Харшлын улирлыг амжилттай давах аргууд

Зуны улирал ирэхэд аялал зугаалгаар явж, цэвэр агаар амьсгалах нь сайхан ч ургамлын болон ургамлын тоосны харшилтай хүмүүст хар дарсан зүүд мэт л санагддаг. Харшил бол “хотжилтын өвчин” гэж тодорхойлогддог. Нэгэнт үүссэн харшил эдгэнэ гэж байхгүй ч харин урьдчилан сэргийлж, зовиур ихтэй шинж тэмдгүүдийг багасгаж болдог. Тухайлбал:

1. Эмчээс эм, дусаагуур бичүүлж авах

Ургамлын харшлын үндсэн шинж тэмдгүүд бол хамар, нүд загатнаж, улайх, хамар битүүрэх, хоолой тагнай сэрвэгнэж загатнах, ойр ойрхон найтаах, нулимс гоожих зэрэг юм. Хэрвээ амьсгаа авахад төвөгтэй болж цээж бачуурч эхэлвэл астмын шинж тэмдэг байж болзошгүй тул заавал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хөдөө явах, ургамал ихтэй газраар явах гэж байгаа бол урьдчилж харшлын эм, хамрын дусаагуур, нүдний дусаалга бичүүлж авч зэхээрэй.

2. Хамраа угаах

Харшлын улирлын үед хамрын хөндийг өдөрт 1-2 удаа угаах нь тун зохимжтой. Ингэхдээ хамар угаах зориулалтын уусмал давс, эсвэл энгийн хүнсний содыг 200-280 гр усанд хийж, зориулалтын цорготой саваар угаана.

3. Гаднаас орж ирсэн бол хувцсаа шууд тайл

Ургамлын тоос, тоосонцор нь үс, хувцас, гутланд наалдаж гэрт орж ирэх бөгөөд орж ирсэн хойноо ч харшлын шинж тэмдгүүдийг өдөөж болзошгүй. Тиймээс ургамал болон тоос ихтэй газраар явж ирсэн бол гутал хувцсаа хурдан тайлж гөвж цэвэрлээд (болж өгвөл байнга угаах), үс толгойгоо угаах хэрэгтэй.

4. Цонхоо хаах

Хэрвээ та ургамлын тоосны харшилтай бол өглөөний 4-10 цаг, оройны 17-20 цагийн хооронд цонхоо хааж байх, харин ахуйн тоосны харшилтай бол эсрэгээрээ цонхоо сайн онгойлгож агаар оруулж байх хэрэгтэй.

5. Өөрийгөө хамгаалах

Гадуур явахдаа нүдний шил, маск, амны хаалт зүүж явах, мөн харшлын эм, дусаалга, нүдний дусаалга зэргээ байнга биедээ авч явах.

6. Усанд орох

Харшлын үед мэдээж усанд орох нь чухал ч гэлээ өглөө, орой орсны ялгаа маш их. Хэрвээ та гаднаас орж ирсэн бол оройд усанд орчихоод унтсанаар арьс үсэн дээрх тоосоо орондоо наалдуулахгүй байж тавтай амрах боломжтой.

7. “Борооноос зугтаа”

Яг ч бороо орох үеэр биш л дээ, харин бороо орсны дараа ургамлын тоосонд илүү ихээр харшил хөдөлдөг учраас бороо орсны дараагаар цонхоо хаах, гадуур гарахгүй байхыг зөвлөе.

8. Ус маш сайн уух

Дасгал хөдөлгөөн хийх, ус сайн уух зэрэг нь улиг болсон зөвлөгөө шиг энгийн уйтгартай сонсогдож байгаа ч хамгийн хэрэгтэй гэдгийг та мэдэх үү? Ингэснээр бие дэх чийг нөхөгдөж, харшлын зовиурууд хамаагүй багасаж ирдэг.

9. Хоолны дэглэм баримтлах

Ургамлын харшил ихэнхдээ хоолноос болж сэдрэх нь ч бий. Тоор, айраг, бүхэл үрийн талх, гурилан бүтээгдэхүүн, кофе, даршилсан ногоо, улаан лооль, зөгийн бал, мандарин, жүрж, нимбэг зэрэг цитрусын төрлийн жимс гэх мэт хүнсний бүтээгдэхүүн нь харшлыг улам өдөөж, зовиурыг ихэсгэдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!