Ойрд шөрмөс татаад байхаар эмчид үзүүлтэл магни уухыг зөвлөсөн. Харин магни бидэнд чухам яагаад хэрэгтэй юм бол?
Эрдэмтдийн үзэж буйгаар дэлхий дээр амьдарч буй нийт хүн амын 80 хувь нь аль хэдийнэ магнийн дутагдалтай ч тэрийгээ мэдэхгүй явдаг аж. Бид кальци, С витамин л гэхээс биш магни гээчийг сонирхдоггүй бас мэддэггүй. Гэтэл магнигүйгээр хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг төсөөлөх аргагүй юм. Учир нь магни нь цуснаас авахуулаад бүх эд, эс, ясанд хүртэл агуулагддаг.
Өөрөөр хэлбэл эд эсийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй уг эрдэс маань 300 гаруй амин чухал биохимийн урвалд орж генетик мэдээллийг дамжуулахаас гадна булчин суллах (улмаар зулбах эрсдэлийг бууруулна), зүрхний хэм алдагдахаас хүртэл сэргийлэх нөлөөтэй.
Магнийн ач холбогдол
- Сайн унтаж амрана
- Цусны даралтыг тогтворжуулна
- Зүрхний шигдээст хүргэх аюултай судасны хатуурлаас сэргийлнэ
- Цусан дахь сахарын хэмжээг тогтвортой барьж, чихрийн шижингээс сэргийлнэ
- Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогоос сэргийлэх буюу зовиурыг багасгана
- Тайвшруулна. Стресс, сэтгэлзүйн хямралыг даван туулахад тус болно
- Амьсгалын замын үйл ажиллагааг дэмжих тул астма-гийн зовиурыг багасгана
Магни дутагдлын шинж тэмдэг
Өнөөдөр бараг бүх хүн ямар нэг хэмжээгээр магнийн дутагдалтай байдаг аж. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүд, согтууруулах төрлийн ундааны өндөр хэрэглээтэй хүмүүс, фитнесээр хичээллэгсэд, мөн хоолны чанга дэглэм барьдаг хүмүүст энэ асуудал илүү хурц илэрдэг аж. Магнийн дутагдлын үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ:
- Хөлийн ул, гарын алгаар хатгах, шөрмөс татах
- Зүрх дэлсэх, судасны цохилт олшрох, цус хөөрөх
- Анхаарал сулрах, уур уцаартай болох, ой тогтоолт муудах
- Тонус өгөх
- Даралт ихсэх
- Толгой өвдөх, ядрах, сульдах
- Нойр муудах, нойргүйдэх
- Өтгөн хатах, хумс хугарах гэх мэт
Магнийн дутагдлыг хэрхэн нөхөх вэ?
Эрүүл мэндийн байдал, жин, нас, ажлын ачаалал, онцлогоос хамааран хүний магнийн өдрийн хэрэгцээ 350- 500мг гэж үздэг. Биемахбод дахь магнийн дутагдлыг нөхөхийн тулд зөвхөн эм, амин дэмэнд найдалгүй, дадал зуршил, амьдралын хэв маягаа хүртэл өөрчлөх шаардлагатай гэж эмч нар зөвлөдөг байна.
Юуны өмнө хоол хүнсэндээ магниар баялаг хүнс ихээр нэмээрэй. Магни нь хлорофилын нэг хэсэг учир ногоон навчит ногоо магниар баялаг гэж ойлгож болно. Мөн боловсруулаагүй бүхэл үр тариа (жишээ нь овьёос, гурвалжин будаа), хулууны үр, улаан лооль, самар, хар шоколаданд магни их хэмжээгээр агуулагддаг.
Магни дутагдалд орохгүйн тулд доорх зааврыг дага:
- Өдрийн дэглэмэндээ анхаар. Сайн унтаж амар. Урт хугацааны стресс биемахбод дахь магнийг маш хурдан үгүй хийдэг тул стрессээ дарах аргыг ол.
- Кофе болон согтууруулах төрлийн ундааны хэрэглээгээ багасга. Эдгээр ундаа магнийг биеорганизмаас гадагшлуулах процессыг хурдасгадаг гэмтэй.
- Фитнесээр хичээллэдэг бол ачааллаа багасгах нь зүйтэй. Хөлсний хамт биеорганизмаас магни ч гадагшилж байдаг. Булчингаа амраалгүй ойр ойрхон ачаалалтай хичээллэвэл магнийн хэмжээ бүр алга болж өгнө л гэсэн үг.
- Шаардлагатай үед эмчийн заавраар эмийн бэлдмэл ууж магнийг нөхөх нь зөв. Тухайн бэлдмэлд магниас гадна В6 аминдэм агуулагдаж байвал тун сайн. Учир нь В6 магнийг эд эсэд нэвтэрч, шингэхэд тусалдаг. Нөгөө талаас магни нь В6 аминдэмийг идэвхгүйгээс идэвхит хэлбэрт ороход тусалдаг байна.