Найз залуугаасаа заавал асуух 10 асуулт
Насан туршид хамт амьдрах хань ижлээ сонгоно гэдэг нь хүний амьдралын хамгийн чухал сонголтын нэг билээ.
Гэвч өөрийгөө зөв хүнтэй учирсан эсэхийг таньж мэдэхэд багагүй цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаардагдана. Ялангуяа бүсгүйчүүдийн хувьд ирээдүйн нөхөр, найз залуу болох хүнээ сайтар судалж байж шийдвэр гаргах нь ирээдүйд учирч болох эрсдлээс өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалж байдаг чухал ач холбогдолтой.
Тиймээс ч бүсгүйчүүддээ зориулан өөрийн болзоот залуу болон таалагддаг залуугаа сонжих 10 асуултыг дуулгая.
1. “Хэзээ хамгийн ихээр ичиж, эвгүй байдалд орж байсан бэ?”
Хайртай залуугаасаа дээрх асуултыг асуугаад хэрхэн хариулахыг нь сайтар ажаарай. Хэрвээ тэр эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр асуултанд тань шууд хариулвал, тантай байхдаа юунд ч санаа зовдоггүй өөрийнхөөрөө байдаг гэсэн үг юм. Харин эсрэгээрээ өөрийн эвгүй түүхээ ярихаас татгалзаж, дургүйцэж байвал дотуур тамиртай, түүний хувьд та чухал хүн нь биш гэсэн үг гэж ойлгож болно.
2. “Хуучин найз бүсгүй чинь эргэж нийлье гэвэл яах вэ?”
Эр эмийн харилцаа сайн сайхнаар дуусна гэдэг маш ховор тохиолдол. Иймд таалагддаг залуугаа хуучин найз бүсгүйдээ одоо болтол хайртай эсэхийг мэдэхийг хүсвэл ийн асуугаарай. “Тэр уг нь сайн бүсгүй л дээ. Гэхдээ…” гэвэл чи надад хэрэггүй гэсэн үг, харин “Утгагүй юмаа. Би түүгээр яах юм” гэж хариулах нь тэдний харилцаа дууссан, өөр шинэ хүнтэй харилцаа үүсгэхийг хүсч байгааг илэрхийлдэг байна.
Мөн асуултыг булзайруулан, өөр зүйлийн талаар ярих нь өөртөө эргэлзэж байгаа, тэрчлэн хуучин бүсгүйтэйгээ буцаад нийлсэн ч яахав хэмээн бодож байх талтай.
3. “Ямар шивээс хийлгэхийг хүсдэг вэ?”
Тухайн хүний хийлгэсэн болон хийлгэхийг хүсдэг шивээс нь зан чанар, үзэл бодол, сонирхол болоод дотоод ертөнцийг нь нээн харуулдаг учраас нэг бодлын “цонх” гэмээр…. Иймд хэрэв найз залуу тань шивээстэй бол шивээсийнх нь утга, яагаад хийлгэх болсон шалтгаан, харин шивээсгүй бол цаашид үүнийг хийлгэх бодол байгаа эсэх, яагаад болохыг нь асууж лавлаарай.
4. “Хэдэн бүсгүйтэй үерхэж байсан бэ?”
Магадгүй эмэгтэй хүн бүр л найз залуугаасаа өмнөх бүсгүйчүүдийг нь асуудаг. Харин тэдний хэлж байгаа зүйлс, үнэн байх магадлал тун бага юм. Таны найз залуу их романтик, олон үгтэй, шалчигануур хэрнээ цөөхөн эмэгтэйтэй уулзаж байсан гэвэл тэр нь ихэнх тохиолдолд худал байдаг бөгөөд таныг ч бас тэдний нэг болгон, орхин явах магадлалтай.
5. “Юу уурыг чинь хүргэдэг вэ?”
Түүнээс юу уур, бухимдлыг нь хүргэдэг гэдгийг олж мэдэн, тухайн зан чанар өөрт тань байгаа эсэхийг сайтар бодоод үзээрэй. Хэрэв танд түүний дургүй зан чанар зонхилж байвал, ирээдүйд хамтдаа жаргалтай байх магадлал буурч байна гэсэн үг.
6. “Ямар асуултанд хамгийн дургүй вэ?”
Найз залуугаасаа хариултаа авсны дараа буцаагаад түүнээс өнөөх дургүй асуултыг нь асуугаад үзээрэй. Хэрэв ихэд уурлаж байвал танд тийм ч их хайртай биш, харин эелдгээр хүлээж авч, хошигнож байвал өөрт тань тохирох нэгэн байж мэдэх юм.
7. “Хүнтэй унтаж байсан уу?”
Тухайн хүнд эвгүй сэтгэгдэл төрөх боловч ямартай ч асуух нь зөв юм. Танд үнэнээ хэлж байгаа тохиолдолд чин сэтгэлээсээ өөртөө чинь дотносохыг хүсч байна. Харин хүнтэй унтаж байгаагүй гэхчлэн мэдээжийн илт байгаа зүйлийг худал хэлэх нь өөртэй чинь нэг оронд орохыг хүсч байгаа төдий л юм.
8. “Санхүүгийн хувьд…?”
Энэ нь түүний хөрөнгө мөнгөний хэмжээг нэгжиж шалга гэсэн үг биш. Харин санхүүгийн эх үүсвэрээ хэрхэн бүрдүүлдэг, хэр үрэлгэн зэргийг нь далдуур сонжоод үзээрэй.
9. “Чинийхээр хайр гэж юу вэ?”
Асуухад амархан ч, хариулахад хэцүү асуултын нэг юм. Та хоёрын харилцаа дөнгөж эхэлж байгаа тохиолдолд энэ асуултыг заавал асуух хэрэгтэй. Үүнээс шалтгаалан тухайн хүний зан чанар, үзэл бодол зэрэг нь танигдах бөгөөд өөрийн хариултаараа танд хайраа илчлэх боломжтой ажээ.
10. “Хуучин найз бүсгүйтэйгээ ямар харилцаатай байсан бэ?”
Хүн өөрчлөгдөх гэдэг нь маш бэрх тул тухайн хүн өмнө нь ямар байсан одоо ч бас тиймээрээ байх магадлал өндөртэй. Иймд түүний өмнөх амьдралыг бага зэрэг судлахад гэмгүй юм. Түүний хариултаас шалтгаалан та түүнтэй болзох эсэхээ шийдээрэй.