл, бодол санаа бүр минь бидний зорилгын төлөө тэмүүлэх учиртай. Хоол идэж байгаа бол энэ хоол таны зорилгыг хэрэгжүүлэх урт удаан амьдралын тань “шатахуун” гэж бодож ид. Амьсгалахдаа хүртэл зорилго тэмүүллээ мэдэрч, түүнд дөнгөж сая хүрчихсэн мэтээр төсөөлж амьсгал, гүн амьсгал.

4. Төлөвлөгөө гарга

Зөвхөн тархиндаа мөрөөдөөд суух биш түүнийг цаасан дээр бич. Тэмдэглэ. Хэдэн жилийн дараа та юунд хүрсэн байх вэ, тэр зүйлдээ хүрснээр та ямар үр дүнг амсах вэ. Хүүхдүүд чинь тэрхүү таны зорилгын биелэлтийг амьдралдаа хэрхэн мэдрэх вэ. Та магадгүй 5 жилийн дараа ямар машинтай, ямар орон сууцтай, магадгүй хаашаа аялахаар онгоцны буудал дээр зогсч байх вэ…

5. Эергээр бод

Хүн болгон л эергээр бод гэж хэлдэг ч яг үүнийг амьдралдаа хэрэгжүүлж чадсан хүн хэд байдаг бол. Хэдхэн жилийн өмнө би Туул голын эрэг дээр сууж байхдаа би нэгэн ном уншсан юм. Амьдрал бидний бодлыг автоматаар дагадаг гэж тэр номонд онцолсон нь миний сэтгэлээс удтал гараагүй юм даа. Ингээд л би амьдралдаа илүү эергээр хандахаар хичээдэг болсон юм. Учир нь миний бодол надад учрах зүйлсийн татах хүч нь юм байна гэдгийг би ойлгосон.

6. Хааяа ч гэсэн амиа бодож бай

Бид ихэнхдээ л бусдын ашиг сонирхлын төлөө ажилладаг. Тэр минь тэгчих болов уу, энэ минь ингэчих вий гэсээр хамаг цагаа бусдын төлөө үрдэг нь үнэн шүү дээ. Тиймээс хааяа ч гэсэн зөвхөн өөртөө зориулж хоол хийж, зөвхөн өөртөө зориулж ямар нэг зүйл худалдан авах ёстой.

7. Амьсгалаараа өөрийгөө удирдаж сур

Бидний амьсгал бол амьдрал юм. Бид үүнгүйгээр амьд үлдэх боломжгүй. Түүнээс гадна амьсгал бол бидний дотоод эрчим хүчийг тэнцвэржүүлэгч нь юм. Өдөрт дор хаяж 3 удаа хамраараа уртаар гүнзгий амьсгаа аваад амаараа гаргаж бай. Ингэхэд таны дотор буцалж байгаа бүхэн амар амгаланг олох болно.

8. Ус уу

Өдөр бүр цэвэр ус ууж байгаарай. Өглөө орноосоо босоод л хамгийн түрүүнд нэг том аягаар дүүрэн халуун бүлээн цэвэр ус ууж байгаарай. Ингэснээр ус таны бохирсон эрчмийг цэвэрлэж, өдрийн турш хүчирхэг байх энергийг бэлэглэх болно. Өдөрт ямартаа ч 8 аяга ус ууж байх нь зөв юм шүү.

9. Илүүтэй мэдэрч, хөшинг байдлаасаа гар

Заримдаа мэдрэмж асар их хүчийг бий болгодог юм шүү. Таашаал, шаналал, уйтгар гуниг, зугаа цэнгэл, уур хилэн, айдас, итгэл найдвар… Энэ бүхэн цөмөөрөө нийлбэл асар их хүч юм. Мэдрэмж таныг мэдлэгээс хэд дахин илүү зүйлд хөтлөх болно.

10. Салат ид

Амттай сайхан салат идсэний дараа амьдралыг харах нүд чинь хэчнээн сайхнаар өөрчлөгддөгийг та мэдэх үү. Үүнийг надад нэгэн блогчин найз маань хэлж өгсөн юм. Би идэхэд урамтай грек салатанд дуртай. Ялангуяа, ногоон салатнууд эрч хүч, амь амьдралын булаг юм.

