Хүүхдээ эрт хэлд оруулъя гэвэл үүнийг уншаарай!
Охид бол бүр 8-9 сартайгаасаа ааваа, ээжээ гээд л эхэлдэг. Харин хөвгүүд тэднийг бодвол арай удаандаа хэлд ордог гэдэг.
Бусад айлын хүүхдүүд хэдэн настайдаа хэлд ордгийг яг таг мэдэхгүй ч манай хүү одоо 4 настай. Хэлдэг цөөхөн үгтэй. Аав, ээж, агаа, дүү гээд хэдхэн үгийг тод хэлээд бусдыг нь “харь гаригийн хүний яриа”-гаар илэрхийлдэг дээ. Хүний ярьсныг үнэхээр сайн ойлгодог хэрнээ өөрийгөө хангалттай илэрхийлж чадахгүй байгаа юм.
Нэг удаа санаа зовоод эмчээс асуутал “Хүүхэд бүр харилцан адилгүй хэлд ордог тул санаа зовох юмгүй. Өөрийгөө илүү сайн илэрхийлж сурахад нь тусал” гэж хэлсэн юм. Тиймээс бусад эцэг эхчүүдэд туслах зорилгоор хүүхдээ хэлд ороход нь бид яаж дэмжих ёстой талаар нэгэн мэргэжилтний зөвлөгөөг хүргэе.
Хүүхэд хэзээ ярьж эхлэх вэ?
Үнэн хэрэгтээ таны хүүхэд төрсөн цагаасаа эхлэн тантай харилцаж байдаг. Яагаад гэвэл тэр таны хоолойг гэдсэнд байхаасаа л сонссон учраас таньдаг болчихсон байгаа шүү дээ. Та хүүхэдтэйгээ гэдсэнд байхад нь ч, төрсөн цагаас нь ч ярилцаж чадна.
Та түүнд хэр их хандаж ярина тэр хэрээр тэр хурдан хэлд орно. Тиймээс нялх бага, намайг ойлгохгүй болов уу гэж эргэлзэлгүйгээр бяцхан сахиусан тэнгэртэйгээ ярилцаарай.
Хүүхийн “хэл” ашиглах нь зөв үү?
Тийм ээ, хүүхдийн хэллэг ашиглах нь яагаад буруу гэж. Хүүхдүүд нь “Бүү бүү”, “ба ба” гэх зэргээр өөрийн хэллэгийг ашиглаж эхлэхэд ээж, аавууд түүнийг нь дэмждэггүй шүү дээ. Болж л өгвөл тухайн нэршлээр нь бид ярих гээд байдаг. Гэвч үнэндээ эдгээр нь хүүхдийн анхны хэл ярианы нэг хэсэг биш гэж үү. Харин ч та түүнтэй өөрийнх нь “хэл”-ээр ярьснаар илүү сайн ойлголцож чадна.
Та түүний яриаг хэдий чинээ сайн ойлгоно төдий чинээ тэд тантай илүү идэвхтэй харилцах болно.
Хүүхдээ ярьж сурахад нь би яаж дэмжиж чадах вэ?
Ярьж сурах нь өөрөө хангалттай урт хугацаа шаарддаг. Магадгүй таны хүүхэд 2 нас, эсвэл түүнээс ч том болтлоо хоёр үгтэй өгүүлбэр, гурван үгтэй өгүүлбэр хэлж чадахгүй байж мэдэх юм. Гэхдээ та түүнийг дэмжвэл тэд өөртөө илүү итгэлтэй болж, бусад хүн өөрийг нь сонсдог гэдгийг мэдрэх тутамдаа ярих хүсэл эрмэлзлээр дүүрэх болно. Тиймээс дараах аргаар хүүхэддээ ярьж сурахад нь туслаарай:
-Хүүхэдтэйгээ аль болохоор энгийн үг хэллэгээр харьц. Тэр таныг ойлгож байгаа эсэх нь хамаагүй шүү. Харин тэр таныг өөрт нь хэчнээн их анхаарал, хайр халамжаа өгч байгааг мэдрэх нь л чухал.
-Өдрийн турш та хүүхдээ сонсч, хариу ярих өч төчнөөн боломж бий шүү дээ. Энэ цаг хугацааг чимээгүй өнгөрөөх хэрэггүй.
-Хүүхэддээ танд заах, зааварчлах, туслах боломжийг нь олго. “Ширээний алчуур хаана байна”, “Ээж нь ороо заслаа, чи туслах уу” гэдэг ч юм уу аль болохоор энгийн үг хэллэгээр түүнийг идэвхжүүлэхийг хичээгээрэй.
-Ярихдаа тухайн зүйлийг зааж харуул. Хүүхэд 6 сартайгаасаа эхлэн бусдын заасан зүгт харах, хариу үйлдэл үзүүлэх чадвартай болдог гэнэ. Тиймээс та ярьж буй зүйлээ хуруугаараа зааж, эсвэл дүрслэн үзүүлэх хэрэгтэй.
-Зурагтай ном уншиж өг. Та хүссэн зурагтай, үлгэрийн номыг хүүхэддээ уншиж өгч болно. Энэ бол маш чухал шүү. Номоо уншингаа үйл явдлыг дүрсэлж, тухайн амьтныг дүрсэлж болно. Энэ хэрээр таны хүүхдийн ярианы идэвх нэмэгдэх болно.
Хүүхдээ хэрхэн харилцан ярианд сургах вэ?
Хүүхэд томчуудыг бодвол харилцан яриагаар ярих чадвар нь удаандаа хөгждөг. Тиймээс түүнийг яаруулалгүйгээр харилцан ярианд татаж оруулаарай. Жишээ нь, “Миний хүү сайхан унтсан уу, юу зүүдлэв?” гэж асуухад тэр бодож бодож байснаа нэг зүйл хэлэх болно. Харин түүнийг яаруулах хэрэггүй. Эсвэл “За хоолоо идэцгээе”, “Ээжийн хүүгийн живх нь хаана байна” гэхэд тэр хариулж чадахгүй байлаа гэхэд нүдээ эргэлдүүлэн хайж эхэлнэ. Ингэж л харилцан яриа эхэлнэ шүү дээ.