Жүржтэй тахиан мах хийх хялбар жор

Хятад ресторануудад хамгийн их захиалга авдаг хоолны нэг бол мэдээж жүржтэй тахиан мах. Арааны шүлс асгаруулам чихэрлэг бөгөөд исгэлэн, зөөлхөн хэрнээ шаржигнасан жүржтэй тахиан махыг 20-хон минутанд бэлтгэх хялбар жорыг хүргэж байна.

Ерөнхий орц:

  • Тахианы ясгүй гуя (Цээж махнаас илүү зөөлхөн бөгөөд шүүслэг, мөн хурдан болдог)
  • Гурил
  • Крахмал
  • Өндөг
  • Сармисны нунтаг
  • Давс, перец
  • Жүржийн хальс
  • Жүржийн шахсан шүүс – 2 ширхэг
  • Соё соус
  • Цагаан гаа
  • Элсэн чихэр
  • Ургамлын тос
  • Цагаан будааны цуу

Хийх арга:

1. Эхлээд тахианы ясгүй гуяаа жижиг дөрвөлжин буюу идэх хэмжээгээрээ хэрчиж бэлдээд крахмалд хийн бүрнэ. Үүний дараагаар өндөг, гурил, сармисны нунтаг, давс болон перец хольж өтгөндүү зуурмаг бэлтгээд, энэхүү бэлдсэн зуурмагандаа крахмалтай тахиагаа хийж хутгана.

2. Зуурмагтай тахиагаа тосонд шараад тосыг сайтар шүүж, тусад нь тавина.

3. Энэ зуур жүржийн соусаа бэлтгэцгээе. 2 ширхэг бүтэн жүржийн шахсан шүүс (савтай биш), тал жүржийн жижиглэж үрсэн хальс, элсэн чихэр, соё соус, сармис, цагаан гаа, цагаан будааны цуу зэргээ хольж, өтгөвтөр болтол нь зөөлөн гал дээр буцалгана.

4. Өтгөвтөр болсон жүржийн халуун соусандаа шарсан тахиагаа хийгээд сайтар хутгана.

5. Агшаасан будаатай мэдээж хольж идвэл илүү амттай. Тахиан дээрээ бага зэрэг гүнждийн үр цацаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!