Хосуудын харилцаа хөндийрч, сүйрч байгааг илтгэх зүйлс

Хайр дурлалаар холбогдож, хэчнээн өөр байлаа ч нэгнээ нөхөж, дутуугаа гүйцээж амьдрахаар шийдсэн олон хосууд байдаг. Харин олон жил ийм байдалтай явсны дараа нэг л мэдэхэд хосууд хөндийрч, нэгнээ хайрлахаас илүүтэй амьдралд тулгарах саад бэрхшээлдээ анхаарч, зүгээр л ийм байх ёстой, би энэ хүнтэй зүгээр л хамт амьдарч байгаа гэх бодолтой болсон байдаг.

Энэ байдлаараа удаан явахад харилцаа сэргэх нь бүү хэл, нэгнийгээ зүгээр л нэг хамтран амьдрагч мэтээр харахад хүрдэг аж. Тэгвэл хамтдаа хосуудын харилцаа хөндийрч, сүйрч байгааг илтгэх шинжүүдтэй танилцъя.

Хэрэв та ч бас хайрттайгаа ийм харилцаатай болсон бол эртхэн ярилцаж энэ тал дээрээ анхаарах, бүр болохгүй бол зам замаа хөөх хэрэгтэй юм.

Үргэлж нэгнээ шүүмжлэх

Нэгнээсээ үргэлж өө эрж, шүүмжлэх нь харилцааг төвөгтэй болгож, нэгнээсээ хайр бус дарамтыг мэдэрч эхэлнэ. Хэдийгээр та үүнийг тэгтлээ сүртэй зүйл гэж бодохгүй байж болох ч, одооноос сайтар анзаараарай.

Тэр таны хийсэн бүхнийг өөлж, халуун дулаан үгс хэлэхгүй атлаа хатуу үгс чулуудаж байна уу? Тийм бол тохиромжтой мөчийг хүлээж суухын оронд яг одоо ярилцаж, юу болоод байгааг лавлах хэрэгтэй.

Үл хүндлэл

Хайр дурлал, хамтын амьдрал хүндлэл дээр тогтдог. Хэрэв хүндлэл байхгүй болчихвол үүнтэй зэрэгцэн хайр ч үгүй болно. Ямар ч хүндлэлгүйгээр хамтран амьдрах нь нэг нэгнийхээ үнэ цэнийг үгүй хийж, өөртөө итгэлгүй, сул дорой болгож орхино. Тиймээс нэгнийхээ амьдралыг баллахаасаа өмнө хоёр тийш болсон нь дээр болов уу.

Худал ярих

Худал үгс олдоод ирэхийн цагт харилцаа нуран унадаг. Нэгэндээ итгэхээ больж, үргэлж хардаж сэрдэн, харилцаа үнэндээ утга учиргүй болж эхэлнэ.

Хайртыгаа худал хэлсэнд нь буруутгаж муудалцахын оронд ямар учраас үргэлж худал хэлээд байгааг нь асууж, илүү гүн яриа өрнүүлээрэй. Үүний эцэст та шийдвэрээ гаргаж болох юм.

Үргэлж муудалцаж, нэгэндээ хатуу үгс чулуудах

Хайрлаж, итгэдэг хүндээ хатуу, муухай үгс хэлэх гээд ч амнаас гардаггүй шүү дээ. Гэтэл юу ч болоогүй мэт нэгнийгээ харааж зүхэж, элдэв муухайгаар хэлэх нь та хоёрын харилцаа үнэндээ л авах юмгүй болсны илрэл юм. Магадгүй уурандаа хэлчихсэн, санамсаргүй хэлчихсэн гэхчлэн үүнийгээ хаацайлж болох ч эцэстээ үр дүн нь яг л хэвэндээ байна.

Зайгаа барих, залхсан мэт харьцах

Хамт кино үзье, гадуур зугаалъя гэхэд үргэлж татгалзаж, бухимдсан өнгө аясыг илтгээд байгаа бол түүнтэй ярилцах цаг хэдийн болжээ. Завгүй гэх шалтаг тоочиж, таниас бага багаар холдоод байвал яах вэ?

Ийм байдал эцэстээ сэтгэлийн шарх, гомдол, мэхлэлтээр л дуусдаг. Эртхэн арга хэмжээ авч, юунаас болж ингэж аашилсанг нь мэдвэл, танд ч бас шийдвэр гаргахад хялбар байх болов уу.

Хайртайгаа батал гэж шаардах

Хэрвээ чи надад хайртай л юм бол…. гэх үгсийг амнаасаа байнга унагах болсон бол энэ нь хосуудын харилцаа хэвийн бус байгааг илтгэнэ.

Хайр дурлалд ямар ч батлах шаардлага байдаггүй. Хэрэв таниас баталгаа нэхэж байгаа бол тэр танд үнэхээр хайртай эсэх тухай ахин нэг бодоод үзэхэд буруудах зүйлгүй.

Бусадтай харьцуулах

Хүний найз охин, залуу, нөхөр эхнэр ийм байдаг, харин чи өөрийгөө хардаа гээд л үргэлж дорд үзэж, хэрүүлийн алим шидэлцэх нь хайртай хүмүүсийн хийдэг үйлдэл гэж үү? Харин ч эсрэгээрээ мэт санагдана. Та түүнд хайр татам харагдахаа больсон, таныг хараад хайр хүрэх биш уйтгартай санагддаг болсон байж ч мэднэ.

Сексээс ч татгалзах болсон

Хосуудын харилцааны хамгийн чухал зүйлсийн нэг нь секс байдаг. Гэтэл ямар ч секс байхгүй болчихвол үүнийг хосууд хэмээн нэрлэхэд тун ч бэрх болох юм.

Ямар шалтгааны улмаас тэр таниас зугтаж байгааг лавлаад үнэхээр хүсэл сонирхол нь буурсан бол түүнийг явуулах хэрэгтэй. Хэн хэнийгээ хорьж цагдан, там шиг амьдрахаас авраарай.

Гар хүрэх

Эр эм гэлтгүй хэн хэн нь нэгэндээ гар хүрч болохгүй. Мэдээж тоглоом шоглоом хийж нэгнээ зөөлөн цохих зэрэг байж болох ч, сэтгэлд нь сэв суутал гар хүрч, өвтгөж болохгүй.

Хэрэв танд нэг л удаа тийм зүйл тохиолдсон бол ахин тохиолдох нь ердөө цаг хугацааны л асуудал юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!