“Эмороод” байгаагийн 9 шалтгаан
Хүн бол сэтгэл хөдлөлийн үүр уурхай. Сайхан зүйл тохиолдвол баярлана, гунигтай зүйл тохиолдвол сэтгэл эмзэглэж хямрана, энэ л биднийг өөр юунаас ч илүүтэйгээр хүн гэдгийг маань мэдрүүлдэг. Гэвч зарим хүмүүс бусдаас илүү эмзэг, амархан гунигладаг, сэтгэл санаагаар унах нь элбэг байдаг. Үүний учир юунд байна вэ?
1. Чи ердөө л “хүн” шүү дээ
Өөрт нь хамааралтай хэцүү зүйл тохиолдоход гуниглаж гутардаг араншин зөвхөн хүн төрөлд л бий. Хэрвээ хүн болгоноос илүү урт хугацаанд гуниглах, шаналах, сэтгэл хүчтэй зовинох шинж тэмдэг илэрч байгаа бол баашилж байгаа хэрэгт огтхон ч биш. Хүн бүхний хурууны хээ, царайны төрх байдал өөр өөр байдаг шиг тэдний мэдэрч буй зүйл, дотоод сэтгэл ч гэсэн өөр байдгийг ойлгох хэрэгтэй. Өөрийгөө байгаагаар нь л хүлээж ав, гэхдээ мэдээж заримдаа тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй шүү.
2. Удамшдаг байх магадлалтай
Хэрвээ таны аав ээж, өвөө эмээд хэзээ нэгэн цагт сэтгэл гутрал, сэтгэл зовинол болон бусад сэтгэц мэдрэлийн шинж тэмдгүүд илэрч байсан бол танд ч бас энэ нь удамших магадлалтай. Зарим судалгаагаар бага зэргийн генийн өөрчлөлт тархийг сэтгэл хөдлөлд илүү мэдрэг болгодог гэсэн байдаг. Серотонин дамжуулагч ген, допамин ген, сэтгэл хөдлөл мэдрэгч ген зэргүүд нь тархины тодорхой хэсгүүдийг өдөөж өгдөг. Эдгээр генүүд жирийн хүнийхээс илүү мэдрэгээр ажилласан тохиолдолд сэтгэл хөдлөл хэлбэлзэх, санаа зовинол ихсэх, сэтгэл гутралд автаж болно.
3. Хангалттай амарч чадахгүй байх
Шөнийн цагаар хангалттай унтаж чадахгүй байх, өдөрт 8 цагаас бага цагаар унтах зэрэг нь стресст илүү өртөмтгий болгож, анхаарал төвлөрөх чадварыг эрс муутгаж, бие махбодийн тэнцвэрт байдлыг хүртэл алдагдуулдаг. Бодоод үз л дээ: ажил ихтэй, ачаалал өндөр үеүдэд орой унтаад өглөө эрт босохоор шууд л сэрүүлгээ авч шидмээр, хөнжлөө тийрмээр санагддаг биз дээ? Уур уцаартайгаар ингэж эхэлсэн өдөр ажил бүтэх нь ч ховор байдаг. Ийм байдал удаан үргэлжилбэл нойргүйдэх, сэтгэл гутралд эргэлзээгүй автах, сөрөг зүйлсэд үзүүлэх тэвчээр, хүлээцтэй байдал буурах зэрэг дан сөрөг нөлөөнүүд л илрэх нь зүй ёсны хэрэг билээ.
4. Удаан ганцаараа байх
Ганцаараа байх нь өөрийгөө сонсох, таньж мэдэх, зорилгоо илүү сайн тодорхойлоход тустай боловч ганцаардах шинжиндээ орж эхэлвэл хэт мэдрэг болгох, сэтгэл хямралыг өдөөж өгөх сул талтай. Олон хүнтэй хамт байх нь ганцаардах боломжийг олгодоггүй бөгөөд сэтгэлийн тэнцвэрт байдлыг хадгалж, эерэг сэтгэл хөдлөлийг илүүтэй дэмждэг. Олон төрлийн ааш араншинтай хүмүүстэй хамт байснаар өөрийгөө илүү сайн таньж мэдэх, хүмүүстэй харьцаж сурах, тэднийг байгаагаар нь хүлээн зөвшөөрч стрессээс ангид байх давуу талтай. Яваа яваандаа сөрөг хүмүүсээс хэрхэн зайгаа барьж өөрийгөө хамгаалах, эерэг хүмүүстэй хэрхэн нэгдэж шинэ зүйл сурах вэ гэдгээ та маш сайн мэддэг болно.
