Давхар эрүү арилгах итгэхийн аргагүй үр дүнтэй 7 дасгал

Үргэлжийн залуу дүр төрх нь зөв зохистой хооллолт болон идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм. Тэгвэл энэ дүрэм бидний нүүрэнд ч хамаатай. Учир нь нас ахих тусам та бидний нүүрний арьс суларч, байгалийн гоо үзэсгэлэнгээ алддаг.

Эмч нарын зөвлөсөн таны нүүр царайг үргэлжийн залуу, мөн чанга харагдуулах цогц дасгалыг хүргэж байна.

Булчингаа халаана

Аливаа дасгал хөдөлгөөн хийхийн өмнө биеэ халаадагтай адил, нүүрний булчингуудыг ч халаах хэрэгтэй. Доод эрүүгээ урагш – хойш, баруун – зүүн тийш хөдөлгөөрэй. Ингэхдээ хэт огцом хөдөлгөж болохгүй. Нүүрний булчингуудыг халаахын тулд энэ дасгалыг 8-10 удаа давтахад хангалттай.

1. Шанага

Амаа ангайгаад доод уруулаа доод шүдэндээ хүргэнэ. Доод эрүүгээрээ ус хутгах гэж байна гэж төсөөлөөрэй. Толгойгоо бага зэрэг бөхийлгөөд, доод эрүүгээрээ хий агаар хутгаад, дараа нь амаа жимийж, толгойгоо өндийлгөнө. Энэ дасгалыг хийхдээ уруулынхаа өнцгүүдийг суллаарай. Дасгалыг 5-7 удаа давтана.

2. Хамрандаа хүрэх

Хэлний доод булчин сулрах нь давхар эрүү үүсэх гол шалтгаан болдог. Тиймээс энэ булчинд анхаарал хандуулах цаг болжээ. Хэлээ аль болох урт сунгаж, хамрын үзүүртээ хүргэх гээд хичээгээрэй. Ингэхдээ уруулын булчингуудаа суллана. Дасгалыг 5 удаа давтана.

3. Төгс зуйван

Нүүрний зуйван хэлбэрээ хадгалж, хацраа чангалахын тулд дараах дасгалыг зөвлөж байна. Толгойгоо зүүн тийш эргүүлээд, доод эрүүгээ урагш болгоно. Таны хүзүүний булчингууд чангарсныг мэдрээрэй. Одоо харин дасгалыг баруун тийш харж байгаад давтаарай. Дасгалыг зүүн болон баруун тийш тус бүр 5 удаа хийнэ.

4. Анааш үнсэх

Та анааш үнсэх гэж байна гэж төсөөлөөрэй /эсвэл ямар нэгэн өндөрт байгаа зүйл/. Толгойгоо дээш өргөөд, доод эрүүгээ бага зэрэг урагш болгон, уруулаа цорвойлгоно. Дасгалыг зөв хийж байгаа үед хүзүүний булчинд ачаалал өгөх болно. Ийм байрлалаа 5-8 секунд хадгалаарай. Дасгалыг 5 удаа давтана.

5. Эсэргүүцэл

Энэ дасгалыг хийхийн тулд хоёр гараа атгаад, эрүүн доороо байрлуулна. Харин одоо эрүүгээ доошлуулж, атгасан гаранд эсэргүүцэл үзүүлнэ. Эрүү болон хүзүүний булчин чангарахыг та мэдрэх болно. Аль болох хамаг хүчээрээ эрүүгээ доошлуулна. Эрүүний булчингаа 3 секунд чангалаад, 3 секунд суллах маягаар дасгалыг 5-7 удаа давтана.

6. Инээмсэглэл

Шүдээ хавирах гэж байгаа мэт сайтар хазаад, амаа аль болох том ангайна. Дараа нь хэлээрээ тагнайгаа аль болох хүчтэй тулна. Таны эрүүний булчин чангарч байвал та дасгалыг зөв хийж байна гэсэн үг. Булчингуудаа 5 секунд чангалаад, 3 секунд суллах маягаар дасгалыг 5-8 удаа давтана.

7. Хацраа түнтийлгэх

Хацраа сайтар түнтийлгэж, дараа нь гарын алгаараа хоёр талаас нь хүчтэй дарна. Хацрын булчин чангарахыг та мэдрэх болно. Хацрын булчинг 3-5 секунд чангалсны дараа суллана. Дасгалыг 5-6 удаа давтана.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!