Хүчтэй ханиалгыг нам дарах луувангийн сироп бэлтгэх арга
Налгар зуны өдрүүд дуусч, сэрүүн өдрүүд ирж байна. Үүнээс болж бид нимгэн хувцаслаж гараад, ханиад хүрэх эрсдэл нэмэгдээд байгаа билээ. Зуны ханиадыг илүү хүнд гэхчлэн ярих хүмүүс олон байдаг. Тэгвэл ханиадыг хэдхэн хоногийн дотор нам дарах луувангийн сироп бэлтгэх аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ.
Таны ханиадыг намдааж, дархлааг сэргээх сиропны гол жор нь лууван юм. Хүүхдэдээ өдөр бүр луувангийн нухаш, шүүс, луувангийн шүүсэнд хийсэн зутан өгч байвал янз бүрийн өвчин эмгэг тусах нь бага байдаг.
Бөөр болон давсагны чулууг эмчлэх зорилгоор үрж жижиглэсэн лууванг хоолныхоо өмнө иднэ. Учир нь лууван бие мах бод дахь чулууг элс болгон гадагшлуулдаг увидастай.
Цус багадалттай хүн өдөр бүр өлөн байхдаа 100 грамм лууван, цөцгий болон ургамалын тостой хольж идвэл сайн байдаг. Түлэгдэлтийн үед луувангийн нухаш тавьж бооход тустай. Луувангийн шүүс хоол идэх дур хүслийг төрүүлж хоол боловсрох ажиллагааг сайжруулна. Ходоодны хүчил ихэдвэл луувангийн шүүс хэдий хэмжээтэй ууна төдий чинээ сайн гэлцдэг.
Тэгвэл энэхүү ашиг тустай луувангаар хэрхэн ханиадаа дарахаа мэдэж авцгаая.
Орц:
- Лууван – 4-5 ширхэг
- Ус
- Зөгийн бал – 2 цайны халбага
Луувангаа хальсалж бэлтгэнэ. Үүнийгээ үрээд, марл ашиглаж сайтар шахаад шүүсийг нь авна. Ингээд шахаж авсан шүүсэн дээрээ ижил хэмжээтэй буцалсан эсвэл шүүсэн ус хийж, 2 халбага цэвэр зөгийн балаар амталж хутгаарай.
Ингээд л нэг ёсондоо таны амттайхан хийгээд амин дэмээр баялаг луувангийн сироп бэлэн боллоо. Өдөрт 5 удаа тус бүр халбагыг уугаарай. Хоолноос 30 минутын өмнө уух ёстой шүү.