Жонни Депп Инстаграм хаягтай болж, хэдхэн цагийн дотор 1,8 сая дагагчтай болжээ

Жүжигчин Жонни Депп цахим сүлжээнээс ерөнхийдөө хол байдаг, тиймдээ ч 2 хоногийн өмнө Инстаграм хаяг нээж хэдхэн цагийн дотор 1,8 сая дагагчтай, харин өнөөдрийн байдлаар бол 2,7 сая дагагчтай болжээ.

Өдгөө 56 настай Холливуудын жүжигчинд хүртэл дэлхий даяар тогтоосон хөл хорионы үеэрх уйдалтын давалгаа нөлөөлсөн бололтой. Тэрээр 8 минутын бичлэг хийхээс гадна бас нэгэн зураг хийсэн нь олон хүний таашаалд нийцээд байна.

Уг 8 минутын бичлэгтээ тэрээр “Би өнөөдрийг хүртэл дэлхий даяар тархсан цахим сүлжээнд нэгдэх шаардлагагүй гэж бодож явлаа. Гэхдээ үл үзэгдэгч энэ аюулт өвчин хүн бүхний амьдралд маш ихээр нөлөөлж буй энэ үед цахим сүлжээнд нэгдэх цаг нь болсон бололтой” гэжээ.

Мөн тэрээр “Ийм хэцүү, цөвүүн цаг үед бие биедээ түшигтэй байж, бие биенийгээ үр бүтээлтэй завгүй байхад нь туслах хэрэгтэй шүү. Бид энэ өвчинд, энэ хөл хорионд ялагдаж болохгүй, тэгэх ч учиргүй. Өөрийн тань болон өрөөл бусдын өнөөдөр, маргаашд нөлөөлөх сайхан зүйлийг бүтээ. Зураг зур, ном унш, юм буд, бод сэтгэ, шинэ зүйл ахин дахин суралц, гар утсан дээрээ кино хий, хөгжим тоглодог бол хөгжмөө тогло” хэмээн хүмүүст сурталчилсан байна.

Түүнчлэн жүжигчин Жонни Депп өөрийн найз Жефф Бектэй хамтран “Isolation” буюу “Тусгаарлалт” хэмээх нэртэй дуу гаргажээ. Хэцүү цаг үед олон хүнд сэтгэлийн дэм болж буй гайхалтай уран бүтээлч гэдгээ тэрээр ахин баталлаа.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!