Дэлхийн хамгийн залхуу чоно хүмүүсийн эгдүүг хүргэж байна
Яг энэ цаг үед дэлхий даяар ихэнх хүмүүс л залхуурлын туйлд хүрч байх шиг байна. Зөвхөн хүмүүс ч гэлтгүй амьтад ч мөн эхнээсээ таргалж, өдөржин унтаж байгаа. Тэгвэл сүрлэг сэргэлэн чононууд хүртэл залхуурч, босохоос ч дургүй нь хүрч байгаа нь зурагчдын дуранд өртжээ.
Тэднийг Алава, Зефир гэдэг. Тэд Нью-Йорк хотын “Чоно хамгаалах төв”-ийн дэргэдэх тэжээвэр чононууд юм. Тус төвөөс тэдэнд “Элч Чоно” хэмээх цол олгож, чононууд өсч үржиж, таатай амьдрахад экосистем ямар байвал тохиромжтой талаар хүмүүст таниулах тусгай үүрэгтэй гэнэ.
Гэвч тэд үүргээ умартан, бүр хэвтээгээрээ ульж байгаа нь дуранд буужээ. 2 минут хамтдаа ульсны дараахан шууд хурхираад унтаад өгсөн байна! Элч чононууд байж ийм залхуу байх гэж…
Тэдний энэ зураг олон нийтэд нийтлэгдсэн даруйдаа олон хүнийг хөгжөөгөөд зогсохгүй эгдүүг нь хүргэж “Би ч гэсэн яг ийм л байдалтай байна”, “Тэд залхуу биш, харин ч ухаантай байгаа биз дээ? Хэвтээд хийж болох зүйлийг яагаад заавал зогсож өөрийгөө ядраах ёстой гэж?” гэх мэт хөгжилтэй сэтгэгдлүүдээр дүүрсэн байна.