Алдартай бүсгүйчүүд хүүхдээ төрүүлсний дараа хэрхэн хэвийн жиндээ очсон тухайгаа хуваалцжээ

Эмэгтэй хүн бүр хүүхэд тээж, жирэмслэх үедээ их хэмжээгээр жин нэмдэг. Харин хүүхдээ төрүүлсний дараа турах, буцаад хэвийн жиндээ очно гэдэг амаргүй даваа. Гэтэл 3,4 хүүхэд гаргасан ч, гоолиг сайхан бие галбираа хэвээр авч үлддэг алдартнууд өөрсдийн нууцаасаа хуваалцжээ.

Женнифер Лопез

Дуучин бүсгүй фит биеэрээ гайхагддаг нэгэн. Тэрээр төрснийхөө дараа хэсэг хугацаанд ойрын зайд алхалт хийж, бага багаар биеэ хөдөлгөөнд дасгаж эхэлсэн байна. Удалгүй холын зайд гүйж, сэлэлтээр хичээллэхийн хажуугаар дугуй унахаа ч мартсангүй. Харин түүний урсгасан хөлсний хэмжээгээр бие галбир нь цэгцэрч, буцаад өөрийн хэмжээндээ орж чадсан байна.

Холли Берри

Жүжигчин бүсгүй маань Нахла охиноо төрүүлэхдээ 17 кг жин нэмсэн байна. Гэсэн ч удалгүй улаан хивсний ёслол дээр өнөөх л төгс төгөлдөр бие галбиртайгаар гарч ирсэн нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж байв. Түүний хувьд хооллолт маш чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Ойр ойрхон бага багаар хооллож байсан бөгөөд хамгийн гол нь шарсан хуурсан хоолноос татгалзаж, өвс ногоог голцуу хэрэглэж байжээ.

Алессандра Амброзио

Тэрээр хооллолтондоо маш их анхаардаг бөгөөд багаар эрүүл хооллодог. Мөн дасгал хөдөлгөөн хийж, иогоор хичээлэхээ ч мартаагүй. Загвар өмсөгч бүсгүй маань хүүхдээ төрүүлээд, ердөө хэдхэн сарын дараа гэхэд тайзан дээр тансаг биеэрээ гайхуулж, алхаж явсан билээ.

Мэрайя Кэри

Мэрайя Кэри ихэр хүүхдээ төрүүлсний дараа 30 кг жин нэмсэн. Тэрээр бага багаар жингээ хасч эхэлсэн бөгөөд түүнд багагүй хугацаа шаардагдсан аж. Өөрийгөө хэт хүчилж яарахын оронд эхлээд биеэ тэнхрүүлж аваад, турах ажилдаа ханцуй шамлан орсон байна.

Бейонсе

3 хүүхдийн ээж болсон ч Бейонсе халуухан биеэрээ залуусын харцыг булаасан хэвээр. Дуучин бүсгүй хүүхдүүдээ өөрөө хөхүүлж, үүгээрээ жин хассан хэмээжээ. Хүүхдээ сайн хооллож хөхүүлснээр түүний жин ч багасч эхэлсэн байна.

Риз Виттерспун

Гурван хүүхэд төрүүлсэн жүжигчин бүсгүй нь бага хүүхдээ гаргасны дараа турах гэж багагүй зовсон тухайгаа хуваалцжээ. “Нас ахих тусам турахад хүндрэлтэй болж ирдэг. Тиймдээ ч надад амар байгаагүй. Эхэндээ өөрийгөө арчилж тордож, биеэ тэнхрүүлж авсан. Дараа нь толинд өөрийгөө хараад л одоо цаг нь болжээ гэж бодсон. Өглөө эртлэн босч гүйгээд, иогт ч яваад, ууланд их алхдаг байсан. Мэдээж хоололт хамгийн чухал. Эрүүл хооллож, өөрийгөө ёстой л усаар усласан даа” хэмээсэн байна.

Хайди Клум

Загвар өмсөгч хүний хувьд хамгийн үнэ цэнэтэй зүйл бол бие галбир. Тиймээс төрсний дараагаас эхлэн буцаад хэвийн жиндээ очихын тулд хичээх хэрэгтэй болсон. Тэрээр архи, цагаан талх, зарим цардуултай хүнс, эрүүл бус ханасан болон транс тос зэргийг хөргөгчнөөсөө гарган хаяж, үүний оронд цэцэгт байцаа, хулд загас, тахиа, самар, мөөг, өндөгний цагаан, шош зэргийг түлхүү идэх болсон байна. Мэдээж үүн дээр нэмээд эцсийн хүчээ барагдтал дасгал хийж байсан тухайгаа тэрээр хуваалцжээ.

Ким Кардашян

Хүн хүн өөрийн гэсэн аргаар турдаг. Кимийн тухайд Аткинсийн дэглэмээр турсан байна. Түүнд тус дэглэм маш сайн тохирч, 30 кг жингээс салахад тусалжээ.

Жессика Симпсон

Жессикагийн тухайд төрснийхөө дараа турах гэхээс илүү хөдөлгөөнтэй байхын тулд өдөр бүр алхаж эхэлсэн байна. Тэрээр өдөрт 6,000-10,000 алхам алхаж, заримдаа гүйх болсон аж. Ингэснээр түүний жин бага багаар буурч эхэлжээ.

Женнифер Гарнер

Хамгийн сонирхолтой байдлаар турдаг хүмүүсийн нэг бол Женнифер. Тэрээр анхны хүүхдээ төрүүлсэн цагаас эхлэн хүүхдүүдтэйгээ тоглож, тэдэнтэй хөөцөлдөж гүйж, өдөржин хамт тэднийг дагаж явсаар турдаг зуршилтай болчихсон. Жүжигчин бүсгүй анхны хүүхдээ төрүүлээд ердөө 2 сарын дараа гэхэд л буцаад хэвийн жиндээ оччихсон байсан гэхээр энэ арга үнэхээр үр дүнтэй мэт.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!