Муу ч хамаагүй их сургуульд заавал суралцаж төгсөх ёстой 8 шалтгаан

Дэлхийн технологийн салбарын лидерүүдийн намтар дээрээс үндэслэн амжилттай амьдарч, хүссэн ажлаа хийхийн тулд заавал их сургууль төгсөх шаардлагагүй гэх үзэл санаа урган гарч, нийгэмд хараахан хөлөө олж амжаагүй залуусын дунд эрчимтэй тархаж байгаа. Нэгэнт л чиний ирээдүйн төлөвлөгөө тархинд чинь нарийн зурагдаагүй, зөвхөн хар зураг хэвээрээ, хөгжих үгүйг нь чи өөрөө ч сайн хэлж мэдэхгүй байвал их сургуулиа хаях гэсний хэрэггүй. Харин түүний оронд их сургуульд суралцаж төгсөөд, бакалаврын зэрэг хамгаалснаар чиний амьдралд ямар олон давуу тал гарч ирэх талаар бодож үзээрэй.

1. Ажилд орох магадлал маш өндөрсөнө

Ямартай ч ихэнх ажлууд хамгийн багадаа бакалаврын зэрэг шаарддаг. Сарын цалин харин 800,000 – 3,500,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Мэдээж ямар мэргэжил, тухайн ажилтны ур чадвар, тууштай байдал, гадаад хэлний мэдлэг, хувь хүний чадвар зэргээс хамаарч өөрчлөгдөх боломжтой гэдгийг санаарай.

2. Туршлагагүй гэж айж байна уу?

Их сургууль дөнгөж төгссөн хүүхэд авахгүй гэдэг ажлын байрууд олон. Санаа зовох хэрэггүй. Та төгсөхөөс өмнө хийдэг дадлагын ажлаа сайн газар сайн дүнтэй хийчихэд л болно. Болж өгвөл дадлага удирдсан хүмүүсээсээ тодорхойлох захидал (Letter of reference) авч үлдвэл дараа нь их хэрэг болно.

3. Танилын хүрээгээ тэлнэ

Их сургуулийн найзууд, оюутны бүлгэмийн гишүүд, янз бүрийн дугуйлан секцийн хамт олон, тэнхимийн багш нартайгаа төгссөн хойноо ч холбоотой байж болно. Тэдэн шиг үнэтэй зөвлөгөө өгөх хүмүүсийг та ховорхон олох болно шүү.

4. Олон талт сэтгэлгээ сууна

Их сургуульд заадаггүй ч чимээгүйхэн бидний сурч авдаг зүйлс бол үнэн худлыг шүүх, шүүмжлэн бодох сэтгэлгээ, хүнийг таних, цаг барих, хүн хүндлэх, мэндлэх гэх мэт ойр зуурын юм шиг атлаа амьдралд чухал хэрэгцээтэй чадварууд юм.

5. Харилцааны чадвар

Их сургуульд байснаар хүнтэй харилцах дөр сууж, нийгмийн харилцаанд хөлөө олох эхлэл тавигдана. Лекц, семинарын үеэр олон хүний өмнө илтгэл тавих, айдсаа дарж сурах, үг хэлж сурах гэх мэт харилцааны чадваруудыг суралцана.

6. Тууштай занд суралцана

Дүнгээ сайн тавиулахын тулд 2, 3 өдөр нойргүй сууж бие даалтаа хийх, даалгавраа гүйцээх хэрэг зөвхөн их сургуульд л тохионо. Тухайн үедээ давшгүй бэрх мэт санагдавч дараа нь харахад таныг тэвчээр суулгаж, зорьсон зүйлдээ цаг, биеэ зориулах чадварыг суулгасан байх болно.

7. Та бол хамгийн сайн үлгэр жишээ

Их сургуулийн төгсөлтийн баяр ойртож, эрдмийн зэрэг хамгаалж, дипломоо гардан авах өдөр айсуй. Тэр өдөр эцэг эх, хамаатан садан, дүү нар, найз нөхөд чинь чамаар бахархаж, хамгийн мундаг хүү/охинтой гэдгээ санах болно.

8. Та бол ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ХҮН

Дээд боловсрол бол нилээдгүй удаан хугацаанд, нилээдгүй их хүчин чармайлтаар олддог эд баялаг. Энэхүү эд баялгийг ирээдүйд хэр их болгож үржүүлэхийг зөвхөн та л шийднэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!