Дэлхий нийтийн анхаарлыг татаж, томоохон сайтуудын хараанд өртсөн Монгол бүсгүй

Ренчинхорлоо гэх Монгол бүсгүй дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байгаа билээ. Үүний шалтгаан нь түүний өндөр бие, урт хөлтэй холбоотой. 2 метр 10 см өндөртэй бүсгүйн хөлний урт нь 134.5 см. Энэхүү хэмжээгээрээ тэрээр Гиннесийн номонд нэрээ бичүүлэх хэмжээнд очсон бөгөөд өөрийн бие галбираа хүлээн зөвшөөрөх гэж багагүй хүнд хэцүү цаг хугацааг туулсан ч, өнөөдөр ингээд нэрээ түүхэнд мөнхөлж, өөрийгөө хайрлах зоригтой болсондоо баяртай байгаагаа бүсгүй онцолжээ.

Ренчинхорлоо бүсгүй өдгөө 29 настай бөгөөд АНУ-ын Чикаго хотод амьдардаг. Түүний англи нэрийг Рен гэдэг аж. Бага байхаасаа л ангийнхаа, үе тэнгийн хүүхдүүдээс онцгой өндөр байсан нь түүнийг бусдаас өөр, гаж гэх ойлголтыг өгч, их л бүрэг ичимхий, өөртөө итгэлгүй нэгэн байсан аж. Болдогсон бол энэ урт хөл, өндөр биеэсээ татгалзаж, бусдын адил эгэл жирийн амьдрахыг хүсэх ч, яагаад ч өөрчлөх боломжтой хувь тавиланг яалтай. Өсч томрон, бусдаас элдэв үгс, доромжлол егөөдөл зэргийг сонсох тусам тэр өөрийгөө үзэн ядах бус, хайрлаж эхэлсэн байна.

Илүү ухаан сууж, энэ өвөрмөц байдлаасаа ичих биш, өөрийн бахархал болгожээ. Тэрээр “Энэ урт хөл маань намайг илүү үзэсгэлэнтэй болгосон гэж боддог. Өөрийгөө богино хөлтэй байгаагаар төсөөлж чаддаггүй” хэмээсэн төдийгүй өмнө нь аль болох намхан харагдах гэж пүүз, кетнээс салдаггүй байсан бол одоо өсгийтэй гутал өмсөж, өөрийн давуу талаа тодотгох болжээ.

Дээр дурдсанчлан түүний хөлийн урт 134.5 см бөгөөд одоогийн байдлаар дэлхийн хамгийн урт хөлтэй хэмээгдэж байгаа Екатерина Лисинагийн хөлийн урттай ижил хэмжээнд очоод байгаа юм. Ренни одоогоор Гиннесийн номонд өөрийн материалаа хүргүүлээгүй байгаа ч, албан бусаар тус амжилтыг эзэмших болсон нь түүнийг дэлхий нийтээр алдаршихад хүргэсэн байна.

Сүүлийн үед хүмүүс түүний тухай ихэд сонирхох болж, дэлхийн томоохон сайтууд ч бүсгүйн тухай нийтлэлүүдийг ар араас нь бичиж, хүмүүсийн мэлмийд хүргэж байгаа билээ. Тиймдээ ч түүний инстаграм хаягийн дагагчтын тоо огцом нэмэгдэж, өөрийгөө хайрлаж сурсан тус эмэгтэйгээс суралцах зүйл олон байгааг онцолж байна.

Тэрээр энэхүү өндөр биеэ аав ээжээсээ өвлөн авчээ. Түүний аав нь 2 метр 15 гаруй см өндөртэй бол, ээж нь 185 см өндөртэй аж. Ренни хэлэхдээ “Өндөр байх давуу болон сул талтай. Өөрт таарах хувцас олох маш хэцүү байдаг. Таалагдсан хувцсаа авахыг хүсэвч таарах размер олдохгүй нь бага зэрэг төвөгтэй.” хэмээж.

 

 

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!