Жирэмсэн үед хэрхэвч идэж болохгүй 10 хүнс

Та одоо өөрөөсөө гадна бас нэгэн хүнийг тээж яваа учраас хөдөлгөөн, хоол унд, бодол сэтгэлгээ, уншиж, сонсож, үзэж харж буй зүйлсээ хүртэл эерэг тал руу нь өөрчлөх цаг иржээ. Бие давхар үед хамгийн их анхаарах ёстой зүйл бол нэгдүгээрт өөдрөг бөгөөд тайван амгалан байх, хоёрдугаарт шим тэжээлтэй хориглогдоогүй хоол хүнс хэрэглэх явдал юм. Харин та дараах хүнсийг жирэмсэн байхдаа огт хэрэглэж болохгүй, эс тэгвэл хүүхдэд аюул учрах болно.

1. Түүхий загас

Хэрвээ та далайн бүтээгдэхүүнд дуртай бол түр азнаарай. Түүхий хясаа, наймаалж, сүши, утсан, хатаасан загас тэргүүтнийг нэн түрүүнд хориглоно. Түүхий загасанд ус, хөрсний бохирдол ихээр шингэсэн байдаг тул урагт шууд хүрч, элдэв гажиг, тархины сааталтай хүүхэд төрөх аюултай.

2. Дутуу болгосон мах, лаазалсан махан бүтээгдэхүүн

Дутуу болголттой стейк болон бусад махан хоол, лаазалсан махан бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх зэрэг нь тархины гажигтай, харааны бэрхшээлтэй, саажилттай хүүхэд төрүүлэх үндэс болно. Түүнчлэн хотдог, кебаб зэрэг түргэн хоолнуудыг ч болж өгвөл байнга битгий ид. Дэлгүүрийн зориулалттай хадгалж байдаг тул сайтар болгоогүй байх нь элбэг.

3. Түүхий өндөг

Жирэмсэн үед түүхий өндөг идсэнээр сальмонеллийн халдвар авах өндөр магадлалтай бөгөөд халдварын шинж тэмдэг нь бөөлжих, толгой эргэх, ходоод базалж өвдөх, гүйлгэх зэрэг юм. энэхүү халдвар нь ходоод, нарийн гэдэсний үрэвслийг үүсгэдэг цочмог халдварт өвчин бөгөөд дутуу болгосон өндөг, гэр аргаар хийсэн майонез зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөе.

4. Малын дотор гэдэс

Малын дотор гэдэс нь төмөр, витамин В12, витамин А, цинк, зэс зэрэг эх болон урагт ашигтай олон витаминыг агуулдаг боловч ялангуяа витамин А-ийн хэмжээг хэтрүүлвэл ургийн эд эрхтний гажиг болон зулбалт үүсгэх аюултай.

5. Каффейн

Зөвхөн кофе ч биш, ногоон цай, хар цай, хийжүүлсэн ундаа, энергийн ундаа, зарим шоколаданд хүртэл каффейн агуулагддаг. Жирэмсэн эмэгтэй өдөрт 200 мг-аас ихгүй каффейн хэрэглэж болох заалттай. Каффейн нь ямар нэгэн дамжлагагүйгээр эхэст маш хурдан шингэж очдог бөгөөд эхэст каффейныг шүүх үндсэн фермент байдаггүй учраас өндөр тунгаар хуримтлагдаж урагт шууд нөлөөлдөг гэсэн үг. Жирэмсэн үеийн каффейны хэтрүүлсэн хэрэглээ нь ургийн жин багатай төрөх, дутуу төрөх (2,5кг-аас бага бол дутуу төрсөн гэж үзнэ), ургийн хөгжлийг саармагжуулах муу нөлөөтэй.

6. Түүхий ногоо

Зарим жимс ногоонд наалдсан нян бактерийг халуун давстай усанд сайтар дэвтээж угаах, эсвэл сайтар буцалгаж хэрэглэх хэрэгтэй байдаг. гэтэл зарим ногоог бид түүхийгээр нь салатанд хийж хэрэглэх тохиолдол бий. Ийм салатыг жирэмсэн ээжүүд болж өгвөл хэрэглэхгүй байх нь зөв.

7. Ямар ч жимс ногоог угаалгүй хэрэглэж болохгүй!

Бактериас гадна шимэгч хорхой хүртэл угаагаагүй жимс, ногооны гадаргуу дээр амьдарч байдаг. Нойтон салфеткиар арчих ч хангалтгүй. Заавал халуун усаар угааж, болж өгвөл давстай халуун усаар булхаж зайлах хэрэгтэй.

8. Түүхий сүү, бяслаг

Мөн л малын гаралтай бактери, шимэгч хорхой түүхий сүү, бяслаганд агуулагдаж байдаг тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.

9. Согтууруулах ундаа

Жирэмсэн үедээ архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг ээжүүдийн ураг зулбах, амьгүй төрөх нь элбэг. Хундага дарс хүртэл ургийн тархины хөгжилд шууд сөргөөр нөлөөлж байдаг. Жирэмсэн үед согтууруулах ундааны зөвшөөрөгдөх хэмжээ гэсэн зүйл байдаггүйг санаарай.

10. Түргэн хоол

Жирэмсэн үед “хоёр хүний хэмжээгээр хооллох” зарчим бол бүхэлдээ буруу ойлголт. Харин идэж буй хоол хүнснийхээ илчлэгийг бага багаар нэмэх хэрэгтэй. Жирэмсний эхний 3 сард энгийн иддэг шигээ, хоёр дахь 3 сард өдөрт 350 кл илүү тэжээллэг хүнс хэрэглэх, сүүлийн 3 сард өдөрт 450 кл илүү тэжээллэг хүнс хэрэглэх хэрэгтэй. Энэ нь ердөө 3 гадил, эсвэл 5-6 ширхэг бүхэл үрийн жигнэмэг нэмж идэх хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн түргэн хоолонд сахар их, тэжээллэг чанар бага, өөх тос их орсон байдаг учир таргалуулахаас өөр шид үгүй. Тиймээс түргэн хоол бага хэрэглэхийг зөвлөе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!