11. Хөдөлгөөнтэй бай

Гүй. Үсэр. Бүжиглэ. Хөдөл. Усан хулгана болтлоо хөлөр. Биднийг хөдлөхөд бидний бие дэх энергийн сувагнууд нээгддэг юм. Тэр нь бидэнд эрч хүч, мэргэн ухаан бэлэглэх болно.

12. Хязгаарыг бий болго

Аливаад хил хязгаар байдгийг санаж, түүгээр дамжуулан шударга ёс, сайн сайхныг амьдралдаа бүрдүүл. Тухайн хил хязгаарыг бүү дав. Хэн бүхнийг хүндэтгэ. Эхлээд та хэн нэгнийг хүндэтгэж чадвал үр шим нь танд өөрөө ирдэг билээ. Эхлээд хүнд өгвөл дараа нь тэр таны өгснөөс хэд дахин илүүг танд өгнө.

13. Аливааг зөвхөн өөртөө тусгаж авахаа боль

Бүхнийг та өөртөө хэт гүнзгий тусгаж авдаг юм биш биз. Тэгвэл яг одооноос үүнийгээ болиорой. Бидэнд ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Бид бүгдээрээ хүмүүс. Бид бол нэг том зүйлийн жижигхэн хэсгүүд. Тиймээс зөвхөн өөртөө аливааг тусгаж авдгаа больбол сайн шүү.

14. Алсын хараатай бай

Ямар ч зүйл туйлын муу эсвэл туйлын сайн байдаггүй. Хэдхэн жилийн өмнө хамт ажилладаг байсан хүүхэн маань нөхрөөсөө салах тухай ярьж, түүнийг элдвээр муулж байсан бол өнөөдөр тэд бараг л дэлхий дээрх хамгийн сайхан хос болчихоод байна. Тэгэхээр алсын хараатай амьдрах нь чухал юм. Өнөөдөр тэр чамд муу санагдавч ирээдүйд, магадгүй хэдэн жилийн дараа байдал ямар байхыг төсөөлөөд үзээрэй.

15. Ганцаараа ганц цаг ч гэсэн байж үз

Бид интернэтэд байх үед хэзээ ч ганцаараа байж чаддаггүй. Тиймээс ганцаархнаа байх тийм орчныг өөртөө бүрдүүлээрэй. Ганцаараа байх үнэхээр уйтгартай ч гэсэн гашилсан ухаан санааг чинь цэвэрлэхэд гайхалтай эм болдог юм шүү. Ганцаархнаа хоол идээд үз. Ганцаархнаа урт гудамжаар алхаад үз. Мөрөн дээрх ачаа чинь хөнгөрөх болно.

16. Зүрхээ дага

Амьдрал бол зүрх сэтгэлийн талбар юм. Мөнгөөр олон зүйлийг худалдан авч болох ч заримдаа мөнгө юунд ч хэрэггүй болох үе байдаг юм шүү. Мэдрэмжиндээ итгэлтэй байж бусадтай шударгаар харьц. Зүрх сэтгэл чинь юу хэлээд байгааг сонс, түүнийг дага.

17. Бүх зүйлийг тавьж явуул

Энэ бол хамгийн чухал зүйл нь гэж би боддог юм. Яагаад гэвэл бид энэ орчлон дээр зочлохоор ирсэн болохоос биш үүрд байхаар заяагдаагүй юм шүү. Бидний эргэн тойронд байгаа бүх зүйл түр зуурынх. Тиймээс “минийх” гэдэг зүйл үнэндээ байхгүйг ойлгоорой. Иймд явах ёстой зүйлд саад хийлгүй түүнийг явуул. Түүнд эрх чөлөөг нь өг.

Энэ бол миний 17 өдөр хийсэн ажлын жагсаалт. Өдөртөө зөвхөн тухайн зүйлээ л бодож өөртөө хоногшуулахын тулд хичээсэн. Харин дараа нь үр дүн нь танд үгээр хэлэхийн аргагүй үр дүнг бий болгодог юм шүү.

Та юмыг хэтрүүлж бодохоо болино, юманд хэт санаа зовохоо болино. Бас бусдад “Үгүй” гэж хэлж сурна. Та өөрийнхөө дотоод гоо сайхнаа олж хараад өөрийгөө хэнээс ч дутуу биш гэдгийг ухаарах болно. Та заавал туршаад үзээрэй.

Танд амжилт хүсье.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!