Өөрөө мэдэхгүй ч сэтгэл санаагаар “навс” унаж байгаа хүний 4 шинж

Заримдаа бид залхуу хүрээд байна уу, ямар ч эрч хүчгүй болж сэтгэл санаагаар унаад байна уу гэдгээ ч ялгадаггүй. Толгой өөд татах ч завгүй ажилтай өдрүүдэд сэтгэл санаагаар унаж, эргэн тойрны бүхий л зүйл уур уцаар хөдөлгөж, хэнтэй ч ярьмааргүй, хөдөө хээр тал руу яг одоо гараад давхимаар санагдах нь үнэхээр ажил ихтэйгээс болсон уу? Эсвэл гол шалтгаан таны дотор байна уу? Энэ бол хурдацтай өөрчлөгдөж буй энэ нийгэмд хүн бүрт тулгамддаг сэтгэл санааны хямралын үе юм.

Энэ үеийг зарим хүмүүс гаднаа ил гаргалгүй байдаг л зүйл мэтээр хүлээн авч даамжруулсаар сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа болгодог нь харамсалтай. Харин танд доорх 4 шинж тэмдэг сүүлийн үед илэрч байгаа бол яаралтай арга хэмжээ авч, өөрийгөө тайвшруулж, бие болоод сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарах цаг болжээ.

1. Нэг газраа гацсан мэт, асуудлыг даван туулж чадахгүй мэт мэдрэмж төрөх

Ажил амьдралын аливаа асуудал тулгарахад шийдэл нь олдож өгөхгүй зовоох, байнга бодогдох, үүнээсээ болоод стрессдэх үе бий. Энэ нь яваандаа ажлын бүтээмж бууруулах, нойргүйдэх, ямар ч зүйлд идэвхигүй болгох, толгой байнга өвдөх, булчин сулрах, хоолны дуршилгүй эсвэл хэт их дуршилтай болгох сөрөг үр дагавартай.

ШИЙДЭЛ: Ийм үед л дотны хүмүүсээс эсвэл мэргэжлийн хүнээс тусламж хүсэх хэрэгтэй. Аливаа асуудлыг шийдэж чадахгүй удвал дараагийн алхам болоод өөр ажлыг ч хийх тэнхэлгүй болчихдог. Тиймээс шийдэл хэрэгтэй байгаа асуудалд “өөр харах өнцөг” буюу чиний найз, ах эгч, эхнэр/нөхөр, мэргэжлийн эмч хэрэгтэй. Тэдэнтэй болж буй явдлын талаар ярилцаж, хэрхэн ашигтай шийдэл олох талаар зөвлөгөө хүс.

2. Зорилго мөрөөдөл ямар ч утгагүй мэт санагдах, ажиллах хүсэл “0” заах

Хэт их стресс чиний хамгийн чухал зорилго, мөрөөдлийг ч амтгүй сулбагар, шал дэмий зүйл мэт санагдуулахуйц тийм их хүчтэй. Яах гэж энэ ажлыг хийж байгаа, ер нь юуны тулд амьдарч яваагаа ч умартаж, хүн сүг болон хувирдаг үе хэнд ч тохиолддог юм шүү. Энэ үеэр өдрийн цагаар нойрмоглох, лазан болох, харин шөнийн цагаар нойргүйдэж, үе мөч хөших болон архаг хууч өвчин сэдрэх хандлага ажиглагддаг.

ШИЙДЭЛ: Ийм үед бүх ажлаа эхнээс нь эхлэхийг хичээгээд үз. Хамгийн чухал ажлаа түрүүлж хийгээд үр дүн нь эхнээсээ харагдаж эхэлмэгц таны ажлын бүтээмж, эрч хүч эргэн ирж байгааг мэдрэх болно. Энэ хооронд агаар салхинд гарч, ой модонд алхаж хүчилтөрөгчөөр тархиа цэнэглэвэл илүү үр дүнтэй. Харин архи, тамхийг болж өгвөл хэрэглэхгүй байх нь зүй. Түүнчлэн бүх хүмүүст таалагдах гэж бүү хичээ. Харин зөвхөн өөрийнхөө одоо цаг, ирээдүйн төлөө ажлаа нарийн бөгөөд ухаалгаар төлөвлөж бага багаар түүндээ хүрэх гэж хамаг хүчээ дайчил.

3. Түргэн ууртай болох, жижиг зүйлд ч бухимдах

Хичнээн тайван хүн байсан ч ажлын ачаалал болон амьдралын асуудал (Салалт, ойр дотны хүнээ цаг бусаар алдах, өвчин тусах, ажлаас халагдах, өрөнд орох г.м)-аас болж түргэн ууртай, эргэн тойрондоо сөргөөр нөлөөлөх, эд зүйлд халдаж өөрийгөө гэмтээх гэх мэт шинж тэмдэг ажиглагдаж болно. Ийм үед хүний тархинд өөрийгөө удирдах сэдэл нэгэнт байхгүй болж, уурандаа захирагдах нь бий.

ШИЙДЭЛ: Түргэн уурыг хурдан хугацаанд намжаах хамгийн энгийн бөгөөд маш үр дүнтэй арга бол гүнзгий амьсгал. Цээжний гүнээс гүнзгий амьсгал авч 2 секунд бариад, хамраар гаргах дасгалыг 2-3 хийснээр тархинд хангалттай хэмжээний хүчилтөрөгч очиж, ухаалаг зөв шийдвэр гаргахад тусалдаг. Уур хүрсэн үед амьсгалаа зөв удирдаж сурснаар дараа нь харамсах болчимгүй үг үйлдлийг хязгаарлаж чадна.

4. Удаан хугацаанд бие сульдах, нойргүйдэх

Нойргүйдэл бол сэтгэл санааны болон сэтгэцийн доголдлуудтай салшгүй холбогддог зүйл. Тэгэхээр асуудлын үндэс болсон сэтгэл санааны уналт, сэтгэл зүйд заналхийлсэн асуудлуудыг илааршуулахаас нааш дан эмийн нөлөөтэйгөөр нойргүйдлийг эмчлэх нь байнга хэрэглэх арга биш юм.

ШИЙДЭЛ: Та хэрвээ буцаад хэвийн амьдралдаа оръё гэж бодож байгаа бол чадах чинээгээрээ хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Үүний тулд унтахаас 5 цагийн өмнө каффейн агуулсан хоол хүнс хэрэглэхгүй байх, 2 цагийн өмнө цахилгаан хэрэгсэл огт хэрэглэхгүй байх (халуун ваннд орох, ном унших, тайвшруулах аялгуу сонсох, үнэртэй лаа асаах, хөнгөн сунгалтын дасгал хийх гэх мэт аргуудыг туршаад үзээрэй) ёстой. Оройтож унтсанаас болж өглөө гүйцэт амраагүй мэт санагдах, бүтэн өдөржин бие сульдах гэх мэт шинж тэмдэг ажиглагдана.

Дүгнэлт: Ганцаардал хүнийг хамгийн их туйлдуулж, хүч чадалгүй мэт санагдуулдаг. Тиймээс найз нөхөдтэйгээ тогтмол уулзаж байх (мэдээж уулзах болгондоо архи уу гэсэн үг биш!), гэр бүлийнхэнтэйгээ нийтэч байж, тэдний санаа бодлыг сонсох, агаар салхинд тогтмол гарч байх, хөлс гаргаж булчин ажиллуулах дасгалыг хийж зуршил болгох гэх мэт аргуудыг хэрэглээд үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!