Диана гүнжийн хэрэглэж байсан үнэт эдлэлүүд өдгөө хэнд өвлөгдөж очсон бол?

Гүнж Диана бол зөвхөн Их Британи гэлтгүй дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татсан нэгэн байсан. Түүний өмссөн зүүсэн бүхэн олны хараанд өртөж, хийсэн үйлдэл бүхэн сонин дээр залардаг байв. Гүнжийн эдлэж хэрэглэдэг байсан үнэт эдлэлүүд бүгд түүний зан төрх байдлыг илэрхийлж, яг л түүнд зориулж бүтээсэн мэт тэгж төгс тохирдог байсан билээ. Тэгвэл хамтдаа түүний эдлэж хэрэглэж байсан хамгийн алдартай үнэт эдлэлүүдийн тухай мэдэж авцгаая.

Индранил ба алмаазан сүйн бөгж

Хунтайж Чарльз, Диана гүнж нарын сүй тавих ёслолд зориулж, Английн хамгийн тансаг үнэн эдлэлийн ордонд тус индранил, алмаазан сүйн бөгжийг захиалгаар хийлгэж байжээ. Цэнхэр зууван цейлон индранилыг 14 солитер алмазаар хүрээлэн чимэглэж бүтээсэн тус бөгжийг 1840 онд хатан хаан Викториягийн хуримын бэлэг болгож авсан бөгжнөөс санаа авч урласан байна.

Харин тус алдартай бөгжийг 2010 онд ханхүү Виллиам гүнгийн авхай Кейт Миддлетонд сүйн бөгж болгон ядам хуруунд нь зүүж өгсөн аж.

Индранил ээмэг

Диана гүнжийн хуримын ёслолд баяр хүргэж, тухайн үеийн Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Фахд гүнжид үнэт эдлэлийн цуглуулга бэлэглэж байжээ. Тус цуглуулганд индранил зүүлт, ээмэг, бөгж зэрэг багтаж байв. 80-90-ээд оны үед гүнж эдгээр хослолыг олон арга хэмжээнд зүүж оролцож байсан бөгөөд өдгөө тус үнэт эдлэл нь ханхүү Виллиамын өвлөн авсан хөрөнгөнд багтдаг. Харин 2019 онд Кейт Миддлетон цуглуулганы индранил ээмгийг зүүсэн байсан нь багагүй шуугиан тарьсан билээ.

Эрвээхий хэлбэрт ээмэг

Наяад оны дундуур Канадад айлчлах үеэр Диана гүнж алтан зүүлт, ээмэгний хослол зүүсэн байсан нь олны харцыг булаасан. Ээмэг, зүүлт нь алтаар бүрхэгдсэн бөгөөд дээрээ алмаз шигтгэж өгсөн байв.

30 гаруй жилийн дараа Сассексийн гүнгийн авхай Меган Маркл ханхүү Харрид хадгалагдаж байсан энэхүү үнэт эдлэлийг зүүж, нөхрийнхөө ээжид хүндэтгэл үзүүлсэн билээ. Меган Маркл Австралид айлчлах үеэр тус ээмгийг зүүсэн бөгөөд тухайн үед тэрээр бие давхар болсноо зарласан аж.

Дөрвөн эгнээ Япон сувдан чокер

“Garrard: The Crown Jewellers for 150 Years” номонд бичсэнээр, Хатан хаан Элизабет 1975 онд Японд анх удаа төрийн айлчлал хийх үед Японы засгийн газраас түүнд тусгайлан энэхүү сувдан чокерыг хийлгэж бэлэглэсэн байна. 4 эгнээ сувд, гол хэсэгт байрлуулсан очир алмааз бүхий чокерыг 1982 онд Нидерландад хийсэн төрийн айлчлалын үеэр Диана гүнж зүүсэн байгаа нь хэвлэлийнхний дуранд өртсөн билээ.

Харин энэхүү тансаг хийгээд үнэ цэнэтэй зүүлт өдгөө гүнгийн авхай Кейт Миддлетонд очжээ.

