Эмэгтэйчүүдийн эмч нарын дургүйцлийг хүргэдэг 8 зүйл
Эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил хамгийн хэрэгтэй, нарийн мэргэжил боловч хүн бүхэн хүсээд хийж чадах зүйл биш. Ялангуяа тэд эмэгтэйчүүдийн хамгийн “нууц хэсэг”-тэй ажилладаг учраас янз бүрийн л ааштай өвчтнүүд, үйлчлүүлэгч нартай нүүр тулах хэрэг гарна. Үүнээс үүдээд үл ойлголцол хүртэл үүсдэг гэнэ.
1. Юун түрүүнд ариун цэвэр!
Ихэнх эмэгтэйчүүд уулзалтын цагаасаа өмнө хувийн ариун цэвэртээ сайн анхаардаг боловч зарим нь хэд хоног усанд ороогүй, бохир дотуур хувцастай, эсвэл дотуур хувцас нь сайн агаар нэвтрүүлдэггүй материалаар хийгддэгээс болоод таагүй үнэр ялгаруулдаг. Үүнд эмч нар маш их бухимддаг гэнэ шүү.
2. Нөхрөө заавал хамт авч орох гэж зүтгэдэг
Бүсгүйчүүд минь дээ! Энэ чинь төрөх өрөө биш, зүгээр л эмэгтэйчүүдийн үзлэгийн өрөө шүү дээ. Эрэгтэй хүн хажууд нь байхад элдэв асуулт асуух, үзлэгээ нарийвчлан хийж чадахгүй байх хүртэл хүндрэл тулгардаг гэнэ. Хамгийн гол нь нөхрүүд нь тэр өрөөнд өөрийн хүслээр биш харин эхнэрийнхээ хүсэлтийн дагуу хүчээр сууж байдаг нь өрөвдөлтэй.
3. Товлосон цагаа цуцалсан гэдгээ хэлдэггүй
Энэ бол хувь хүний соёлтой холбоотой асуудал. Таны очих байсан цагт өчнөөн олон тулгамдсан асуудалтай эмэгтэйчүүд эмчдээ үзүүлж асуудлаа шийдэж болох байсан, эсвэл эмч тань өдрийн цайгаа тухтай уух байсан гэдгийг ч бодолцоорой.
4. Бэлгийн амьдралын шийдлээ эмчид найдах
Зарим бүсгүйчүүд их стресс болон төрөлтөөс үүдээд бэлгийн дур хүсэлгүй болсон байдаг бөгөөд үүнийгээ эмчид үзүүлмэгц л шийдэгдэнэ гэж боддог. Энэ бол зөв оношилгоо, сэтгэл зүйн бэлэн бөгөөд тайван байдал, хамгийн чухал нь хугацаа орох асуудал. Үүнийг сайн ойлголгүй, шүдний эмчээс нэхдэг шигээ шууд үр дүнг шаарддаг нь тэдэнд маш хэцүү санагддаг байна.
5. Хэтэрхий үсэрхэг байх
Энэ нь хэдийгээр тийм чухал асуудал биш ч гэлээ эмчийг үзлэг хийхэд саад болох тохиолдол байдаг. Тиймээс цаг үеийг мэдэрч, хувийн бэлтгэлээ сайн базааж байх нь хэн хэндээ хөнгөн тусна гэдгийг анхаараарай.
6. Бодит байдлыг нуун дарагдуулах
Ууж байгаа эм, хийлгэж байгаа бусад эмчилгээ болон бэлгийн амьдрал, ямарваа нэг өвчний шинж тэмдэг, зовиуртай байдал, тэр ч бүү хэл өмнө нь эмэгтэйчүүдийн мэс ажилбар хийлгэсэн эсэхээ эмчээс нуух нь цаашид эмчилгээ амжилттай болоход сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эмчээсээ юу ч битгий нууж, асуусан асуулт болгонд үнэн бөгөөд дэлгэрэнгүй хариулахыг хичээгээрэй.
7. Тэднийг үл хүндлэх
Ямар ч эмч таны өвчнийг зөв илрүүлж, үр дүнтэй эдгээх зорилготой ажиллаж байдаг учраас тэднийг цаг ямагт хүндэлж, үл ойшоохийг түр хойш нь тавиарай.
8. Жирэмснээс хамгаалах эм
Жирэмснээс хамгаалах эм болон бусад арга бүхэнд ямарваа нэг сул тал бий: таргалуулах, хоолны дуршил ихэсгэх эсвэл багасгах, нүүрээр юм гарах гэх мэт. Үүнээс болоод эмчийн жороор олгосон эмээ дур мэдэн зогсоодог. Харин эмээ дур мэдэж тасалсны сул тал нь хүсээгүй жирэмслэлт гэдгийг ихэнх эмэгтэйчүүд жирэмсэн болсныхоо дараа л ойлгож байгаа мэт байдаг нь тоогүй. Үүнээс үүдээд үр хөндөлтийн асуудал яригдаж, байдал бүр л дорддог. Тиймээс эм үнэхээр тохирохгүй байгаа мэт санагдвал заавал эмчтэйгээ ярилцаж, өөр аргаар орлуулж болно.