Би үсээ салаалчихлаа гээд байнга түүдэг байлаа. Харин үүний уншсаны дараа хэзээ ч дахиж түүгээгүй!
Өвлийн улирал дуусч хаврын улирал болж байгаатай холбогдуулан гоёмсог үсээ яаж арчлахаа мэдэхгүй байна уу. Тэгвэл наашаа анхаарлаа хандуулаарай. Эрхэм уншигч бүсгүйчүүддээ зориулан “Brilliant” салоны үсчин Мөнхтуулын зөвлөгөөг хүргэж байна. Тэрээр мэргэжлээрээ 9 жил ажиллаж буй туршлагатай нэгэн юм.
-Хүний үс яагаад гэмтдэг юм бол. Хүмүүс үсний гэмтлийн шалтгааныг янз бүрээр л тайлбарладаг шүү дээ. Харин мэргэжлийн хүн үүнд ямар хариулт өгөх бол?
-Үс гэмтэхэд хэд хэдэн зүйл нөлөөлдөг л дөө. Тэдгээрээс дурдвал, үсээ угаачаад хэзээ ч нойтон байхад нь боож болохгүй. Учир нь үсээ угаасны дараа их үян болчихдог тэр үед нь боовол тасарна,үсэнд суналт үүсэн гэмтэнэ. Мөн үсээ нойтон байхад нь самнаж болохгүй. Үс унах хамгийн том шалтгаан нь энэ юм. Угаасны дараа хуйхны уутанцар нээгдэн үс их эмзэг болдог тэр үед нь самнавал их унана.
Өвлийн улиралд үсээ нойтон чигээр нь гарч болохгүй. Дор хаяж нойтон толгойтой гараад даарвал тархины судас нарийсна. Үс хөлдөж хугарч тасарна шүү дээ. Харин дараагийн нэг чухал зүйл бол өөртөө тохирсон шампуниа хэрэглэх явдал юм. Гадуур худалдаалагдаж буй шампуниуд чухам ямар үсэнд зориулагдсан нь тодорхой байдаггүй. Тиймээс бүсгүйчүүд маань хамаагүй шампуниар угаах шалтгаан болоод байна. Уг нь боломжтой бол мэргэжлийн салонуудаас шампунь, үсний тос, маск гэх зэрэг бүтээгдэхүүнээ мэргэжлийн хүнээс зөвлөгөө аван худалдаж авбал зүгээр.
Үүнээс гадна бас нэг зүйл бол үсээ хэт халуун индүүгээр индүүдэхгүй байх нь чухал юм. Хэчнээн гоёж, гангалах гэж байсан ч гэлээ үсний индүүгээ 180 хэмээс илүү халаахгүй байх хэрэгтэй. Энэ хэмээс хэтэрвэл үсийг түлнэ гэдгийг бүсгүйчүүд маань анхаараасай.
-Тэгвэл бид үсээ хэрхэн гэмтэхээс хамгаалах вэ. Мөн яаж арчлах хэрэгтэй юм бол?
– Хамгийн сайн арга бол үсэндээ тэжээлийн тосыг 14 хоногт 1 удаа түрхэх. Гэрийн нөхцөлд гэвэл тослог үстэй хүн өндөгний цагаан, хуурай үстэй хүмүүс өндөгний шараар үсэндээ маск тавих нь хамгийн энгийн хэр нь үр дүнтэй арчилгаа юм.
-Бүсгүйчүүд бидэнд үсний талаар мэдэх, мэдэхгүй олон зүйл байдаг. Тиймээс та бидэнд мэдэхэд илүүдэхээргүй чухал зүйлсийг хуваалцахгүй юу?
-Тэжээлийн тос ангижруулагчийг хэзээ ч хуйхандаа түрхэж болохгүй. Үс их тослог болчихдог. Бас салаагаа гараараа түүж байна гээд үсээ зулгаагаад байж болохгүй. Харин ч салаагаа түүх биш улам гэмтээгээд байна гэсэн үг. Салаалсан бол тайралт хийлгүүлэх л хэрэгтэй.
-Бидэнд үс арчилгааны талаар үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа.
-Чамд ч бас. Чамд болон танай ажлын хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.