Эмэгтэйчүүдийн тархи завгүй ажилладаг тул илүү их унтах ёстой болохыг судлаачид зөвлөж байна

Өглөөний цайгаа бэлтгэж байхдаа өдөр хийх ажлаа төлөвлөх, ширээгээ засч байхдаа утсаар ярьж зарим ажлаа зохицуулах, хүүхэд хооллож байхдаа орой ямар хоол хийхээ бодох, ажлаа хийж байхдаа хүүхдийнхээ гэрийн даалгаварыг хийлгэнэ гэхчлэн эмэгтэй хүмүүс үргэлж давхар ажиллаж байдаг. Энэ нь сайн, гайхалтай мэт санагдах ч эргээд тэднийг асар ихээр ядрааж, стрессд амархан оруулдаг байна.

Их Британийн “Loughborough” их сургуулийн судлаачид өдрийн турш тархиа хэдий чинээ их ажиллуулна тэр хэрээр сайн унтаж амарч байх хэрэгтэй хэмээжээ. Цаашлаад эмэгтэй хүмүүсийн тархи өдрийн турш маш завгүй ажиллаж, төрөл бүрийн бодолд дарагдаж, олон асуудал шийддэг тул зайлшгүй сайтар амарч байх ёстойг анхааруулсан байна.

“Эмэгтэйчүүдийн тархи эрчүүдээс илүү их ажиллаж, тун ч завгүй байдаг тул илүү их унтаж, тархиндаа амралт өгөх хэрэгтэй” гэж судалгааг хариуцагч профессор Жим Хорне онцолжээ.

Насанд хүрсэн хүн өдөрт 6-8 цаг унтахад хангалттай гэж үздэг. Энэ нь өдрийн турш ажиллаж, зарцуулсан энергиэ нөхөж авахад тохирох хугацаа хэмээдэг байна. Тэгвэл эмэгтэйчүүд илүүтэй ажиллуулсан тархиа эргэж сэргээж, биеийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд тэд эрчүүдээс дор хаяж 30 минут илүү унтах хэрэгтэй аж. Ингэснээр тэд сэтгэл гутрал, хэт их ядаргаа зэргээс ангид байх боломж бүрдэх юм.

Нойрны дутагдал нь эмэгтэйчүүдэд илүүтэй хүндээр нөлөөлдөг бөгөөд зүрх судасны өвчин, чихрийн шижин, сэтгэлийн хямрал, стресс зэрэгт өртөмхий болдог. Эмэгтэйчүүд тархины хэт их ачааллаас болж, нойронд муу болох, чимээнд мэдрэг болох, ойр ойрхон сэрэх гэхчлэн олон асуудалтай нүүр тулдаг байна.

Иймд бүсгүйчүүд тархиа ажиллуулдаг тэр хэрээрээ аль болох сайн унтах хэрэгтэй аж. Дор хаяж өдөрт 8 цаг унтах боломжийг өөртөө заавал гаргаж өгч байгаарай. Эс бөгөөс хэт ядарснаас болж, төрөл бүрийн биеийн болон сэтгэлийн өвчтэй болж мэдэх юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!