40 төрлийн жимс ургадаг мод тарьжээ

Америкийн Пенсилвани мужийн уран бүтээлч Сэм Ван Акен ботаник болон урлагийн салбарыг хослуулан нэгэн гайхалтай нээлт хийжээ. Тэрбээр нэг дор 40 жимс ургадаг мод ургуулсан байна.

Түүний энэ ажил асар олон хүнд таалагдсан нь дамжиггүй. Зөвхөн жимс ч биш олон өнгийн салаа мөчир бүхий энэхүү мод гудамж талбайд гайхалтай үзэмж нэмж байгаа гэнэ.

Тэрбээр энэхүү төсөл дээр 2008 оноос эхлэн ажилласан ба анх Нью-Йоркийн Хөдөө Аж Ахуйн Туршилт Судалгааны Төвд 3 акр жимсний тариалангийн талбайг хаах гэж байгаа сургаар очиж, олон төрлийн жимсний ургамал, үр тариа устах аюулд байгааг олж мэдсэн байна. Тэр дунд нь 200 жилийн настай жимсний ургамал ч байв. Талбайг худалдаж авсны дараагаар нэг модноос олон төрлийн жимс ургуулах туршилтын ажлаа эхэлж, олон арга туршиж үзсэний үндсэн дээр мөчир залгаж ургуулах аргаар олон төрлийн жимсийг нэг дор ургуулж чаджээ.

Энэхүү модонд одоогоор бүйлс, тоор, интоор, чангаанз, нектарин төрлийн тоор, чавга зэрэг жимснүүд ургаж цагаан, ягаан, улаан, цайвар өнгөөр сүлэлдэж байгаа ажээ. Тэрээр мөчир бүрийг өөр өнгөөр ургах кодыг өгсөн бөгөөд 5 жилийн дараа гэхэд өөр моднуудад ч энэ аргаар нэг дор олон төрлийн жимс ургуулж болох гэнэ.

Одоогоор 40 төрлийн жимс ургадаг нийт 16 мод байгаа бөгөөд тэдгээрийг АНУ-ын Нью Жерси, Массачуссетс, Арканзас, Калифорниа, Нью-Йорк зэрэг муж хотуудад тарьсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!