Хүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ?

“Бидний үед ном уншихаас өөрийг мэддэггүй байлаа” гэж өчнөөн арван жилийн илт ялгаатай зүйл битгий улиг болгож ярьж байгаарай. Мэдээж таны үед номноос өөр сонирхолтой зүйл ховор, гар утас гэж зүйлийн сургийг нь ч гаргаагүй байсан цаг. Харин одоо цагт интернэт, ухаалаг утас хоёрын тусламжтайгаар бүхий л хэлбэрийн мэдээллийг секундын дотор л төвөггүй авч байна.

Гэсэн хэдий ч ном унших нь үгийн баялгийг нэмэгдүүлэх, хэлний чадварыг дээшлүүлэх, мэдлэгт шунах сэдлийг төрүүлэх, “Empathy” буюу өөрийгөө бусдын оронд тавьж сурах чадварт суралцуулах, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, тархины дасгал болох, анхаарал төвлөрөх чадварыг нэмэгдүүлэх, ерөнхий мэдлэгийг үр дүнтэйгээр тэлэх зэрэг өгүүлж дуусашгүй олон давуу талтай. Харин энэ бүхнийг яаж эхлэхээ мэдэхгүй байгаа бол энэ мэдээлэл танд бага ч атугай тус болно хэмээн найдаж байна.

1. Ном уншихыг сонголт болгож үлдээ

Ном унших нь ямар давуу талтай бөгөөд нэг уншиж эхлэхэд салж чадамгүй сонирхолтой байдаг тухай ярьж өг. Харин гэрийн даалгавар мэтээр бүү тулга. Тулгах тусам зугтаах нь хүүхдийн зан. Хэрвээ танай хүүхэд эрээлжилсэн олон текстэнд дургүй бол зурагтай ном, тайлбартай ном, сонсдог ном зэргийг санал болго. Өөр хүний хоолойгоор уншсан номыг сонсоод өөрөө уншиж үзэх гэсэн сэдэл төрдөг.

2. Олон төрөл жанрын ном санал болго

Мэдээж дөнгөж эхэлж байгаа хүүхдэд түүхэн ном, урт том роман тохиромжгүй. Харин түүний оронд насанд нь тохирсон уран зөгнөлт цуврал номууд, адал явдалт гэмт хэргийн сэдэвтэй хөнгөн зохиол, уянгын романс чиглэлийн бестселлер болж буй номуудаас дуртайг нь сонгуулж уншуулаарай.

3. Үлгэр жишээ бай

Эцэг эх, ах эгч, эргэн тойрных нь хүмүүс ихэнх үед ном уншиж харагддаг бол хүүхэд өөрийн эрхгүй сонирхож эхэлдэг. Тиймээс ном унш гэж залхтал хэлэхийн оронд өөрөө уншиж буй номныхоо сэтгэл хөдөлгөм, санаанд үлдсэн хэсэг, дүрүүдийнх нь талаар сонин болгож ярьж өгөөрэй.

4. Ном унших орчин нөхцөл бүрдүүлж өгөх

Телевиз байнгын асаалттай, интернэт байнгын залгаастай, утас нь үргэлж нүдэнд нь харагддаг бол ямар ч хүүхэд тоглоом тоглож, кино үзэхийг л сонгох нь мэдээж. Харин нэг нэг хоногоор ээлжилж утас үзэх, ном унших хуваарь эхний ээлжинд гаргаад туршиж болно. мөн ном уншаад суухад эвтэйхэн номын булан, ширээний чийдэн авч өгч ч болно.

5. Ном ба амьдрал

Хэрвээ таны хүүхэд саяхан Харри Поттерын цувралуудаас үзэж дууссан бол хамтдаа киног нь үзэх, түүх/уран зохиолын ном уншиж дуусгасан бол түүхийн музейгээр дагуулж явах, амьтдын тухай ном уншсан бол хөдөө хээр дагуулж явах гэх мэтчилэн амьдралтай илүү холбож өгөх нь зүйтэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!