5. Буруу хооллох
Хоол бол бидний бие махбод, сүнсэн биеийг тэжээж байдаг гол тэжээл. Ямар хоол хүнс хэрэглэж байгаагаас шалтгаалж сэтгэл хөдлөл унах уу, сэргэх үү гэдэг ч шийдэгдэнэ. Хэрвээ чихэрлэг бүтээгдэхүүн, түргэн хоол идэх дуртай бол сахараас болж түрхэн зууртаа л сайхан санагдана. Харин хоол хүнс бүрэн шингэсний дараагаар уур хүрэх, залхуу лазан болох, ажлын бүтээмж сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин хүнсний ногоо, жимс жимсгэнэ, уураглаг хүнс хэрэглэснээр бие хөнгөрч, анхаарал сайн төвлөрч… ядаж л илүүдэл жиндээ санаа зовж уурлах шалтгаанаа нэгээр нэмэхгүй байх боломжтой.
6. Амьдралын тодорхой мөчлөгүүд тохиолдох
Гэрлэлт, салалт, хүүхэд төрүүлэх, ажилгүйдэл, шинэ ажилд орох, гэр бүл, хайртай дотны хүнээ алдах, өвчлөх, дассан газраасаа холдож нүүх, эмчийн хяналтанд орох, хөгшрөлтийн шинж тэмдэг ихээр ажиглагдах, өсвөр насны хямралд өртөх гээд амьдралын тодорхой хэмжээний мөчлөгүүд бидний сэтгэл зүйд өөрчлөлт явуулж сэтгэл санаагаар “тоглодог.” Эдгээр зүйлс нь хүн бүхний амьдралд байх л ёстой зүйл мөн түр зуурын л явдал гэдгийг хүлээн зөвшөөрч, сэтгэл санаагаа аль болох тогтвортой байлгахыг хичээх хэрэгтэй.
7. Стрессдэх
Стресс бол хүний бие, сэтгэлзүйд шууд нөлөөлдөг сөрөг сэтгэл хөдлөл. Орчин нөхцөл, ажлын ачаалал, нойргүйдэл, салалт болон бусад олон шалтгаанаас хамаарч стрессддэг. Стрессдэх шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн л бол өөрийгөө тайвшруулахыг хичээж, дуртай зүйлээ хийх, түр завсарлага авах зэргээр өөрийгөө сул чөлөөтэй байлгах хэрэгтэй.
8. Гашуудах, харамсах
Хайртай дотны хүнээ алдах нь удаан хугацаанд гуниглах, сэтгэл хөдлөлд хэт их автах хүнд шалтгаан болдог. Аль болох тайван байхыг хичээж, эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Та өөрийгөө зовоолоо гээд ямар ч ашиг тус гарахгүй, харин ч бүр сэтгэл зүйн хүндхэн хавханд оруулж буй хэрэг. Зөвхөн үхэл хагацлын дараа ч бус салалтаас болж шаналах, боломж алдах, алдаандаа харамсах зэрэг явдлуудаас ч болж сэтгэл хөндүүрлэж болно. Ирээдүйдээ энэ алдаагаа дахин давтахгүй л байх хэрэгтэй гэдгийг санаарай.
9. Гэнэтийн цочролд автах
Аймшигтай зүйл харах, цочирдмоор зүйлс тохиолдох нь сэтгэл зүйг цочролд оруулж, айдас, уур, түрэмгийлэл, хүчирхийлэл, уйтгар гуниг, уй гашуу, ичгүүрт автуулах үндэс болдог. Ийм тохиолдолд мэргэжлийн хүнд хандсан нь илүү үр дүнтэй байдаг.