Хичнээн соёлтой, ухаантай нэгэн байлаа ч эдгээр 9 үйлдлийг гаргавал “тэнэг” харагдах болно!

Бид өөрсдөө ч анзааралгүй, санамсаргүй гаргах үйлдлээрээ бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлж, яг тэнэг, мангар нэгэн болж харагддаг байна шүү. Магадгүй та бүр эсрэгээрээ ухаантай нэгэн байлаа ч гэсэн доор дурдах үйлдлүүдийг гаргахад тэнэг, хүмүүжил муутай хүн юм байна гэж хүмүүст ойлгодог гэнэ. Ингээд та бүхэндээ хүмүүсийг тэнэг харагдуулдаг үйлдлүүдийг танилцуулъя.

1. Архи ууж суугаа эсвэл барьж яваа нэгэн

Ямар нэгэн ресторан, пабд архи уугаад тэр тусмаа ганцаараа уугаад сууж байвал та сайхан харагдахгүй нь лавтай. Хүн бүр л таныг тэнэг амьтан хэмээн харж, бүр архичин байна хэмээн бодож ч магад шүү. Харин хундага дарс эсвэл пиво захиалан уух нь тэгтлээ олны анхаарлыг тань дээр төвлөрүүлж, эвгүй харагдуулахгүй юм. Түүнчлэн олон нийтийн газраар шилтэй болон лаазтай шар айраг барьж явахгүй байхыг анхааруулъя.

2. Ухаалаг мэт царайлах

Хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэх гэсэндээ хэт ухаалаг аашилж, өөрт зохихгүй үгсийг хэрэглэх нь таныг эсрэгээрээ мунхаг нэгэн мэт ойлгуулах сул талтай. Үүний оронд зүгээр өөрийнхөөрөө байж, ойлгохгүй бол үнэнээ хэлж лавлаж асуух нь л таныг үнэнч, дүр эсгэгч биш гэдгийг нотолж харуулна. Хаана ч байсан өөрийн бодолдоо үнэнч байж, хэнээс ч айлгүй хэлэх гэснээ хэлж байгаарай.

3. Хэлц үгсийг буруу ашиглах

Монгол хэлэнд маань маш олон сайхан хэлц үг бий. Гэвч үүнийг ашиглахдаа буруу утгаар, тохиромжгүй үед ашиглах нь таны оюуны цар хүрээ ямар өчүүхэн болохыг илтгэнэ. Үнэхээр сайн мэдэхгүй л бол хэлц ашиглах гэсний хэрэггүй, зүгээр л ярианы хэлээр ойлголцох нь танд амар байж мэдэх юм шүү. “Лаг” харагдах гэсэн биш лаг шаварт сууж мэднэ шүү.

4. Хэт хурдан эсвэл хэт удаан алхах

Ажлын хамтрагчид, найзуудтайгаа гадуур алхахдаа ганцаар түрүүлж алхах, эсвэл ард нь хоцрох нь бусдад тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлдэггүйг та бид мэдэх хойно доо. Хэнхэг царайлж, урд гарах, хэнэггүй царайлж хойно үлдэх аль аль нь таныг ухаан хомс мэт харагдуулах аж.

Гаргаж байгаа үйлдлээ хянаж байхгүй бол үргэлж л бүдүүлэг, хэнэггүй харагдах гэмтэй. Бид заримдаа ярьдаг даа.. Орчноо мэдрэх мэдрэмж хэрэгтэй гээд. Яг энэ тухай чинь л яриад байгаа юм шүү дээ.

5. Харц буруулах

Бусадтай харилцаж байхдаа харц бууруулж бултах нь таныг өөртөө итгэлгүй, мунхаг нэгэн мэт ойлгуулна. Харин та эсрэгээрээ тухайн хүний нүд рүү хэдэн секундын давтамжтай эгц бөгөөд дулаан харцаар ширтэж байгаад ярилцах нь гал дүрэлзүүлсэн, цог золбоотой хүн юм гэх сэтгэгдлийг бусдад төрүүлж, алмайруулж орхидог гэнэ.

6. Ажил дээрээ хараал хэлэх

Танд ямар ч хэцүү байж, уур бухимдал тань хүрч байлаа гэсэн ажил дээрээ, хамт олныхоо дэргэд бүү хараал хэлээрэй. Энэ нь тэдний таныг харах өнцгийг өөрчилж, бүр зайгаа барих шалтаг нь ч болж мэднэ шүү. Та өөрөө ямар хүнийг хүндэлж биширдэг вэ, яг тэр хүн шигээ байгаарай.

7. Хөмсгөө зангидах

Хүмүүс ууртай царай гаргаж, хөмсгөө зангидахаараа өөрийгөө ухаалаг, боловсролтой, буурь суурьтай харагдаж байна гэж боддог. Гэвч энэ нь харин ч эсрэгээрээ таныг хэр мунхаг, ухаан дутуу болохыг илтгэдэг байна. Сүүлийн үед хөмсгөө зангидсан царайнаас илүү инээмсэглэх нь ухаалаг хүмүүсийн төрх болоод байгаа билээ.

8. Дээд өнгөөр ярих

Бусдыг даргалах гэж хэт хичээн, дээд өнгөөр ярьснаар тэд таныг хүндлэх бус харин ч үл ойшоож тэнэг амьтан гэж үзэж мэднэ. Таны хэлж байгаа үг, тэр ч бүү хэл ярьж байгаа өнгө тань ч таны оюуны цар хүрээг илтгэдэг аж.

9. Тусламж гуйхаас эмээх

Мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ бусдаас асуух нь ичих зүйл огтоос биш юм. Харин бусдаас тусламж хүсэлгүй, зөвлөгөө авахаас эмээх нь таныг өөртөө итгэлгүй, арчаагүй гэж харагдуулдаг байна. Ямар ч үед өөртөө итгэлтэй байх нь л таныг хэзээд сайхан харагдуулж, чимж явдаг юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!