Хүний хуриманд уригдсан бол эдгээрийг хэрхэвч хийж болохгүй

Хурим бол хүний амьдралд ганц л (зарим хүмүүст хэд ч тохиож мэднэ л дээ) тохиох тусгай үйл явдал. Энэхүү арга хэмжээнд уригдсан бол та хэдийгээр хүндэт зочин ч гэлээ тухайн хуримыг хувийн зүгээс хүндэтгэх үүрэгтэй. Зочдын бүдүүлэг үйлдлүүдээс болж хэд хэдэн хурим онцгүй болж байсныг би мэднэ. Тиймээс дараах зүйлсийг сануулж байна.

1. Хэт эрт ирэх

Цаг барих сайн зүйл боловч хуримын ёслол, хүлээн авалт эхлэхээс 30 ба түүнээс дээш минутын өмнө ирэх нь бүдүүлэг бөгөөд зохимжгүй. Нэгэнт эрт ирсэн бол ресторанд биш харин машин дотроо эсвэл ойрхон кофе шопд ороорой.

2. Хэт орой ирэх

Хуримын хүлээн авалтын ёслол эхлэхээс 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстой. Хоцорч очихоор бол хосууд болон зохион байгуулагчдад урьдчилан мэдэгдэх.

3. Юм захиалах

Ихэнх хуриманд нэг хүний менюнд хангалттай уух зүйлс болон зууш, зоог, десерт багтсан байдаг. Нэмэлтээр та ус болон ундаа авч болох хэдий ч согтууруулах ундаа (граммаар болон бүтэн шилээр нь), хоол, тусгай хоол захиалах хэрэггүй. Энэ нь мөн л бүдүүлэг занд тооцогдох бөгөөд ширээний чинь зочдод таалагдахгүй л болов уу.

4. Илт бүдүүлэг авирлах

Ганц бие бүсгүйчүүд сүйт бүсгүйн шидсэн цэцгийг шүүрч авах нь гайхалтай азтай хэрэг боловч цэцэг авахын тулд хэт улайрах, хүмүүсийг дайрч унагаах, хойноос нь хөөцөлдөх зэрэг нь зохимжгүй. Мөн ширээний зочид руу муухай харах, онцгүй сэтгэгдэл төрүүлэхүйц ямарваа нэг үйлдэл хийхийг тэвчээрэй.

5. Хосуудад “Алтан хошуу” өргөх

Хуримын үеэр ямар нэг зүйл буруу санагдвал юун түрүүнд хуримлагч хосуудад дуулгахаас түр азна. Тэртэй тэргүй энэ чухал өдрөө бодож төлөвлөж, санаа зовж хэдэн өдөр нойргүй явсан нь тодорхой. Магадгүй хуримын үеэр ч толгой нь түмэн бодлоор дүүрэн суугаа биз. Тиймээс хүмүүсийн хов жив, дэмий яриа болон бусад сөрөг зүйлсийг тэдэнд хэлэлгүй, үнэхээр шаардлагатай бол хурим зохион байгуулагч болон бусад гэр бүлийн хүмүүст мэдэгдээрэй.

6. Гомдоллох

Хуримын хоол, тайз засалт, дууны сонголт, гэрэлтүүлэг гээд л олон зүйл танд таалагдахгүй байж болно. Гэхдээ та энд зочин нь гэдгээ санаж ямар нэг гомдол мэдүүлж, хүүхэд шиг авирлаж болохгүй шүү.

7. Уйдсан, залхсан царай гаргах

“Бүх зүйлд сэтгэл тавьж, эерэг сэтгэл хөдлөлтэй хандах нь амжилттай байхын үндэс” гэж үг бий. Энэ бол хурим, харин оршуулга биш. Тиймээс гунигтай, залхсан царай гаргаж хуримын наастрыг унагаах хэрэггүй.

8. Тохиромжгүй хувцаслах

Хувцаслалт бол тухайн хүнийг тайлбарлаад өгөх бэлээхэн код болохоос гадна хүнийг хүндэлж буйн илрэл. Хуриманд очиж байгаа бол та албан ёсны, бага зэрэг чамин, хүлээн авалтын байдлаар хувцаслах хэрэгтэй. Эсвэл үндэсний хувцсаа өмсөж болно. Хуриманд очихдоо хэзээ ч битгий хайш яайш, бэлтгэлийн хослолтой, үрчийж өнгөө алдсан болон бохир хувцастай очоорой. Бүх хүний нүд тань дээр тусах болно гэдгийг сана.

9. Бэлэггүй очих

Хэрвээ таны зориулж бэлдсэн бэлэг хүндэтгэх шалтгааны улмаас хуриманд амжиж бэлэн болохгүй бол тайлбарлаж хэлэх хэрэгтэй, эсвэл урьдчилж мэдэгдээрэй. Үүнээс бусад шалтгаанаар бол хэзээ ч гар хоосон очиж болохгүй.

10. Хэт их уух

“Нанчилдаангүй найр гэж үгүй” гэдэг үг тэртээ ард хоцорчээ. 21-р зуунд хуриманд уригдсан хүн “тасрах”, бөөлжих, агсам тавих, зодоон үүсгэх нь байж болшгүй үйлдэл. Үүнээс тань болоод хуримлагч хосуудын сэтгэлд сэв сууж мэднэ. Иймээс уух зүйлээ тааруулж, биеэ зөв авч яваарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!