Алмаз, тэнгисийн сувдан ээмэг

Диана гүнж 90-ээд оны үед энэхүү үнэт эдлэлийг цөөнгүй удаа зүүж, олон нийтийн арга хэмжээнд оролцож байсан. Ээмэг нь очир алмаазаар бүрхэгдсэн, дугуй хэлбэртэй бөгөөд доош унжсан сувд нь аргагүй л ээмэгний үнэ цэнэ хийгээд сүр барааг нэмэгдүүлэх аж.

Бусад үнэт эдлэлүүдийн адил тус ээмэг ханхүү Виллиамд өвлөгдөж очсон бөгөөд 2019 онд Кейт Миддлетон “BAFTA” шагнал гардуулах ёслолд тус алдартай гоёл чимэглэлийг тансаг даашинзтайгаа тохируулан зүүж ирсэн билээ.

Тэнгисийн бэлзэг

Энэхүү бөгжийг Диана гүнж ханхүү Чарльзаас салсны дараа зүүж, олны өмнө гарч ирсэн. Тус бөгж нь жижиг очир алмааз, 24 каратын алтаар чимэглэгдсэн бөгөөд гайхалтай номин маргад эрдэнээр хийгдсэн.

Кенсингтоны ордны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр, хунтайж Харрид өвлөгдөж очсон тус үнэт эдлэлийг гүнгийн авхай Меган Марклд хуримын бэлэг болгон өгсөн байна. Сусексийн гүнгийн авхай хуримынхаа өдөр тэнгисийн бэлзэгээр хуруугаа чимсэн билээ.

Хос эрдэнийн чулуут алтан бугуйвч

Хоёр төгсгөл хэсгийг нь гоёмсог чулуугаар чимэглэсэн энэхүү алтан эдлэлийг Диана гүнж хэд хэдэн удаа зүүж байсан. Анх 1990 онд гүнж тус бугуйвчийг Гиннесийн түншлэлийн удирддаг ахмад настны асрамжийн газар болох “Лорд Гейж” төвийн ёслолын ажиллагаанд оролцох үеэр зүүж байжээ.

Тэгвэл энэхүү бугуйвч өдгөө гүнгийн авхай Меган Марклийн мэдэлд байх бөгөөд тэрээр үүнийг цөөнгүй удаа зүүж, олны анхаарлыг татаад амжсан.

“Lover’s Knot” титэм

Энэхүү титмийг 1913 онд урласан бөгөөд алмаз эрдэнээр шигтгэж гоён, зангилаа үүсгэсэн бүтээл юм. Үүнд мөн 19 ширхэг барокко сувдыг суулгаж өгснийг дурдах хэрэгтэй болов уу. Тус титэм нь Диана гүнжийн хамгийн ихээр нандигнадаг үнэт эдлэл болж хувирсан бөгөөд гүнж нэр хүндтэй арга хэмжээнд оролцохдоо энэхүү титмийг зүүдэг байв. Кембрижийн гүнгийн авхай Кейт ч мөн өдгөө тус титмийг төрийн айлчлал, томоохон арга хэмжээнд энэхүү титмийг зүүж, хүндэтгэл үзүүлдэг байна.

7 эгнээ индранил ба сувдан зүүлт

Хатан хаан Элизабетийн Диана гүнжид хуримын бэлэг болгож өгсөн өөр нэгэн үнэт эдлэл бол энэхүү 7 эгнээ бүхий индранил, сувдан зүүлт юм.

1994 онд Ханхүү Чарлезийг өөр бүсгүйтэй янаг амрагийн холбоотой болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ид шуугиж байх үед Диана гүнж үдэшлэгт оролцох хэрэгтэй болсон. Хүн бүр түүнийг ямар харагдах бол, хэрхэн хувцаслаж ирэх бол хэмээн хүлээж байсан нь гарцаагүй. Харин гүнж дэндүү эрхэмсэг хийгээд үзэсгэлэн төрхөө ил гаргасан тус даашинзыг Хатан хааны бэлэглэсэн зүүлттэй хослуулан өмсөж ирсэн нь өнөө хэр нь хүмүүсийн дунд яригддаг. Түүний тус өдрийн хувцаслалтыг “Өшөө авалтын даашинз” хэмээн нэрийдсэн байдаг билээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!