Өөрсдийн мэдэлгүй үсээ гэмтээж байдаг зуршлууд

Бидний өдөр тутамдаа хийж байдаг халуун усанд орох, нойтон дээр нь самнах гэх мэт маш олон зуршлууд үсийг ихээр унагах, үзүүрийг нь салаалуулах, ургалт багасгах, өнгийг гандаах зэрэгт хүргэдэг. Та үсний уналтаа багасгаж, эрүүл байлгая гэвэл дараах зүйлсийг анхаараарай.

1. “Өнцгөө олох”

“Ямар зураг авахуулах гэж байгаа биш дээ” гэж үү? Үгүй дээ, үс угаахад хүртэл өнцөг чухал. Реклам, зураг авалтууд дээр шүршүүрийг чанх доор зогсоод үсээ угаадаг, энэ нь ч эвтэйхэн санагдах үе бий. Харин доош харан үсээ унжуулж угаах нь шампунийг хуйханд сайтар хүргэж, ангижруулагч үсний тосыг үсний угт хүргэхээр зайлсхийхэд тустай.

2. Хэт халуун усаар угаах

Үсээ болж өгвөл хүйтэн бүлээн усаар угаах нь өнгийг нь гандах, хуурайшихаас сэргийлнэ. Үсийг байнга халуун усаар угаавал хуйх хуурайшиж хагтах, үс хугарамтгай болдог.

3. Байнга сэнсээр хатаах

Үүнээс гадна байнга ороогч, индүү хэрэглэх нь үсийг маш амархан гэмтээдэг. Хэрвээ үсний цахилгаан хэрэгсэл хэрэглэх гэж байгаа бол зориулалтын халуунаас хамгаалах түрхэцийг түрхэж хэвшээрэй. Хэрвээ сэнсээр хатаахаас зайлсхийж байвал торгон алчуураар боох мөн даавуун алчуураар хэт чанга мушгих хэрэггүй.

4. Хангалттай ус уухгүй байх

Үсний 15 хувийг ус эзэлдэг учраас хангалттай ус ууж арьс, үсээ чийгээр хангаарай.

5. Үсээ хүйтнээс хамгаалаарай

Монгол шиг хатуу ширүүн уур амьсгалтай оронд хүйтний болон завсрын улиралд малгай өмсөх нь үс гандаж, гэмтэхээс хамгаална. Ийм нөхцөлд нойтон үстэй гарч явах тухай бодохын ч хэрэггүй.

6. Байгалийн гаралтай арчилгаа хийх

Салоны үнэтэй эмчилгээ, арчилгаа хийлгэхээс илүү гарын доорх, байгалийн гаралтай материалаар үсний маск хийх нь илүү трэнд болоод байна. Кокосын тос, маойнез, арган тос, авокадо зэрэг нь үсэнд гайхалтай тэжээл өгдөг.

7. Хоолондоо анхаарах

Идэж байгаа хоол хүнс үсний угаас эхлээд хөлийн үзүүр хүртэл бүхий л биеийн хэсэгт хүрч үйлчилдэг. Төмөр, биотин витаминууд, уурагаар баялаг самар, загас, авокадо, хулуу, хулууны үр, брокколи, бүйлс, амтат чинжүү, какао, бууцай, лууван зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэхийг зөвлөе.

8. Ойр ойрхон тайруулж байх

Хурдхан шиг урт үстэй болмоор, огт тайруулахгүй байгаад байхад л ургаж өгөхгүй салаалаад байгаа бол харин ч үзүүрээс нь 2 сардаа нэг удаа тайруулчихад огт гэмгүй. Ингэснээр үсний гэмтэл багасч, илүү хурдан ургах болно.

9. Самнахгүй байх

“Би үсэндээ огт сам хүргэдэггүй” гэж бахархан ярих эмэгтэйтэй таарч л явлаа. Энэ ч нэг их бахархаад байх зүйл биш л дээ. Харин ч өдөр бүр үснийхээ ширэлдээг гаргаж, хуйхандаа массаж хийх аргаар 10-15 минут тогтмол самнах нь хуйхны цусны эргэлтийг сайжруулж, хуйхны бөглөрөлөөс сэргийлж, тослогийг жигд тарааж өгөх давуу талтай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!