Шотланд улс ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгосон анхны улс боллоо
Англид нөхөн үржихүйн насны охид, эмэгтэйчүүдийн 15% нь ариун цэврийн хэрэгллээ авахад санхүүгийн асуудалтай байдаг гэсэн судалгаа гарчээ. Түүнчлэн 14-21 насны охидын тэн хагас нь сарын тэмдгээсээ ичдэг гэнэ. Тиймээс Шотланд улс ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй болгох нь гэсэн мэдээлэл тарж эхэлжээ.
Шотландын улс төрч Моника Леннон ариун цэврийн хэрэглэлийг орон даяар үнэгүй болгох гэсэн хуулийн төслийг өргөн барьж эхний шатаа амжилттай давсан байна. Одоо засгийн газар энэ төслийг 100% баталчихвал бүх төрлийн ариун цэврийн хэрэглэл үнэгүй болно гэжээ.
Шотланд, Англид нэг сарын ариун цэврийн хэрэглэл 8 фунт стерлинг (27мянган төг) байдаг бөгөөд дунджаас доош орлоготой иргэдэд ихээхэн асуудал болдог аж.
“Ариун цэврийн хэрэглэл бол тансаг хэрэглээ биш, зайлшгүй авах ёстой хэрэглэгдэхүүн. Ийм учраас үүгээр бизнес хийж болохгүй” гэж Моника Леннон хэлжээ.
Шотланд улс 2 жилийн өмнө ерөнхий боловсролын сургууль, коллеж, их сургуулиудын оюутан сурагч охидод үнэгүй ариун цэврийн хэрэглэл тараах болсон анхны улс болсон билээ. Үүнд 5,2 сая фунт (17 тэрбум гаруй төг) засгийн газраас нь баталж байсан юм.
Өнөө үед ариун цэврийн хэрэглэлийг орон гэргүйчүүд, нийгмийн доод давхаргынханд үнэгүй болгохоор зорьж яваа улсуудын тоонд АНУ, Колумб, Кени, Малайз, Канад, Австрали, Энэтхэг, Уганда, Никарагуа, Ямайк, Нигери, Лебанон зэрэг улсууд багтана.
Улс төрч Моника Ленноны энэхүү зоригтой санаачилга маш олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм.