Өөрт төгс тохирох нэгнийг хайж олох биш, та өөрөө бүтээнэ: Харилцаагаа аз жаргалтай болгохын тулд хосууд эдгээрийг хийх ёстой

Хүн бүр л “өөрт тохирох зөв хүн”-ээ олох хэрэгтэй. Тэгсэн цагт л чи үлдсэн амьдралаа аз жаргалтай, хайр халамж дунд өнгөрүүлнэ хэмээн зөвлөдөг. Гэхдээ зөвхөн “зөв хүн”-ээ оллоо гээд хосуудын харилцаа үргэлж сайн сайхан байгаад байхгүй бөгөөд хэн хэн нь хичээж, харилцаан дээрээ ажиллаж байж л аз жаргал ирдэг болохыг сэтгэл судлаачид онцлоод байна.

Хэн хэн нь хосын харилцаанд ороод өөрчлөгдөж эхэлдэг

Хоёр өөр өөр газар өсч торнисон, өөр хүмүүжлээр өссөн, бүр өөр өөр үзэл бодолтой хүмүүс нэг дор байгаад эхлэхэд мэдээж асуудал олон тулгарна. Гэхдээ нэгэнт хосууд болсон бол хэн хэн нь өөрчлөгдөх шаардлагатай болдог. Тэд хамтдаа шинэ харилцаагаа бүтээж, үүндээ нийцүүлэн өөрсдийгөө өөрчилнө.

Жишээ нь хэн хэндээ хүлээцтэй хандаж сурах, нэгнээ халамжилж, хэнэггүй зан гаргахгүй байхыг хичээх, дуугаа хураахаас илүү ярилцахыг урьтал болгох, хамтдаа асуудлуудаа шийдвэрлэж байна гэхчлэн ганцаараа байхдаа хийдэггүй байсан зүйлсээ хостой болсны дараа хийх хэрэгтэй болно. Та тэр хүнд үнэхээр л хайртай бол, эдгээр өөрчлөлт таныг бухимдуулах биш харин ч хүн болгож байгаа мэт, аз жаргал руу хөтөлж байгаа мэт санагдана.

Өөр өөр зан чанартай хүмүүсийн харилцаа илүү сонирхолтой байдаг

Дотогшоо болон гадагшаа, өглөөний болон оройны, цэгцтэй болон хайнга гээд эсрэг тэсрэг зан чанартай хүмүүс хос болсон тохиолдолд нэгнийхээ дутууг нөхөж аз жаргалтай байж чаддаг.

Эсрэг цэнэгүүд таталцдаг гэдэг шиг тэд яг л арга билэг шиг хоорондоо зохицно.

Цаг хугацаа өнгөрөх тусам нэгэндээ гүн дурлана

Тэр магадгүй өнөөх зөв нэгэн нь биш байж болно. Энэ хүнтэй лав суухгүй, миний бодож мөрөөдөж явдаг, төсөөлөлдөө хардаг ирээдүйн хань минь биш байна гэж бодсон хүн хажууд тань байж дасгасаар хайртай болгочихож мэднэ.

Хажууд тань үргэлж байж, хүнд хэцүү, баяр жаргалтай цаг мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж, нэг л мэдэхэд очсон газар бүрт тэр хүний дурсамж үлдчихсэн, орчлонг түүнгүйгээр туулах боломжгүй мэт санагдана.

Хосуудын харилцаа эхэндээ маргаан ихтэй, нэгнийгээ сайн ойлгохгүй туниж гомдох зүйлс олон байх ч, цаг хугацаа өнгөрөх тусам харилцаа нь илүү бат бөх болдог.

Эрүүл маргаан илүү дээр харилцааг бий болгодог

Маргаангүйгээр хосуудын харилцаа хөгжин дэвшиж, нэгнийгээ илүү сайн ойлгоно гэж үгүй. Тиймээс хоорондоо хэрэлддэггүй, муудалцдаггүй төгс байдлыг хүсч, тийм л хүнийг олно гэж хайж явбал та цагаа дэмий үрж байна гэсэн үг.

Муудалцаад ч хамаагүй өөрт ямар санагдаж байгаагаа хэлж, юунд гомдсоноо илэрхийлж, дахиж ийм байдал үүсэхгүй байхаар эвлэрнэ. Ингэж явсаар тэд жинхэнэ утгаараа хосууд болж эхэлдэг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!