Араар тавилтын дараа амьдрал хэрхэн өөрчлөгддөг вэ?

Ерөнхийдөө бол эхнэр нөхөр, найз залуу, бүсгүй хоёрын хэн нэг нь хуурсан тохиолдолд хоёрхон сонголт л үлддэг. Харилцааг төгсгөх эсвэл хичээгээд үргэлжлүүлэх. Гэвч хүн хүний зан араншингийн онцлог, амьдралд хандах хандлагаас хамаарч хосууд үүнийг янз бүрээр даван туулдаг байна. Араар тавилтын дараа 5 янзын өөр арга хэрэглэж, харилцаагаа үргэлжлүүлж буй 5 зочны яриаг хүргэж байна.

1. “Бид олон эмчилгээнд явсан” – 37 настай С.

Би нөхрийнхөө утсан дээрээс өөрсдийнхөө хамт авахуулсан зургийг хайж байгаад өөр эмэгтэйн зураг олж, намайг хуурч байгааг нь мэдсэн. Нөхөр ч гэсэн тэр бүсгүйтэй бүтэн жилийн турш холбоотой, уулзаж байгаагаа удалгүй хүлээн зөвшөөрсөн юм. Мэдээж надад тэнгэр хөмрөх шиг л санагдсан. Гэхдээ бид мэргэжлийн туслалцаанд найдаж 7 хоногт нэг удаа очдог хосын эмчилгээнд явж эхэлсэн юм. Нөхөр ч нөгөө эмэгтэйгээ мартаж, уулзахаа больж, бидний харилцаа ч аажмаар сэргэж байгаа. Тэр худлаа хэлэхээ больж, зөвхөн надад бүх цагаа зарцуулах болсонд нь баяртай байна.

2. “Бид завсарлага авахаар шийдсэн” – 33 настай Ж.

Манай ажлын залуу бид хоёр хэд хэдэн удаа уулзчихсан байлаа. Гэвч би үүндээ маш их харамсаж, нөхөртөө бүгдийг нь хэлчихсэн. Буруугаа хүлээж, ахиж ийм зүйл болохгүй гэж амласан. Нөхөр маань сэтгэлээр их унаж, гэрээсээ явж, салмаар байгаагаа хэлсэн. Тухайн үед тэгээд 3 сар тусдаа амьдарч байсан юм байна. Энэ хугацаанд би олон ч зүйл эргэцүүлж түүнийг эргүүлж авчрах аргаа бүгдийг нь хэрэглэж, тэр ч эргэж ирсэн. Завсарлага бидэнд сайнаар нөлөөлсөн гэж бодож байна.

3. “Хэн хэн нь араар тавьсан” – 38 настай П.

Эхлээд би хуурсан, дараа нь тэр хуурсан. Хэн хэнээсээ уучлалт гуйсны дараагаар бид 15 жилийн гэрлэлтээ эргэн санацгааж, мэргэжлийн хүнээс тусламж авсан. Бүхэл бүтэн 6 жилийн хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд бидний харилцаа урьдынхаасаа ч илүү халуухан болсон юм.

4. “Юунаас ч илүү хайр сэтгэлдээ л найдаж байлаа” – 40 настай Д.

Эхнэр бид хоёр 10 жил хамт амьдарсан, өмнө нь ямар ч асуудал гарч байгаагүй. Гэтэл нэг өдөр ажлынхантайгаа зугаалганд яваад нэг бүсгүйтэй хамт хоночихсон. Ахиж тэр бүсгүйтэй огт холбогдоогүй. Дотроо гэмшээд л яваад байсан би гэдэг хүн хэдэн сар чимээгүй байсны эцэст эхнэртээ үнэнээ хэлж, чин сэтгэлээсээ харамсаж байна, ахиж ийм явдал хэзээ ч гарахгүй гэж амласан. Тэр эхэндээ уурласан ч, нүд рүү минь хараад “Би чамдаа хайртай шүү” гэж хэлсэн юм даа. Одоо бид хэнээс ч илүү жаргалтай амьдарч байна.

5. “Би одоо ч хичээсээр л байна” – 26 настай Д.

Хэрвээ нөхөр чинь чамайг хуурсан л бол чи шууд юмаа баглаад яваад өгөх ёстой гэж олон хүнээс сонсож байлаа. Гэвч яг өөрийн толгой дээр ирэхээр түүн шиг хэцүү зүйл үгүй юм билээ. Бидний хурим болсноос ганцхан долоо хоногийн дараа нөхөр маань надаас өөр бүсгүйтэй “явдаг”-ийг мэдсэн юм. Нөхрийн маань инстаграм дээр нэг охин байнга л сэтгэгдэл бичдэг байсан бөгөөд удалгүй намайг олж ирж уулзаад түүнтэй бүтэн 6 сарын турш үерхэж байгаагаа хэлсэн.

Би амьдралдаа үүнээс том цохилт авч үзээгүй. Хаяад явмаар байсан ч хэдхэн хоногийн өмнө нижгэр хурим хийчихээд юу юугүй саллаа гээд яваад өгөх нь ичгэвтэр биш гэж үү? Одоо ч би шокноосоо гараагүй л байна. Харин нөхөр маань намайг янз бүрээр ятгаж, түүнтэй уулзахаа больсон, ахиж хэзээ ч хуурахгүй, хамтдаа амьдралаа бүтээе гэж хэлсээр л байгаа. Хаяад явчихгүй ч сэтгэл минь тогтож өгөхгүй хэцүүхэн л байна. Магадгүй нэг л өдөр түүнийг бүрэн уучилж, сэтгэлээ онгойлгох зоригтой болох биз ээ…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!