Өөрийн амийг золиосолж, дүүгээ аварсан 6 настай, эрэлхэг хүүгийн түүх

Эрэлхэг бяцхан хүүгийн дүүгээ аварсан үйлдэл дэлхий нийтээр хүн бүрийн зүрхийг уярааж, бахдал төрүүлээд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн сараас эхлэн хүүд зориулан алдартнууд бичлэг илгээж, түүнд төрөл бүрийн бэлэг өгч, тэр их зоригийг нь үнэлэх болжээ.

6 настай Брижер Уокерийн авга эгч Никки Уокер анх өөрийн инстаграм хуудсандаа дүүгээ аварсан ахын тухай түүхийг хуваалцаж, зургийг нь оруулаад “Нохойноос дүүгээ аварсан баатар” гэх тайлбартайгаар дэлхий нийтэд энэ гайхалтай явдал тархах суурийг тавьсан.

Түүний дүү нь дөнгөж 4 настай бөгөөд тэд хамтдаа алхаж явтал Немц овчарк дайрч, охиныг унагасан байна. Брижер дүүгээ татаж, өөрөө нүүр болон толгой хэсгээ нохойд хазуулсан ч, хурдхан босч, дүүгийнхээ гарнаас атгасаар зугтжээ. Азаар нохойны эзэд ирж, нохойгоо авснаар, охин хүү хоёр аюулаас мултарсан аж.

Хүүг эмнэлэгт хүргэж, 90 гаруй оёдол тавьсан бөгөөд тэрээр эмнэлгээс харих замдаа “Хэрэв хэн нэгэн нь нохойд бариулж, үхэх ёстой бол, тэр нь би байх ёстой л гэж бодсон” хэмээсэн байна.

Болсон бүх явдлыг хүүгийн авга эгч инстаграм хуудсаараа дамжуулан хуваалцсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, түүний зориг тэвчээрээр бахархсан байна. Хүүгийн тухай постны дор олон алдартнууд сэтгэгдэл үлдээсний дунд “Avengers”-ийн баатрууд багтаж байв.

Хүн Аалзын дүрийг бүтээсэн Том Холланд “Би чиний түүхийг сонссон, залуу минь. Дүү чинь чам шиг ахтай үнэхээр азтай юм. Чамаар үнэхээр бахархаж байна.” гэх зэрэг урмыг үгсийг хэлэхийн зэрэгцээ Spider Man 3 киноны зураг авалтанд хүрэлцэн ирэхийг урьсан байна. Харин Ахмад Америк хүүд видео мэндчилгээ илгээж, түүнд Ахмад Америкийн бамбай явуулахаа амлаад амжжээ. Авенжеруудын цуваа үүгээр дууссангүй. Төмөр хүн ч хүүтэй холбогдож, ямар их бахархаж, хэчнээн их зоригтой болохыг нь гайхаж байгаагаа хэлсэн аж.

Энэ мэтчилэн хүүгээр бахархаж, хийсэн үйлдлийг нь сайшааж байгаа хүмүүс мэдээж алдартнуудаар дуусахгүй. Дэлхийн боксын зөвлөл (WBC) нэг өдрийн турш хүүг Дэлхийн хүнд жингийн аварга хэмээн өргөмжилж, түүнд аваргын бүсийг илгээсэн байна. Хүүгийн хувьд хайрлаж дурладаг баатрууд хийгээд дуртай спортоосоо хүртэл ийм их хайрыг хүртэж байгаадаа маш их баярлаж байгаагаа эгчийнхээ инстаграм хаягаар дамжуулан хэлжээ.

 

Хүү одоогоор эдгэрэх шатандаа явж байгаа тул хангалттай хэмжээгээр амаа ангайж, инээж чадахгүй байгаа гэнэ. Ямартай ч хүн бүрийн сэтгэлийг хөдөлгөж, ах хүн ямар байх ёстойг өөрийн биеэр харуулж чадсан хүүгээр бид бүгд бахархан хайрлаж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!